Хайх

Контакт линзийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ

Контакт линзийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ

Контакт линз зүүдэг хүмүүс нүдээ хэрхэн арчилж, линзийн талаар юу мэдэх хэрэгтэй вэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Бидний нүдэнд офис болон гэрийн хуурай агаар үргэлж муугаар нөлөөлж байдаг. Түүгээр ч барахгүй тогтмол компьютер, ухаалаг утас ба таблет ширтэж байдаг бид нүдэндээ онцгой анхаарал хандуулах шаардлагатай болдог. Тэр тусмаа контакт линз зүүдэг хүмүүс доорх мэдээллийг заавал уншаарай.

Хуурай нүдний синдром

Хөнгөн улайлт, цочрол, нүдэнд элс орсон мэт торох, нулимс гарах зэрэг нь хуурай нүдний синдромыг илтгэх үндсэн шинж тэмдгүүд юм. Ийм шинж тэмдгүүд илэрч байгаа үед контакт линз зүүх нь хүндрэлтэй төдийгүй аюултай үйлдэл байх болно. Хуурай нүдний синдром нь ихэвчлэн намар-өвлийн улиралд тохиодог тул нүдний эмч нар энэ үед нүдээ аль болох амрааж, компьютерын дэлгэцээс тогтмол сатаарч, нүдээ анивчих мөн эргэлдсэн хөдөлгөөн хийх гэх зэрэг энгийн атлаа тустай дасгалууд хийж байхыг зөвлөдөг байна.

"Хуурай нүдний синдром бол дэлхийн хамгийн түгээмэл өвчлөлүүдийн нэг юм. Энэ өвчний үед нүдний алимыг бүрхдэг нулимсан давхарга гэмтэж, үүний үр дүнд хараа алдагдах болон бусад таагүй шинж тэмдгүүд илэрдэг байна. Бидний нулимсан давхаргын зузаан ойролцоогоор 10 мкм (микрометр) байдаг бөгөөд энэ нь нүдийг хамгаалах, бодисын солилцоо явуулах ба оптик үүргүүд гүйцэтгэдэг байна. Эрүүл хүний нулимсан давхаргын ойролцоогоор 15% нь шинэчлэгдэж, 8% нь агаарын хөдөлгөөний улмаас ууршин алга болдог. Харин энэ тэнцвэр алдагдсан үед хуурай нүдний синдром бий болдог гэж хэлж болно. Хэрвээ энэ өвчний улмаас тухайн хүн нүдэндээ өвдөлт мэдэрч, таагүй мэдрэмж авч байвал эмч түүнд "хиймэл нулимс"-ийн дуслууд бичиж өгнө. Гэхдээ эрүүл хүмүүст "хиймэл нулимс"-ыг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байгаа. Үүний оронд ердөө л улиралд нэгээс хоёр удаа урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээнүүд авч байхад л хангалттай юм" хэмээн нүдний эмч, анагаах ухааны эмч Инга Владимировна Обухова зөвлөлөө.

Контакт линзийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ (фото 1)

Линз зүүсэн үед нүд хангалттай чийгшил авч чаддаггүй тул эмч нар ихэвчлэн хажуугаар нь "хиймэл нулимс" хэрэглэхийг зөвлөдөг. Мөн оройн цагаар нүдэндээ нэмэлт арчилгаа үзүүлэхийг хүсвэл алтан товч цэцэг ба ногоон цайны хандтай бүлээн жин тавьж, эмийн санд борлуулагддаг сайн чанарын зовхины гель түрхэж болно. Жин тавьж, гель түрхэхээсээ өмнө линзээ тайлах хэрэгтэйг анхааралдаа аваарай. Ийм төрлийн хөнгөн арчилгаа нь нүдний үрэвсэл, ядаргаа ба хуурай нүдний синдромыг намжаах болно. Түүнчлэн зовхиндоо эргэлдсэн хөдөлгөөн бүхий массаж хийх нь аливаа зовиурыг намжааж, нүд амраадаг давуу талтай. Массаж хийхдээ нүдний дотор булангаас дээд зовхи руу, мөн гадна булангаас доод зовхи руу гэсэн чиглэл баримтлаарай. Эдгээр нь хормын зуур үр дүн авчрах хүчтэй аргачлалууд биш ч гэлээ, тодорхой хугацааны турш орой болгон, эсвэл ядахдаа хоёр өдөрт нэг удаа хийхэд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ. Нүд тань аажмаар аливаа ядаргаа, үрэвслээс хурдан нөхөн сэргэдэг болох юм.

Линзийн төрлүүд

Гидрогель болон силикон-гидрогель гэх хоёр төрлийн линз байдаг. Эхний линзийг 12-14 цагийн турш зүүх боломжтой бол, хоёрдох линзийг бүр тайлалгүй унтаж болдог байна. Гидрогель линз ерөнхийдөө арай бага агаар нэвтрүүлдэг ч, 12-14 цагийн дотор нүдэн дэх чийгшлийг хадгалж, нүд рүү аливаа нян, бохирдол орохоос хамгаалах чадвартай. Ийм линзийг унтахаасаа өмнө зайлшгүй тайлах хэрэгтэй. Эс тэгвээс нүдний эвэрлэг бүрхэвч хангалттай хүчилтөрөгч авалгүй өглөө сэрэхэд маш хүчтэй хурайшилд автсан байх болно.

"Гидрогель линзээ тайлахаа мартаад унтсан бол айсны хэрэггүй. Өглөө нь нүдээ нээхэд бага зэрэг хүндрэлтэй байх учир нүдээ олон удаа анивчиж, линзээ чийгшүүлж өгөх хэрэгтэй. Гэхдээ ер нь ямар ч линзийг унтахаасаа өмнө тайлах нь зүйтэй юм. Үйлдвэрлэгчид зөвшөөрсөн ч хамаагүй аль болох линзээ тайлж заншаарай. Контакт линз бол юуны түрүүнд гаднын биет юм. Тэгээд ч бидний нүд унтлагын үеэр амарч байх учиртай. Бид нүдээ бүхэл өдрийн турш амраалгүй ачааллах юм бол энэ нь аажмаар хараа муудах, нүдний чийгшлийн тэнцвэр алдагдах, "хиймэл нулимс"-ны хамааралтай болох гэх зэрэг үр дагаврууд авчирна. Энэ олон жилийн ажлын туршлагадаа би орой болгон линзээ зүй ёсны дагуу цэвэрлэж, шингэнээ сольж, бусад шаардлагатай зүйлсийг хийж чаддаг хүнтэй одоо хүртэл таарсангүй. Тиймээс линзээ орой болгон тайлж байх хэрэгтэй. Ингэснээр нүдэнд уургийн бөөгнөрөл болон аливаа үрэвсэл үүсэх аюул багасах юм" хэмээн нүдний эмч, анагаах ухааны эмч Лидия Геннадьевна Борисенко хэллээ.

Контакт линзийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ (фото 2)

Харин силикон-гидрогель линзийг үйлдвэрлэгчид унтахдаа хүртэл зүүж болно хэмээн сурталчилдаг. Эдгээр линз нь нүд рүү илүү их хүчилтөрөгч нэвтрүүлж, нүдэнд шаардлагатай чийгшлийн түвшнийг хадгалж чаддаг. Гэхдээ дээрх хоёр төрлийн линзийг хоёуланг нь оройн цагаар шинэхэн уусмалд хийн халдваргүйжүүлж, тусгай савлагаан дотор хадгалах учиртай байдаг. Тиймээс хэрвээ та линзээ оройн цагаар тайлалгүй унтаж байгаа бол линзийн хадгалах хугацаа савлагаан дээр заагдсанаас хоёр дахин багасна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэр хоёр долоо хоног хадгалж болно гэх заалт байгаа бол үнэндээ та уг линзийг долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд л зүүж болно гэсэн үг юм.

Линз зүүх дүрэм

Линз зүүх эсвэл тайлахаасаа өмнө эхлээд гараа сайтар халдваргүйжүүлэх шаардлагатай. Мөн олон хоногийн турш зүүж болох линзийг ч хүртэл өдөр болгон тайлж, тусгай шингэнд халдваргүйжүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна линзээ долоо хоногт нэг удаа хурууныхаа өндгийг ашиглан фермент уусмал ба шахмалуудаар маш болгоомжтой цэвэрлэж заншаарай.

цааш үзэх