Хайх

Хэрхэн филлерээс ангижрах вэ?

Хэрхэн филлерээс ангижрах вэ?

Филлерийг арьснаас хөөж гаргах аргууд

Text: Бюро 24/7

Энэ долоодугаар сарын эхээр Кайли Женнер уруулан дахь филлерээсээ ангижирч, гаднах төрхөө багагүй өөрчилснөөр филлертэй холбоотой халуун сэдэв эхлүүллээ. Матт өнгөөр будагдсан, байгалийн бус зузаан уруул нь Кайлигийн таних тэмдэг болж, түүний Kylie Cosmetics брэндийн амжилтанд чухал нөлөө үзүүлсэнд маргах зүйл үгүй. Гэхдээ Кайли хүртэл ийнхүү байгалийн төрх рүү тэмүүлж байгаа бололтой.

Филлер нь найрлага болоод бүтцийн хувьд маш олон төрлийнх байдаг. Өнгөрсөнд биополимер гель дээр суурилсан филлер алдартай байсан ч, энэ нь өнөөдөр эмч нарын зүгээс хориглогдож байгаа хуучин үеийн бэлдмэл юм. Ийм найрлагатай тарилга хийх нь хэсэг хугацааны дараа арьс унжиж, хэлбэрээ алдахад хүргэж, филлер нь дотроо байрлалаа өөрчилж, бөөгнөрөл үүсэх эрсдэл дагуулдаг. Энэ төрлийн гель нь уусдаггүй бөгөөд аажмаар эд эс болон ургадаг байна.

Харин гиалуроны хүчлээр хийсэн тарилга үр дүнгээ гурван сараас нэг жил хүртэлх хугацаанд барьдаг бөгөөд дараа нь бүхэлдээ уусан алга болж, эсвэл эмчийн тусламжтайгаар задран уусах боломжтой. "Гэхдээ мэдээж ийм төрлийн тарилга хийлгэхэд гарч болзошгүй эрсдэлүүд байдаг. Үүнд хаван үүсэх, тарилга буруу хуваарилагдах, хэсэг газарт цус багадалт үүсэх, цусны судас бөглөрөх зэрэг хамрагдана" хэмээн Атлас эмчилгээний төвийн арьсны эмч онцоллоо. Ийм зэргийн хүндрэлүүд эмчийн буруу аргачлал, мөн хэт их хэмжээний бэлдмэл ашигласнаас болж үүсэх магадлалтай. Хэдий тийм ч гиалуроны хүчил нь бидний бие дахь амьд эсүүдтэй нийцдэгийг үгүйсгэх боломжгүй.

Филлерээс ангижрахыг хүсвэл тарилгын эсвэл мэс заслын аргаар зорилгодоо хүрч болно. Тодруулбал гиалуроны хүчлийг тарилгын аргаар, харин биополимер филлерийг мэс заслын аргаар хөөж гаргах боломжтой.

Хэрхэн филлерээс ангижрах вэ? (фото 1)

Мэс заслын арга

"Мэс заслын аргыг хуучин үеийн филлерүүдэд хэрэглэдэг. Тэдгээр филлерүүдийн дийлэнх нь өнөөдөр хориглогдсон байдаг. Тэдгээр нь уусан алга болохын оронд эд эс болон ургадаг тул бүхэлд нь хөөж гаргах боломжгүй. Хэсэг хугацааны дараа ийм филлерүүд байрлалаа өөрчилж эхэлдэг. Жишээ нь уруулаас эрүү рүү шилжих гэх мэт. Мөн бөөгнөрөл үүсэх том эрсдэлтэй. Ийм нөхцөлд мэс засалч жижиг хэмжээний зүсэлт хийж дүүргэгчийг салстын хамтаар зүсэж авдаг. Тэгсэн ч арьсан дотор дүүргэгчийн зарим хэсэг үлддэг бөгөөд тэр хэсэг нь яг л дэлбэрэх гэж буй бөмбөг мэт ямар ч үед үрэвсэж, эсвэл буглаа болох аюултай. Мэс заслын арга гэдэг нь юуны түрүүнд хагалгаа гэсэн үг тул нөхөн сэргэх үйл явц илүү удаан явагдана. Оёдлын ул мөр арилахад сар гаруй хугацаа хэрэгтэй ба жилийн дараа л эцсийн үр дүн харагдана" хэмээн гоо сайхны мэс засалч Максим Нестеренко хэллээ.

Тарилгын арга

"Гиалуроны хүчлийг гиалуронидаз дээр суурилсан задлагч бэлдмэлийн ачаар хөөж гаргах боломжтой. Уг процедурын эцсийн үр дүнг хэдхэн хоногийн дараа харж болно. Энэ нь хамгийн түгээмэл арга хэдий ч, гиалуроны хүчлээс ангижрах өөр хэд, хэдэн арга бий. Жишээ нь darsonvalism, микро тогны эмчилгээ, лазер эмчилгээ гэх мэт. Гэхдээ эдгээр процедурын үр дүн илүү удаан хугацаанд гарч, гиалуронидазтай харьцуулбал илүү сул байдаг. Ямар арга сонгохыг тань мэргэжлийн эмч зөвлөх болно. Учир нь зарим хүмүүст гиалуронидазыг тарих хориотой байдаг" хэмээн Aging Control клиникийн арьсны эмч тайлбарлаж байна.

"Филлерийг задлах үүрэгтэй ферментийн бэлдмэлийг тарих үед чимчгэнэх мэдрэмж төрнө. Ферментийг хэр оновчтой тарьж, тарааснаас хамааран мөн арьсан дахь филлерийн хэмжээнээс шалтгаалж филлер 30 минутаас эхлээд 5-7 хоногийн дараа хүртэлх хугацаанд уусан алга болно. Ерөнхийдөө хүн бүрийн бие организм өөр, өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг. Зарим тохиолдолд нэмэлт фермент тарих шаардлагатай болдог ч, процедур хоорондын зай дор хаяж 1-2 долоо хоног байх шаардлагатай" гэж Атлас эмчилгээний төвийн арьсны эмч нэмж хэллээ.

Хэрхэн филлерээс ангижрах вэ? (фото 2)

Филлер хөөж гаргахад хэр их өвддөг вэ?

Мэдээж хэрэг мэс заслын аргыг мэдээ алдуулагчтайгаар хийдэг. Харин тарилгын аргыг тухайн хүний өвдөлт мэдрэх түвшнээс шалтгаалан мэдээ алдуулагчтай хийх эсэхийг шийддэг. Гэхдээ ихэнх өвчтөнүүдийн онцолж буйгаар филлер задлах нь анх филлер хийлгэж байснаас хамаагүй их өвдөлт өгдөг аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх