Хайх

Давхар эрүүнээс ангижрах 5 арга

Давхар эрүүнээс ангижрах 5 арга

Хэрхэн эрүү, хацрын орчимд хуримтлагдсан өөхөн давхаргыг хайлуулж, арьсаа чангалах вэ?

Text: Buro.Mongolia


Эрүү болоод хацрын орчимд өөхөн давхарга үүсэх нь юуны түрүүнд хөгшрөлттэй холбоотой асуудал юм. Арьсан дахь байгалийн нөхөн сэргэх процесс удааширч, эд эсүүд тэжээл авах нь багасах үед арьс уян хатан, чанга байдлаа алдаж эхэлдэг. Тодруулбал арьс илүү хуурай болж, унжсанаар нүүрний хэлбэр өөрчлөгддөг билээ. "Давхар эрүү үүсэхэд мөн удамшил, илүүдэл жин нөлөөлөх магадлалтай ба нуруу хүзүүний булчин сулрах үед ч бас нүүрний хэлбэр өөрчлөгдөж болно" хэмээн Мильфей салоны гоо сайханч тайлбарлаж байна.

Криолиполиз Zeltiq

Криолиполиз процедур нь Zeltig нэртэй аппаратын тусламжтай хийгддэг бөгөөд энэхүү аппаратад давхар эрүүнд зориулагдсан тусгай жижиг хошуу бий. Хошуу арьсыг татан сорж, маш бага температураар ойролцоогоор 40 минутын хугацаанд нөлөө үзүүлж, илүүдэл өөхөн эд эсийг устгадаг. Үүний дараа процедурт хамрагдсан арьсны хэсэгт хаван үүсдэг ба эмч хөнгөн массаж хийдэг байгаа. Процедурын дараа мөн тухайн хэсэг хөхөрч, өвдөлт мэдрэгдэх өндөр магадлалтай. Эцсийн үр дүнг хагас жилийн дараа харах боломжтой. Криолиполиз нь ерөнхийдөө давхар эрүүнээс ангижрах хамгийн үр дүнтэй аргуудын нэгээр нэрлэгддэг тул ямар ч хүнд хэлбэрийн өөхөн давхаргатай тэмцэх чадвартай.

Давхар эрүүнээс ангижрах 5 арга (фото 1)

Ulthera System

Харин энэ процедур нь эсрэгээрээ дулааны нөлөөгөөр өөхөн давхаргыг устгадаг. "Арьс татаж, чангалах үйлчилгээтэй Ultherapy төхөөрөмж нь хэт авианы хяналтын системээр тоноглогдсон тул процедурын үйл явц дэлгэцэн дээр харагдаж, шаардлагатай бол ямар ч үед үйлчлүүлэгчийн арьсны хэрэгцээнд тохируулан аппаратын эрчмийг өөрчилж болдог" хэмээн GMTClinic эмнэлгийн арьс, гоо сайхны эмч тайлбарлалаа.

Ultraformer

Ultraformer аппаратаар хийгддэг энэ процедур нь харьцангуй шинэ үеийн процедур бөгөөд ойролцоогоор нэг цагийн дотор л хийгддэг. Энэ нь хамгийн эрсдэл багатай процедуруудын нэг юм. Хэрвээ таны эрүүний орчим нимгэн, унжсан арьс үүссэн бол энэ процедур нь хамгаас тохиромжтой байх болно. "Энэхүү аппарат нь уян хатан байдал ба тонусаа алдсан, мөн унжсан арьсанд зориулагдсан юм. Хэт авианы нөлөөгөөр хийгддэг уг процедурыг ямар ч насны хүн хийлгэх боломжтой ч, 35-аас дээш насны эмэгтэйчүүд дунд онцгой эрэлттэй байдаг" хэмээн Романов эрүүл мэндийн төвийн арьсны эмч хэллээ.

Давхар эрүүнээс ангижрах 5 арга (фото 2)

Массаж

Гараар хийгдэх массаж нь өөхөн давхаргыг "эвдэж", нүүрний булчинг чангалах чадвартай. Гэхдээ массажны үр дүн тухайн хүний арьсны зузаан ба чанга байдал, мөн арьсанд розацеа болон бусад эмгэг байгаа эсэхээс шалтгаална. "Массажны ачаар давхар эрүүнээс ангижрах бүрэн боломжтой ч, массаж хийхдээ нүүрний хөдөлгөөн болоод булчингуудын харилцан холбоог сайтар тооцоолох хэрэгтэй. Мөр ба хүзүүний булчин чангарах нь духанд үрчлээс үүсэж, нүүрний хэлбэр алдагдахад нөлөөлдөг тул бодит үр дүнд хүрэхийн тулд хүзүүний бүх булчинг суллаж, үүний зэрэгцээ нүүрний доод хэсгийн булчинг ажиллуулан чангалах хэрэгтэй" гэж Мильфей салоны гоо сайханч ярилаа.

Массажыг мөн тусгай тос, бальзамтай хослуулан хийвэл үр дүн нь илүү мэдэгдэхүйц байх болно.

Липолитикийн тарилга

Арьсны асуудалтай хэсэг руу липолитикийн тарилга хийснээр өөхөн давхаргыг задлах боломжтой. Процедурын үеэр өвдөлт мэдрэгддэг ба 10 гаруй удаа хатгуулах шаардлагатай болно. Мөн процедурын дараа хаван үүснэ. Тарилга хийлгэсний дараах эхний долоо хоногт маш их хэмжээний ус уух шаардлагатай ба процедурыг курсээр нь хийж, массажтай хослуулах хэрэгтэй.

цааш үзэх