Хайх

Let’s party: Хэрхэн 15 минутын дотор үдэшлэгт бэлдэх вэ

Let’s party: Хэрхэн 15 минутын дотор үдэшлэгт бэлдэх вэ

Сандрах хэрэггүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Өөдрөг уур амьсгалыг гэрт байхаасаа эхлээд бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн үдэшлэг гэлтгүй мөн түүнд бэлдэх үйл явц нь цагийг зугаатай өнгөрүүлэх том шалтгаан юм шүү дээ

Бэлтгэл ажил

Арван таван минут гэдэг бага сонсогдож болох ч энэ нь үнэндээ үдэшлэгт бэлдэхэд хангалттай хугацаа юм. Юуны түрүүнд шүршүүрт орохоосоо өмнө үдэшлэгт барьж явах клач цүнхэндээ карт, утасны цэнэглэгч, урилга, ба гэрийн түлхүүр гэх зэрэг хамгийн хэрэгцээтэй зүйлсээ бэлдэж тавих хэрэгтэй. Үүний дараагаар хувцасны шүүгээнээсээ өмсөхөөр сонгосон даашинзаа гарган, өлгөж тавиарай. Ингэснээр та шүршүүрт орж байх хугацаандаа бүхэл төрхөө төсөөлж, гутал ба аксесуар гэх мэт жижиг деталиудыг эргэцүүлэх боломжтой болно. Нью-Йорк хотын "It girls" нараас санаа авч, шүршүүрт орох зуураа нэг хундага хүйтэн цагаан вино ууж бас болох юм. Энэ арга нь таны өдрийн турш цуглуулсан ажлын алжаалыг тайлж, үдэшлэгийн уур амьсгалыг бага ч болов уу бүрдүүлэх болно. Түүнчлэн Кэлвин Харрисын "How deep is your love?", Рианнагийн "Ram Pa Pa Pam", эсвэл Snoop Dogg-ийн "Perfect" гэх зэрэг таныг өөрийн эрхгүй бүжиглэхэд хүргэдэг цоглог дуунуудаас тавьж, үсээ угаангаа зугаатай хөдөлгөөнүүд хийгээрэй. Онцгой арга хэмжээнд явах гэж байгаа энэ үед үсийг аль болох хөвсгөр бас өтгөн болгох үйлчилгээтэй шампунь хэрэглэх нь зүйтэй шүү.

Үс засалт

Үсний засалт хөвсгөр бах тусам танд олон цагийн турш үсэндээ санаа зоволгүйгээр зугаацах боломж бий болно. Угаасан чийгтэй үсэн дээ "Bed Head Big Head" гэх зэрэг хөвсгөр бас өтгөн харагдуулах үйлчилгээтэй хөөс түрхэж, дараагаар нь сэнсээр хатаах хэрэгтэй. Мөн үсээ ямар ч загвараар янзалсан бай эцэст нь заавал ч үгүй хэлбэр барьдаг лаак цацаарай. Ингэснээр таны үсний засалт бүхэл шөнийн турш төгс хэлбэртэй байж, маргааш өглөө нь ч бас тийм ч муугүй харагдах болно шүү.

Let’s party: Хэрхэн 15 минутын дотор үдэшлэгт бэлдэх вэ (фото 1)

Төрх

Энэ асуудал дээр үдэшлэгийн хатан хаан гэгддэг загвар өмсөгч Кейт Моссоос үлгэр жишээ авахыг уриалах байна. Түүний ачаар хамгийн энгийн загвартай богино хар даашинз хүртэл том долгионтой, бага зэрэг арзайсан үстэй хосолсноор рок-н-роллын cool өнгө аяс бүрдүүлдэг болсон шүү дээ. Энэ хавар-зуны болон дараагийн намар-өвлийн улиралд арьс ба винил материалтай загварууд ноёрхох тул супермоделиудын өмсөх дуртай богино загвартай арьсан хар даашинз хамгийн аюулгүй сонголт байх болно. Тэрхүү даашинз дээрээ The Rolling Stones хэв маягтай, нарийхан, торгон хүзүүний алчуур нэмснээр ямар нэгэн хөгжмийн концертод явахад тохиромжтой төрх бүрдүүлж, эсвэл дээгүүрээ атлас захтай пиджак нөмөрснөөр илүү даруухан бас тайван уур амьсгалтай үдэшлэгт явахад бэлэн болоорой. Гутлын хувьд гэвэл нарийн өсгийтэй, минимал загварын туфли таныг хэзээд дэгжин харагдуулна. Харин бүхэл шөнөжингөө бүжиглэхийг хүсэж байвал сүүлийн улиралд тренд болоод байгаа шөвгөр хоншоортой, үдээсэн чимэглэлтэй, өсгийгүй баллеринааг сонгоорой.

Нүүр будалт

Үдэшлэгт зориулж арьсаа аль болох эрүүл бас чийглэг харагдуулах гол аргуудын нэг бол яахын аргагүй олон төрлийн функцтэй серум хэрэглэх явдал юм. Ийм серум хэрэглэснээр таны арьс яг л спа үйлчилгээнд ороод гараад ирсэн юм шиг гэрэлтсэн бас шинэхэн болно. Даашинзаа өмсөх зуураа серумийг арьсандаа сайтар шингээж өгөх хэрэгтэй. Мөн дараагаар нь нүүрээ будах явцад даашинзаа халтартуулахгүйн үүднээс дээгүүрээ ямар нэгэн муу юм нөмөрч, эсвэл гэрийн цамцаа өмсөх нь зүйтэй. Үдэшлэг дээр зураг авахуулах нь тодорхой тул арьсандаа өө дарагч ба гэрэл, сүүдэр тавихаа мартаж болохгүй. Олон үдэшлэгт оролцоод амжсан "It girls" нарыг анзаараад байх нь ээ тэд тод уруулын будаг эсвэл өдөөн хатгасан хар контур гэх хоёр аргачлалын аль нэгийг нь сонгож, нүүр будалтандаа зөвхөн нэг л тод деталь оруулж өгсөн байдаг. Түүнээс гадна цүнхэндээ өөрийн түрхдэг сүрчгийн жижиг хувилбарыг хийж, таксинаас буухдаа үнэрээ сэргээхийг зөвлөх байна. Ингэхэд пиджакний дотор талд, зүрхэн дагуу сүрчгээ цацвал бидний сэтгэл хөдлөх үед сүрчгийн үнэр улам тодордог гэх нэгэн сонирхолтой баримт байдаг шүү. 

цааш үзэх