Хайх

Mongolia
Хаш чулуун роллер үнэхээр үр дүнтэй юу?

Хаш чулуун роллер үнэхээр үр дүнтэй юу?

Хаш болон кварц чулуун роллеруудын талаарх итгэл үнэмшлүүд хэр үнэн болохыг олж тогтооцгооё

Text: Бюро 24/7


Сүүлийн үед арьс арчилгаандаа талстат болон үнэт чулуунууд нэвтрүүлэх тренд үүсээд байгааг Instagram сүлжээний идэвхтэй хэрэглэгчид аль хэдийнэ анзаарсан байх. Тодруулбал бүсгүйчүүд гэрийн нөхцөлд нуруун дээрээ хэвтэн нүүрнийхээ тодорхой цэгүүд дээр талтсат чулуунуудыг тарааж тавин ямар ч хөдөлгөөнгүй 20-30 минут хэвтэх болжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ийм маягаар зөв цэгүүд дээр чулуу тавих нь стресс тайлж, арьс залуужуулах эффект үзүүлэх чадвартай гэнэ. Ийм аргачлал нь одоогоор дөнгөж дэлгэрч эхэлж байгаа бөгөөд үр дүнтэй эсэх нь хараахан тогтоогдоогүй байна. Харин масс зах зээлд өргөнөөр дэлгэрсэн, өндөр эрэлттэй байгаа өөр нэгэн чулуутай холбоотой арьс арчилгааны аргачлал нь хаш болон кварц чулуун роллерууд юм. Гоо сайхны брэндүүд тэдгээр роллеруудыг хэлбэр ба хийцийн өргөн сонголттойгоор үйлдвэрлэж байгаа ба бүсгүй бүрд ийм роллер байх болжээ. Ингээд эдгээр роллерууд үрчлээс тэнийлгэж, арьс чангалан залуужуулах ид шидтэй гэх итгэл үнэмшил тархсан байгаа нь хэр үнэний ортой болохыг олж тогтооцгооё.

Роллерууд анх худалдаанд гарах үед гоо сайхны блогерууд нэгэн зэрэг шуугиан тарьж, роллер нь хаван буулгадаг, цусны эргэлт сайжруулдаг, бүр "индүү мэт" үрчлээс тэнийлгэдэг хэмээн бичиж эхэлсэн. Түүгээр ч барахгүй хатан хаан Клеопатра голын гүнээс олсон ягаан кварц чулууныхаа ачаар арьсаа мөнхийн залуу, үзэсгэлэнтэй байлгаж чадсан гэх түүх олны дунд дэлгэрээд байгаа нь энэ хайпыг улам бүр бадрааж байгаа гэлтэй. Үүнтэй холбогдуулан бид гоо сайхны мэргэжилтнүүдээс роллерын талаар ямар бодолтой байдгийг нь асуулаа.

Роллер үйлдвэрлэгчдийн сурталчилж буйгаар роллерууд нь нүдний доорх хар хүрээг арилгаж, үрчлээс тэнийлгэж, арьсан дахь хорт бодисуудыг гадагшлуулж, батганы асуудалд тусалж, толгойн өвчнийг ч хүртэл анагаах чадвартай аж. Entierederm эмнэлгийн үүсгэн байгуулагч, Нью-Йоркийн арьсны эмч Малисса Канчанапуми Левин энэ талаар хэлэхдээ хаш чулуун роллер нь тунгалгийн ус зайлуулах процессыг эрчимжүүлдэг тул хаван буулгахад туслах нь үнэн гэнэ. Гэхдээ ижил төрлийн үр дүнд ус зайлуулах зориулалттай гарын массажны ачаар ч хүрэх боломжтой аж. Мөн эмчийн нэмж хэлснээр роллер нь хацарт хөнгөн ягаан туяа оруулж, нүүрний арьсыг илүү амарсан харагдахад туслах боломжтой хэдий ч мөн л ижил эффектийг Жекийн үсрэлт эсвэл сайтар унтаж амрах аргаар олж авч болох юм.

Юутай ч хэрвээ роллер ашиглаж эхэлсэн бол үүнийгээ дадал зуршил болгож, өдөр тутамдаа тогтмол бөгөөд зөв ашиглах хэрэгтэй гэнэ. Нью-Йоркийн Union Square Laser Dermatology эмнэлгийн арьсны эмч Женнифер Шуалек дээрх эмчийн хэлсэн үгстэй санал нийлсэн ч хаван буулгах үр дүнд хүрэхийн тулд роллерыг тогтмол бөгөөд зөв ашиглах нь нэн чухал болохыг онцолсон юм. Харин хүйтэн чулуугаар нүүрэндээ массаж хийх нь арьсыг тайвшруулж, розацеа буюу улаан батганы асуудалтай арьсанд ихээхэн нэмэр болдгийг хоёр эмч санал нэгтэйгээр хэллээ.

Бодитоор харж үзвэл роллер нь коллагены синтезэд нөлөөлөх, үрчлээс тэнийлгэх эсвэл бүр арьс өргөх ямар ч боломжгүй юм. Зарим эх сурвалжуудын илтгэснээр роллер нь косметик бүтээгдэхүүний шингэцийг сайжруулахад тусалдаг байна. Гэхдээ хаш чулуун роллер нь ихэвчлэн сүвэрхэг гадаргуутай байдаг тул яг л спонжын адил өөртөө арьсны себум, бохирдол ба нянг шингээх чадвартай. Тэгэхээр батганы асуудалтай хүмүүс роллерыг болгоомжтой хэрэглэхгүй аваас үрэвслийг бүхэл арьсандаа тараах эрсдэлтэй гэсэн үг юм. Эцэст нь мэргэжилтнүүд хаван буулгах, цусны эргэлт сайжруулах зорилгоор роллерыг өдөрт 20 минутын хугацаатайгаар бусад сайн чанарын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй хослуулан хэрэглэхийг зөвлөж байна.

цааш үзэх