Хайх

Шивээс хийлгэхийн өмнө юу мэдэх хэрэгтэй вэ?

Шивээс хийлгэхийн өмнө юу мэдэх хэрэгтэй вэ?

Шивээсний мэргэжилтнүүд зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Согтууруулах ундаа бол «мэдээ алдуулагч» биш

Согтууруулах ундаа судасны ханыг тэлж, даралт ихэсгэдэг тул энэ нөхцөлд цус шивээсний будгийг "угаачихдаг". Ингэснээр эцсийн үр дүнд шивээс илүү бүдэг өнгөтэй болж, удаан эдгэдэг. Шивээс хийлгэхийг хүссэн хүн ямар нэгэн архаг өвчингүй, эрүүл мэндийн асуудалгүй байх хэрэгтэй. "Ханиад хүрсэн эсвэл ерөнхийдөө бие нь өвдсөн хүмүүс болон жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүдэд ямар ч нөхцөлд шивээс хийж болохгүй. Мөн заримдаа сарын тэмдгээс шалтгаалсан өвдөлт байх үед шивээс хийхийг хориглодог. Насанд хүрээгүй хүүхдүүд зөвхөн эцэг эхийн хамтаар хүрэлцэн ирж, тэдний хараан доор шивээс хийлгэж болно. Хэрвээ шивээсний мэргэжилтэн үйлчлүүлэгчийнхээ нас ба өвчнийг үл хамааран шивээс хийж байгаа бол тэр ажилдаа хариуцлагагүй хандаж, тухайн хүнийг эрсдэлтэй нөхцөлд оруулж байна гэсэн үг. Ерөнхийдөө шивээс хийлгэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авч, аливаа хориотой заалтуудын талаар судлах нь танд тустай алхам байх болно" хэмээн The Hateful Seven Tattoo студийн мэргэжилтэн Катя Хольт ярьж байна.

Шивээс хийлгэхэд өвддөг

Шивээс хийлгэхийн өмнө юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

Хүн бүрийн өвдөлт хүлээн авах мэдрэмж өөр байдаг ч шивээс хийлгэх процесс дийлэнх тохиолдолд багагүй өвтгөдөг. "Эрчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд өвдөлтийг илүү тэсвэртэй хүлээж авдаг. Гэхдээ бүх хүмүүсийн хувьд өвдөлтийг хамгийн хурц мэдэрдэг биеийн тодорхой хэсгүүд гэж бий. Тэр нь толгой, нүүр, сарвуу, цээж, тохой, хавирга, гэдэс, өгзөг, гуяны дотор хэсэг, өвдөг, шагай ба тавхай юм. Хэрвээ үйлчлүүлэгчийн сонгосон шивээс жижиг эсвэл дунд зэргийн хэмжээтэй бол шивээсийг нэг оролтонд дуусгах боломжтой. Харин том хэмжээтэй шивээсийг хэд хэдэн оролтонд, дундуур нь эдгэрэх хугацаа гаргаж байж гүйцэтгэдэг" гэж Sasha Unisex Brand-ын үүсгэн байгуулагч Sasha Unisex тайлбарлалаа. 

Катя Хольтын хэлж буйгаар түүний туршлагад мөн шивээс хийж байх үед инээдэг эсвэл унтдаг хүмүүс тааралдаж байсан аж. Тэгэхээр ерөнхийдөө ямар ч мэдрэмжид бэлэн байх үүднээс шивээс хийлгэхийн өмнө нь хоол сайн идэж, цүнхэндээ хөнгөн зууш бэлэн авч явбал сайн байдаг. Учир нь ходоод дүүрэн үед хүн өвдөлтийг илүү тэсвэртэй хүлээж авдаг юм.

Нэгэн жигд стильтэй, сайн чанарын мэргэжилтэн сонгох хэрэгтэй

Хэрвээ та шивээс хийлгэхээр шийдсэн бол сайн мэргэжилтэн сонгох нь хамгийн чухал. "Юуны түрүүнд тухайн шивээсчний өмнөх ажлуудыг сайн судлах хэрэгтэй. Ингэхдээ та найз нөхөд эсвэл гэр бүлийнхээ гишүүдийн зөвлөгөөг сонсолгүй, зөвхөн өөрийн мэдрэмжинд итгэсэн нь хамгийн зөв сонголт байдаг юм шүү. Таны сонгох мэргэжилтний ажлууд нэгэн жигд стильтэй, цэвэрхэн, нямбай хийгдсэн байх хэрэгтэй. Хэрвээ мэргэжилтний хувийн хавтас цахим сүлжээнээс цуглуулсан энгийн зургууд, шивээсний түгээмэл бичгүүд, од болон бусад хялбар дүрснүүдээс бүрдсэн байвал түүнд хандахгүй байхыг зөвлөх байна. Орчин үеийн шивээсний урлагт суурь тавьж өгсөн Моряк Жерригийн хэлсэнчлэн «Сайн шивээс хямд байдаггүйн адил хямд шивээс сайн чанартай байдаггүй юм»" гэдгийг Катя Хольт дахин сануулж байна.

Студи бол мэргэжилтний ур чадвар тодорхойлох хэмжүүр биш

Шивээс хийлгэхийн өмнө юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 2)

"Шивээс хийдэг томоохон студи эсвэл шивээсний сүлжээнүүд бүгд сайн чанартай" гэх ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг. "Шивээсийг тань студи биш, харин тодорхой нэгэн хүн хийнэ гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Тиймээс та юуны түрүүнд уг студийн ямар мэргэжилтэн тантай ажиллах вэ гэдгийг эхлээд асуугаарай. Хэрвээ мэргэжилтний ажлууд танд таалагдсан бол дараа нь салоны үйл ажиллагааны процессыг судлаад үзэх хэрэгтэй. Мэргэжилтнүүд аюулгүй байдлын бүх л арга хэмжээг авч, зөвхөн нэг удаагийн багаж хэрэгсэл ашиглах ёстой гэдгийг мартаж болохгүй. Энэ бүхнийг өөрийн нүдээр шалгаж, багаж хэрэгслийг зөвхөн таны хажууд онгойлгохыг шаардаарай" хэмээн Sasha Unisex ярьж байна.

"Маркетингаа сайн хийдэг шивээсний салонуудад хамгийн сайн мэргэжилтнүүд ажиллаж, харин хувиараа шивээс хийдэг мэргэжилтнүүд найдваргүй байдаг гэх ойлголт хүмүүс дунд ажиглагддаг. Гэхдээ бид шивээс хийлгэхийн тулд студи биш харин мэргэжилтэн рүү явдаг шүү дээ. Чадварлаг мэргэжилтэн нь студи эсвэл гэртээ байхаас үл хамааран ямар ч нөхцөлд ариун цэврийн бүх шаардлагыг хангаж, чанартай үр дүн гаргадаг юм" гэж Катя Хольт нэмж хэллээ.

Шивээс хийлгэсний дараах гаж нөлөөнүүд бол хэвийн үзэгдэл 

Хөхрөлт, хавдалт ба биеийн хэм ихсэх зэрэг нь бүгд шивээс хийлгэсний дараах хэвийн гаж нөлөөнүүд юм. Шивээс хийлгэх үйл явц бие организмыг стресст оруулж, хүн бүр энэ гаднын нөлөөг өөр байдлаар хүлээж авдаг. Хэрвээ та муужрах хандлагатай байдаг бол үүнийгээ шивээсчинд урьдчилан хэлээрэй. Мөн шивээс хийлгэж дуусмагц гэр лүүгээ харьж, унтаж амрах хэрэгтэй.

Шивээсний чанар арчилгаанаас хамаарна

Шивээс хийлгэхийн өмнө юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 3)

Шивээс хийлгэсний дараа гэмтсэн арьсаа зөв арчлах нь их чухал. Мэргэжилтнүүд ихэвчлэн «Бепантен» ба «Пантенол» зэрэг түрхдэг эм бичиж өгдөг. Ямар ч нөхцөлд шивээсээ маажиж мөн эдгэрэх явцад үүссэн хатуурсан арьсыг хуулж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Эс тэгвээс сорви үлдэх аюултай. Үүнээс гадна наранд гарахдаа SPF хамгаалалт өндөртэй (40 ба түүнээс дээш) тос түрхэхээ мартаж болохгүй. 

"Шивээсний эцсийн үр дүн түүний эдгэрэх үйл явцаас 60% хамаардаг. Шивээс бүр өөрийн төрлөөс хамаарч ондоо арчилгаа шаарддаг байж болно. Тэгэхээр мэргэжилтний өгөх зөвлөгөөг сайтар сонсох хэрэгтэй. Тэр шивээс хийснийхээ дараа танд гэмтсэн арьсаа хэрхэн арчлах талаар тодорхой зааварчилгаа өгөх үүрэгтэй" хэмээн Sasha Unisex ярьлаа.

"Тухайн мэргэжилтэн байж болох хамгийн сайн ажлыг хийсэн хэдий ч, арчилгаа нь буруу бол эцсийн үр дүн ч бас муу байх болно. Ийм нөхцөлд шивээсийг дахин засварлах шаардлагатай болдог. Мэргэжилтэн бүр таны шивээсийг хараад аль нөхцөлд таны буруу, мөн аль нөхцөлд түүний буруу байна гэдгийг тодорхой хэлж чаддаг. Тиймээс дахин засварлах үйлчилгээ төлбөртэй байх тохиолдол бий" гэж шивээсний мэргэжилтэн Сергей Паршин нэмж тайлбарлалаа.

Шивээс арилгахад өвддөг, удаан хугацаа шаардагддаг мөн өндөр үнэтэй

Шивээс арилгах хугацаа ба төлбөр нь олон зүйлээс шалтгаалаад өөр, өөр байдаг. Шивээсний хэмжээ, өнгө болон шивээс хийлгэсэн үйл явцын ерөнхий чанар зэрэг нь үүнд чухал нөлөө үзүүлнэ. Тухайлбал 10х10 хэмжээтэй шивээсийг дунджаар 5-7 минутын хугацаанд, ойролцоогоор 6,000 руб (260,000 төгрөг) үнээр арилгах боломжтой аж. Хар шивээсийг арилгахад илүү хялбар, харин өнгөтэйг арилгахад илүү хүндрэлтэй байдаг байна. Тэр дундаа ногоон ба шар өнгийн пигментүүд хамгийн бэрхшээлтэй нь гэнэ.

"Арьсыг их хэмжээнд гэмтээсэн шивээсийг арилгах хамгаас хэцүү. Өөрөөр хэлбэл тухайн мэргэжилтэн төхөөрөмжийг хэтэрхий удаан хөдөлгөх, арьсыг хангалттай сайн татаагүй байх, муруйлтын өнцгийг сайтар баримтлаагүй байх нөхцөлд арьс илүү их гэмтдэг. Ийм шивээс яг л сорви шиг харагддаг бөгөөд мэдрэхэд товгор байдаг. Миний бодлоор шивээс арилгах үйл явц тийм ч их өвдөлттэй биш, тэвчиж болохуйц боломжийн байдаг. Би хувьдаа 5%-ийн мэдээ алдуулагч тос хэрэглэдэг ч мэдээ алдуулагч хэрэглэсэн үед шивээсний өнгө илүү хүндрэлтэй гарч, арьс ч бас илүү их гэмтдэг гэдгийг онцлох нь зүйтэй. Хэрвээ арилгуулахыг хүсч буй шивээс том хэмжээтэй бол оролт хооронд дунджаар нэгээс хоёр сарын завсарлага авах шаардлагатай. Ингэснээр арьс бүрэн нөхөн төлжиж, доод давхаргын будаг гадаргуу дээр гарч ирдэг юм" хэмээн Оросын хамгийн шилдэг шивээс арилгагч гэх Григория Пухов зөвлөлөө.

"Хэрвээ та шивээсээ арилгахаар шийдсэн бол үүнд мөнгөө бүү харамлаарай. Илүү хямд үйлчилгээнд хамрагдсанаар та насан туршид үлдэх сорви, гэмтэл авах аюултай шүү" гэж Sasha Unisex энэхүү зөвлөгөөний төгсгөлд онцлон хэллээ.

цааш үзэх