Хайх

Тошико Окудатай хийсэн ярилцлага: Боломжийн үнэтэй арьс гүн чийгшүүлэгч Hada Labo-гийн нууц

Тошико Окудатай хийсэн ярилцлага: Боломжийн үнэтэй арьс гүн чийгшүүлэгч Hada Labo-гийн нууц

Брэндийн мэргэжилтэн арьс арчилгааны талаар зөвлөж байна

Text: Ө.Тодгэрэл


Боломжийн үнэтэй (ойролцоогоор 30,000 ₮) атлаа арьсыг маш сайн чийгшүүлэх чадвартай гэгддэг Hada Labo брэндийн чийгшүүлэгч тоникны талаар дуулаагүй хүн ховор байх. Энэ бүтээгдэхүүн нь Ази, Америк, Европ тивийн гоо сайхны блогерууд, хэвлэл мэдээллүүд, хэрэглэгчид дунд шуугиан дэгдээж, хүн бүрийн зайлшгүй туршиж үзэх хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийн нэг болсон юм. Хэрвээ судалж үзвэл гоо сайхны бүтээгдэхүүнд үнэлгээ өгдөг олон улсын вебсайтууд дээр хэрэглэгчид Hada Labo чийгшүүлэгч тоникыг өндрөөр үнэлсэн байдаг төдийгүй олон улсад 1.7 секунд тутам нэг тоник борлуулагддаг гэдэг. Тэгэхээр хэрэглэж эхэлмэгц арьсыг мэдэгдэхүйц хэмжээнд чийгшүүлэн уян хатан, зөөлөн болгодог гэх энэ бүтээгдэхүүн хямд үнээ үл харгалзан үнэхээр үр дүнтэй байж чаддаг болов уу? Мөн бусад бүтээгдэхүүнээс юугаар ялгардаг, найрлагад нь ордог гиалуроны хүчил ямар онцлогтой болох, ямар арьстай хүмүүст зориулагдсан гээд бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор бид Hada Labo брэндийн олон улсын бизнес хөгжлийн менежер Тошико Окудатай ярилцлаа.

Hada Labo брэнд Монголд нэвтэрснээс хойших маш богино хугацаанд өргөн хүрээний хэрэглэгчдэд хүрч чаджээ. Эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг бидний хувьд арьс чийгшлээ алдах асуудал хамгийн түгээмэл тул брэндийн бүтээгдэхүүнүүд ийнхүү манай зах зээлд амжилт үзүүлсэн болов уу. Тэгэхээр юуны түрүүнд Hada Labo-гийн арьс чийгшүүлэх нууц юунд оршдог юм бэ?

Hada Labo брэндийн гол онцлог бол мэдээж хэрэг гиалуроны хүчил юм. Бидний санал болгох цуврал бүрт, бүтээгдэхүүн бүрт гиалуроны хүчил өндөр хэмжээгээр агуулагддаг байгаа. Зарим цувралд бүр гурван төрлийн гиалуроны хүчил хослон ордог. Гиалуроны хүчил нь өөрөө маш гайхалтай орц бөгөөд 1 мг гиалуроны хүчилд 6 л устай дүйцэхүйц чийгшил агуулагдаж байдаг. Арьсыг чийгшүүлэхээс гадна үрчлээсний харагдах байдлыг багасгаж, арьсны нөхөн төлжих чадварыг сайжруулан хурдасгадаг. Иймээс таны хэлсэнчлэн дөрвөн улирал бүхий эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд маш тохирсон бүтээгдэхүүн юм.

Та бүгд Монголын зах зээлд нэвтрэхээс өмнө хэрэглэгчдийн арьсыг судалж үзсэн үү?

Тэгэлгүй яах вэ, бид анх Hada Labo брэндийг Монгол улсад нэвтрүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн зах зээлийн судалгаа хийж, хэрэглэгчдийн арьсан дээр туршиж үзсэн. Бидний явуулсан судалгаанаас харахад Монголчуудын арьс маш их хуурайшилттай байдаг ба хэрэглэгчид арьсандаа чийгшил өгөх бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байгаа нь илэрсэн. Монголд зах зээл байгааг харсны дараа бид хэд, хэдэн томоохон компаниудтай харилцаж үзсэний эцэст Монос группийг сонгоод 2016 оны аравдугаар сараас эхлээд албан ёсоор бүтээгдэхүүнээ нэвтрүүлж эхэлсэн.

Hada Labo-гийн бүтээгдэхүүнүүдэд гурван төрлийн гиалуроны хүчил ордог гэж та хэллээ. Ямар төрлүүд байдаг юм бэ?

Hada Labo брэндэд чийгшүүлэх, цайруулах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх гэсэн гурван арьс арчилгааны цуврал байдаг. Манай хамгийн алдартай чийгшүүлэх цуврал буюу хэрэглэгчдийн ярьж заншсанаар "цагаан өнгийн Хада Лабо" нь найрлагадаа гурван төрлийн гиалуроны хүчил агуулдаг онцлогтой. Тодруулбал дээр дурдсанчлан 1 мг-д 6 л ус агуулдаг энгийн гиалуроноос гадна хоёр дахин идэвхжүүлсэн супер гиалуроны хүчил, мөн арьсны гүн рүү нэвтрэх чадвартай жижгэрүүлсэн молекултой нано гиалуроны хүчил гэж бий. Энгийн гиалуроны хүчил арьсны өнгөн хэсэгт чийгшил өгдөг бол нано хувилбар нь арьсны хоёр дах давхар луу нэвтэрч, гүнээс нь чийгшүүлж өгдөг.



Гиалуроны хүчлийг тарилгын аргаар болон капсул хэлбэрээр хүлээн авах боломжтой байдаг. Харин арьс арчилгааны бүтээгдэхүүнээр дамжуулан арьсанд хангалттай гиалуроны хүчил нэвтрүүлэх боломжтой юу?

Hada Labo-гийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж авахын тулд ROHTO группийн судалгааны баг мянга гаруй орц найрлагыг боловсруулан тэр дундаас арьсыг хамгийн үр дүнтэйгээр чийгшүүлэх, гиалуроны хүчлийг нэвтрүүлэх шилдэг найрлагыг сонгож авсан. Тэр дундаа дэвшилтэт технологиор гаргаж авсан жижгэрүүлсэн нано хүчил нь арьсны гүн рүү нэвтэрч дотроос нь үйлчлэх бүрэн чадвартай. Үүнээс гадна Hada Labo-гийн цувралууд нүүр цэвэрлэгчээс эхлээд тос хүртэлх бүх үе шатны бүтээгдэхүүндээ гиалуроны хүчил агуулдаг тул чийгшлийн хувьд үр дүн өндөр байдаг.

Hada Labo-гийн үйлдвэрлэгчид энэ салбартаа хэр олон жил ажилласан туршлагатай вэ? Толгой компани ROHTO-гийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу.

ROHTO групп энэ онд 120 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Анх 1899 онд үүсгэн байгуулагдаж ходоодны эмийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд 10 жилийн дараа Монголчуудын сайн мэдэх ногоон савлагаатай V. Rohto нүдний дусаалга гаргасан. Харин 1975 онд Америкийн Mentholatum компанийг Rohto групп нь худалдан авснаар арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм.

Hada Labo брэндийн бүтээгдэхүүнүүд Японд үйлдвэрлэгддэг үү?

Тийм ээ. Бид Япон дах үйлдвэрээсээ шууд Монгол руу явуулдаг. Монголд Монос групп албан ёсоор нэвтрүүлдэг байгаа.

Гоо сайхны зах зээлд гиалуроны хүчил дээр суурилсан олон Япон бүтээгдэхүүн бий. Тэгвэл бусад брэндүүдтэй харьцуулбал Hada Labo ямар давуу талтай вэ?
 
Бусад брэндүүдээс ялгарах гол онцлог нь гиалуроны хүчлийн хэмжээ юм. Hada Labo бүтээгдэхүүнүүддээ их хэмжээний, олон төрлийн гиалуроны хүчил оруулдаг. Мөн найрлага дахь орц бүрийн дараалал их чухал. Бид олон жил судалсны эцэст шилдэг дараалал гаргасан.

Эргээд арьсны хуурайшилтын талаарх асуудлыг хөндөхөд Япон бүсгүйчүүдийн арьсаа чийглэг, залуу байлгах нууц нь юу юм бэ?

Би хувьдаа монгол бүсгүйчүүдийн арьсыг илүү гоё гэж хардаг. Мэдээж ихэнх япон бүсгүйчүүдийн арьс эрүүл, цэвэрхэн байдаг ч энэ нь юуны түрүүнд тухайн хүний өөрийн арьс арчилгаатай шууд холбоотой зүйл юм. Өөрийн арьсны онцлогт тохирсон, арьсныхаа тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзсан зөв бүтээгдэхүүн сонгон тууштай хэрэглэх нь их чухал. Япон бүсгүйчүүд өөрт таарсан бүтээгдэхүүнээ урт удаан хугацаанд үргэлжлүүлэн хэрэглэдэг онцлогтой. Ингэснээр магадгүй арьсаа олон бүтээгдэхүүнээр цочроодоггүй байх. Ер нь бүх л эмэгтэйчүүдийн хувьд өөрсдөө байнгын эрүүл арьстай байх хүсэл тэмүүллийнхээ ачаар хичээл зүтгэл гарган үзэсгэлэнтэй байдаг юм болов уу.

Тошико Окудатай хийсэн ярилцлага: Боломжийн үнэтэй арьс гүн чийгшүүлэгч Hada Labo-гийн нууц (фото 1)

Hada Labo-гийн бүтээгдэхүүн тухайн хүний арьсанд тохирох эсэхийг хэрхэн шийдэх вэ? Тослог, хуурай, холимог гээд арьсны төрлөөр хуваасан бүтээгдэхүүнүүд бий юу?

Манай бүтээгдэхүүнийг бүх төрлийн арьстай хүн хэрэглэж болдог. Тэр дундаа Hada Labo чийгшүүлэх цувралыг өсвөр насныхнаас эхлээд дээшээгээ насны хязгааргүй хүн бүр хэрэглэж болно. Мөн зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч бас хэрэглэх боломжтой. Японд гэр бүлээрээ Hada Labo хэрэглэдэг хүмүүс олон байдаг. Арбутинтай цайруулах цувралыг ч мөн насны хязгааргүйгээр хүссэн хүн бүр хэрэглэх боломжтой. Харин хөгшрөлтийн эсрэг цуврал нь 30-аас дээш насныханд зориулагдсан байгаа. Маш эмзэг арьстай хүмүүс Hada Labo-г хэрэглэхээсээ өмнө эхлээд арьсан дээрээ patch test хийж үзэхийг зөвлөх байна.

Тослог арьстай хүмүүс чийгшил өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэвэл арьс илүү тослогтоно гэсэн ташаа ойлголт заримдаа ажиглагддаг. Та үүнийг мэргэжилтний зүгээс тодруулж өгөхгүй юу.

Тослог маш ихээр ялгардаг арьс гэдэг нь арьсны өнгөн давхарга чийгшлийн дутагдалд орон маш ихээр хуурайшиж эхэлж байгаагийн нэгэн илрэл. Хуурайшилтын улмаас арьс өөрөө өнгөн давхаргаа чийглэх үүднээс тослогийг маш ихээр ялгаруулж эхэлдэг. Тэгэхээр арьсыг гүнээс нь маш сайн чийгшүүлэх шаардлагатай юм. Үүнийг зарим хүмүүс мэдэлгүй "миний арьс тослогтоод байгаа арьсаа чийгшүүлэх шаардлагагүй ээ" хэмээн буруугаар хүлээж авдаг. Гэвч үнэндээ арьсны өнгөн давхарга маш их хуурайшсан байдаг юм шүү. Хамгийн гол нь энэ нөхцөлд чийгшил өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхдээ эхлээд арьсаа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Учир нь тослог ялгарсан арьсны гадаргуу бохирдсон байдаг бөгөөд бүтээгдэхүүний шим тэжээл арьсны гүн рүү нэвтрэхэд бэрх байдаг. Тэгэхээр цэвэрлэгээ маш чухал юм аа.

Арьсны цэвэрлэгээний хувьд гоо сайхны мэргэжилтнүүд арьсаа эхлээд тосон цэвэрлэгчээр арчиж дараа нь хөөс эсвэл савангаар угаах хэрэгтэй гэж зөвлөдөг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Японд арьсны цэвэрлэгээг маш чухалчилдаг тул бүр ч олон шат дараалалтай цэвэрлэгээ хийгддэг. Эхлээд заавал нүдний эргэн тойрны будаг болон бохирдлыг зориулалтын шингэнээр арчиж, дараа нь нүүрээ тосон цэвэрлэгчээр цэвэрлэж, эцэст нь хөөсөн цэвэрлэгч хэрэглэдэг. Ерөнхийдөө ихэнх косметик бүтээгдэхүүнүүд тосон суурьтай байдаг учир арьсаа эхлээд oil-оор арчвал илүү гүн цэвэрлэгээ хийгддэг байгаа.

Hada Labo-гийн цогц бүтээгдэхүүнүүд хэдэн шат дараалалтай байдаг юм бэ? Зорилтот үр дүнд хүрэхийн тулд заавал цогцоор нь хэрэглэх шаардлагатай юу?

Арьс арчилгааны цувралд зургаан үе шат бүхий нийт 7 бүтээгдэхүүн байдаг. Тосон будаг арилгагч, хөөсөн болон шахмал гэсэн хоёр төрлийн цэвэрлэгч, тоник, сүүн шингэн, чийгшүүлэгч тос, маск. Мэдээж цогцоор нь хэрэглэвэл бүх бүтээгдэхүүнд гиалуроны хүчил ордог тул арьс илүү хурдан чийгшил аван үр дүнгээ үзүүлнэ. Гэхдээ өөрийн хэрэглээд дадсан өөр брэндийн бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэхэд үр дүн муудах асуудал байхгүй. Миний бодлоор хүн бүх зүйлдээ сэтгэл ханамжтай байснаар сэтгэлзүйгээрээ арьсаа илүү гоё болгоход нөлөөлдөг. Тиймээс дуртай бүтээгдэхүүнийхээ хэрэглээг зогсоох шаардлагагүй.

Харин цөөн шат дараалалтай энгийн арьс арчилгааг эрхэмлэдэг эмэгтэйчүүдэд та ямар үндсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгох вэ?

Hada Labo-гийн хөөсөн саван давхар будаг арилгагчтай байдаг тул юуны түрүүнд хөөсөн саван сонгож, дараа нь манай 1.7 секунд тутам борлуулагддаг гэдэг чийгшүүлэгч тоникыг зайлшгүй авах хэрэгтэй гэж зөвлөх байна. Энэ нь хамгийн чухал суурь бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Тэгээд эцэст нь арьсанд өгсөн чийгшлээ дарж хамгаалахын тулд тос хэрэглэвэл зохистой. Ингээд хамгийн энгийн арьс арчилгааны багц бүрдэж байгаа юм.

Ихэнх хүмүүс шинэ бүтээгдэхүүн хэрэглэж эхлээд төд удалгүй үр нөлөөг нь харж амжилгүй дундаас нь хаяж, эсвэл эсрэгээрээ хэт удаан хэрэглэсний дараа үр дүн өгөхгүй байгаа мэт санагдан өөр бүтээгдэхүүн рүү шилждэг. Тэгвэл бодит бөгөөд урт хугацааны үр дүн харахын тулд аливаа бүтээгдэхүүнийг хэр удаан хугацаанд хэрэглэх ёстой юм бэ?

Ерөнхийдөө гоо сайхны бүтээгдэхүүнээ сольж шинээр хэрэглэх гэж байгаа бол хамгийн доод тал нь гурван сар хэрэглэхийг зөвлөдөг. Хүний арьс 28 хоног тутам шинэчлэгдэж байдаг тул гурван сар хэрэглэж байж арьс маань өөрөө гиалуроны хүчил гэдэг зүйлийг гүндээ шингээж аван анзаарагдахүйц хэмжээнд чийгшилтэй болсон байдаг.

Мэргэжилтний зүгээс зөвлөхөд нүүрний будаг хэрэглэх нь арьсанд сөрөг нөлөөтэй юу?

Сайн чанарын нүүрний будаг өөрөө арьсанд сөргөөр нөлөөлөх учиргүй. Харин өдрийн эцэст арьсаа сайтар цэвэрлээгүйн улмаас арьсанд асуудал үүсдэг. Hada Labo-гийн бүтээгдэхүүнүүд арьсанд маш их хэмжээний чийгшил өгдөг тул косметик бүтээгдэхүүнтэй хослуулсан үед будаг арьсанд маш сайхан жигд уусаж өгдөг давуу талтай.

Дэлхий нийт илүү ухамсартай, байгалийн гаралтай хэрэглээ рүү шилжиж байгаа энэ үед Hada Labo брэнд ямар бодлого баримталж байгаа вэ? Бүтээгдэхүүний найрлагад арьсанд харшил өгөх эрсдэлтэй орц бий юу?

Манай компанийн хувьд эко санаачилга хэрэгжүүлдэг болов ч Монголд хараахан нэвтрээгүй байгаа. Тодруулбал бид Hada Labo-гийн бүтээгдэхүүний хог хаягдлыг багасгах үүднээс хуучин хэрэглэж байсан саваа дүүргэх боломжтойгоор бүтээгдэхүүнээ filler хэлбэрээр мөн санал болгодог. Дахин пластик сав үйлдвэрлэхгүй хог хаягдал үүсгэхгүй байх зорилготой юм. Найрлагын хувьд ROHTO гаргаж байгаа бүх бүтээгдэхүүндээ харшлын сорил хийдэг. Гэхдээ тухайн хүний арьсны онцлог болоод нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэл гарах магадлал үргэлж байдаг тул хүн болгонд харшил өгөхгүй гэж хэлэх боломжгүй. Эмзэг арьстай хүмүүс эхлээд өөрийн арьсан дээр сорилт хийсний дараагаар хэрэглэж эхэлбэл хамгийн зөв шийдэл байх болно.

Hada Labo брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монос эмийн сангын салбаруудаас худалдаж авах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх