Хайх

Нүүрнийхээ арьсыг хэрхэн зөв цэвэрлэх вэ

Нүүрнийхээ арьсыг хэрхэн зөв цэвэрлэх вэ

Нүүрнийхээ будгийг ямар бүтээгдэхүүнээр, хэрхэн арилгаж мөн үүний дараа ямар алхам хийх хэрэгтэй вэ

Text: Buro.Mongolia


Нүүр цэвэрлэх бол арьс арчилгааны хамгийн чухал үе шат юм. Харамсалтай нь зарим хүмүүс уг үе шатыг буруу гүйцэтгэх нь элбэг байдаг. Хэрвээ та арьсаа зөв цэвэрлэж сурахыг хүсвэл юуны түрүүнд ганц л зүйлийг сайтар ойлгож аваарай. Тэр нь юу вэ гэхээр косметик бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд эхлээд будгаа заавал арилгаж, зөвхөн үүний дараа цэвэрлэгч бүтээгдэхүүнээр нүүрээ угаах хэрэгтэй юм. Ийм төрлийн аргачлалыг хоёр шат бүхий нүүр цэвэрлэгээ гэж нэрлэдэг байна.

"Солонгос бүсгүйчүүдийн арьс арчилгаа дэлхийн хамгийн олон үе шаттай, хэцүү арчилгаанд тооцогддог. Хоёр шат бүхий нүүр цэвэрлэгээ нь арьсыг өөгүй, цэвэрхэн болгоход туслах анхны алхам байх болно. Эхний цэвэрлэгч бүтээгдэхүүн арьсан дээрх будаг ба бохирдлыг уусгаж, арилгах зориулалттай байдаг бол, хоёр дахь бүтээгдэхүүн нь илүү гүн цэвэрлэгээ үзүүлэх учиртай. Ийм цэвэрлэгээ хийсний дараагаар арьс цэвэрхэн бөгөөд зөөлөн болж, дараа дараагийн тоник, лосьон, тос зэргийг хүлээж авахад бэлэн болдог. Косметик бүтээгдэхүүн хэрэглэдэг, агаарын бохирдолтой их хотод амьдардаг, мөн тослог арьстай хүн бүхэн ийм аргаар нүүрээ цэвэрлэх шаардлагатай" хэмээн Erborian брэндийн мэргэжилтэн тайлбарлаж байна.

Нүүрний будгийг арилгах ба арьсыг цэвэрлэх гэдэг нь хоёр өөр бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай, өөр үе шатууд юм.

Будгаа арилгах эхний үе шатанд зориулж гидрофиль тос, мицеляр ус, гель эсвэл зориулалтын сүүн шингэн ашиглаж болно. Хамгийн гол нь будгаа хөвөнгийн тусламжтайгаар арилгах хэрэгтэй. Харин хоёр дахь үе шатан дээрээ хөөс, гель эсвэл тосон бүтэцтэй цэвэрлэгч бүтээгдэхүүн ашиглан арьсаа сайтар цэвэрлэх шаардлагатай. Эдгээр хоёр төрлийн бүтээгдэхүүнийг өөртөө хослуулан агуулдаг ганцхан л бүтээгдэхүүн бий. Тэр нь гидрофиль тос юм. "Гидрофиль тос нь косметик будгийг сайн арилгахын зэрэгцээ арьсыг гүн цэвэрлэж чаддаг. Энэ нь суурь крем, SPF хамгаалалттай тос, тогтоц сайтай будаг хэрэглэдэг хүмүүст тохиромжтой юм. Гидрофиль тос нь усанд хүрсэн даруйдаа сүүн шингэн шиг бүтэцтэй болж хувирдаг" хэмээн Erborian брэндийн мэргэжилтэн ярьж байна. Үүнээс гадна гидрофиль тос арьсны гидролипид давхаргыг гэмтээлгүй, арьсыг цочроохгүйгээр цэвэрлэдэг том давуу талтай аж.

Өөрт тохирсон зөв бүтээгдэхүүн сонгохын тулд юуны түрүүнд арьсныхаа төрлийг тодорхойлох хэрэгтэй. "Тослог арьсанд гель ба хөөс бүтэцтэй бүтээгдэхүүн тохирно. Харин хуурай болон эмзэг арьсанд сүүн шингэн, эсвэл тосон суурьтай зөөлөн бүтээгдэхүүн илүү зохимжтой. Тослог арьсанд зориулагдсан бүтээгдэхүүнүүдэд салицилийн хүчил, цэнхэр ба цагаан шавар, замгийн ханд агуулагддаг. Тэгвэл хуурай ба эмзэг арьсанд зориулагдсан бүтээгдэхүүн нь ихэвчлэн төрөл бүрийн тос ба ургамлын хандаас бүрдсэн байдаг" гэж Giorgio Armani Beauty брэндийн мэргэжлийн нүүр хувиргагч тайлбарлалаа.

Нүүрнийхээ арьсыг хэрхэн зөв цэвэрлэх вэ (фото 1)

Бүтээгдэхүүнүүдийг хэрхэн ашиглах, мөн юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?

Нүүрний хамгийн зөөлөн арьстай хэсгүүд болох нүд ба уруулын орчим дахь будгийг арилгахдаа хөвөнгөөрөө үрэх биш, харин хөвөнгөө 15-20 секунд барьж, дараагаар нь зөөлөн массаж хэлбэрийн хөдөлгөөнөөр авах хэрэгтэй. "Мицелляр ус косметик бүтээгдэхүүнийг сайтар уусгадаг ч ингэх явцдаа арьсан дээр нэгэн давхарга бий болгодог. Харин тэрхүү давхарга нь батга үүсгэхэд нөлөөлөх аюултай. Тиймээс миний хувьд бол мицелляр усыг усаар зайлж байсан нь дээр гэж үздэг" хэмээн Giorgio Armani Beauty брэндийн нүүр хувиргагч ярилаа.

"Ямар ч тохиолдолд нүүрээ халуун усаар угааж болохгүй. Учир нь халуун ус нь арьсыг хуурайшуулж, аажмаар илүү тослог болгодог. Түүнчлэн хоёр дахь шат буюу арьсаа цэвэрлэх явцдаа хатуу саван хэрэглэхгүй байхыг зөвлөх байна. Зориулалтын зөөлөн бүтэцтэй саван л биш бол, бусад хатуу савангуудад өөхөн хүчлийн тос агуулагдаж, шүлтлэг урвал явагддаг. Тиймээс энэ нь арьсны хүчлийн тэнцвэрийг алдагдуулж, эмзэг болгох том аюултай юм" хэмээн La Roche-Posay брэндийн анагаах ухааны мэргэжилтэн, арьсны эмч хэлж байна.

Мөн дээрх мэргэжилтнүүдийн онцолсноор арьсаа цэвэрлэснийхээ дараа тоник түрхэж арьсны хүчлийн тэнцвэрийг хэвийн болгох нь нэн чухал гэнэ.

цааш үзэх