Хайх

Хар батганаас хэрхэн ангижрах вэ?

Хар батганаас хэрхэн ангижрах вэ?

Хар батга гэж юу болох, гэрийн нөхцөлд шахаж болох эсэх, хэрхэн цайруулах зэрэг асуултуудад хариуллаа

Text: Бюро 24/7


Хар батгыг арьсан дээрх бохир гэж ойлгох нь хамгийн том төөрөгдөл юм. Үнэн хэрэгтээ хар батга гэдэг нь шүүрлээр дүүрсэн тосны булчирхайн сувгийн амсар хэсэг юм. Анагаах ухаанд хар батгыг нээлттэй комедон гэж нэрлэдэг байгаа.

"Арьснаас ялгарах тослог нь эсийн хаягдал, липид, себоцит эсийн үлдэгдэл, хөлс ба тосны булчирхайн шүүрэл зэрэг маш олон зүйлээс бүрддэг. Харин эдгээр нь хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлд орох үед химийн урвал явагдаж, тосны булчирхайн шүүрэл исэлдэж бараан өнгөтэй болдог. Мөн арьсан дахь меланины пигмент нь тосны булчирхайн шүүрэл болоод үсний сүвийг бараан өнгөтэй болоход нөлөөлдөг" хэмээн арьсны эмч Валерия Моисеева тайлбарлалаа.

Үүсэх шалтгаан - Генетикээс эхлээд буруу арьс арчилгаа хүртэлх үндсэн шалтгаанууд

Хар батга нь ихэвчлэн тослог арьсан дээр үүсдэг. "Комедон буюу арьсны тослогийн бөглөрөл нь дух, хамар, эрүү гэх нүүрний T бүсэд байршдаг бөгөөд генетикийн онцлог, дааврын тэнцвэр алдагдсан байдал, ходоод гэдэсний замын өвчин, арьсны буруу цэвэрлэгээ, буруу косметик бүтээгдэхүүний хэрэглээ болон зарим нэг эм, эмчилгээнээс шалтгаалан үүсдэг" гэж GMTClinic эмнэлгийн арьсны эмч Анна Плешкова хэллээ.

"Буруу хийгдсэн арьс арчилгаа нь хэт дахин их комедон үүсэх шалтгаан болдог. Буруу арьс арчилгаа гэдэг нь косметик бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх, арьсны цэвэрлэгээгээ буруу эсвэл дутуу хийх, нүүрний будгаа арилгалгүй унтах зэргийг хэлнэ" хэмээн арьс, гоо сайхны эмч Аида Ханмурзаева онцоллоо.



Өдөр тутмын арьс арчилгааны ачаар хар батгыг багасгах, өнгийг нь цайруулах тухайд

Гэрийн нөхцөлд хар батгыг шахахгүй байхыг эмч нар зөвлөж байна. "Ихэвчлэн бүсгүйчүүд хэтэрхий хүчтэй даралт үзүүлэн хар батгыг шахсаны улмаас арьсны гадаргуун сүвнүүдийг гэмтээн улайлт үүсгэх хандлагатай байдаг" гэж Валерия Моисеева анхааруулж байна.

Тэгээд ч ингэснээр арьсаа бохирдуулан үрэвсэл үүсгэж, цаашлаад сорвитой болох өндөр магадлалтай. Мөн том ширхгүүдтэй скраб хэрэглэх нь ижил төрлийн сөрөг үр дагаварт хүргэж, арьсыг гэмтээнэ. Түүнчлэн Анна Плешковагийн зөвлөснөөр спирт агуулсан лосьон ба тоник, хар батганы эсрэг наалт зэргийг хэрэглэх хэрэггүй. Эдгээр нь арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж, арьсыг цочроож, гадны нөлөөнд эмзэг болгодог байна.

"Үүний оронд найрлагадаа хүчил агуулсан тоник эсвэл серум хэрэглэх нь зүйтэй. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд нь арьсны тослогийг тэнцвэржүүлж, комедон үүсэхээс сэргийлнэ. Харин хар батгыг цайруулахыг хүсвэл шавартай маск эсвэл хальсан маск хэрэглэхийг зөвлөх байна. Гэхдээ үр дүн нь тийм ч удаан хугацаанд хадгалагдахгүй бөгөөд тосны булчирхайн шүүрэл хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлд орох үед дахиад л хар батга үүсэх болно" гэж Валерия Моисееваа хэллээ.



Хар батганаас ангижрах мэргэжлийн аргууд

Арьсны гүн цэвэрлэгээ болон пилинг нь хамгийн үр дүнтэй аргууд юм. Хэрвээ арьсаа огт цэвэрлэхгүй бол тосны булчирхайн шүүрэл хэт их цугларснаар арьсны нүхнүүд илүү том болно. "Арьсны гүн цэвэрлэгээ, химийн пилинг, лазерын пилинг зэргийг эмчийн зааврын дагуу хийлгэж байхыг зөвлөж байна" гэж Анна Плешкова онцолж байна.

Мөн гидропилинг гэх эмчилгээ маш үр дүнтэй байдаг. "Нэг удаагийн эмчилгээгээр та богино хугацаанд арьсаа гүн цэвэрлэж, шинэчилж, чийгшүүлэн тэжээл өгч, гөлгөр болгох боломжтой" хэмээн Аида Ханмузарова зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих