Хайх

Хөлийн судасны бүдүүрэл: Үүсэх шалтгаан ба тэмцэх аргууд

Хөлийн судасны бүдүүрэл: Үүсэх шалтгаан ба тэмцэх аргууд

Венийн судасны өргөслийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ

Text: Buro.Mongolia


Хөлөн дээр тань аалзны тор мэт, товойж харагдах венийн судаснууд үүссэн бол венийн системээр мэргэшсэн флеболог эмчид хандах цаг иржээ. Энэ нь гоо зүйн хувьд ч тэр, эрүүл мэндийн хувьд ч тэр хүндрэл үүсгэх магадлалтай өвчин юм. Варикоз буюу венийн судасны өргөсөл нь хүний бие организмын цусны эргэлтийн системд нөлөөлөх аюултай бөгөөд бидний амьдралын хэв маяг, хооллолт ба генийн онцлогоос шалтгаалан үүсдэг байна. Ингээд энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, тэмцэх талаар мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Бүх учир клапанд бий

Цусны эргэлтэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг венийн клапанууд буюу хавхлагууд нь цусны урсгалыг чиглүүлж, зохицуулдаг билээ. Клапануудын үйл ажиллагаа алдагдаж, хэт ачааллаж, эсвэл венийн уян хатан байдал муудах үед цусны эргэлт хэвийн байхаа больж, зарим газруудад саатдаг байна. Үүнээс үүдээд венийн судаснууд хэвийн хэлбэрээ алдаж, хөөн томорч, аалзны тор мэт болдог юм.

Хөдөлгөөний дутагдал уу эсвэл удамшил уу?

Аалзны тор мэт харагдах, өргөссөн судасны асуудал эмэгтэйчүүдэд ч тэр, эрчүүдэд ч тэр тулгарах боломжтой. Биеийн доод хэсэг бидний жин болоод амьдралын хэв маягаас хамааран өндөр ачаалалтай байдаг. Хэрвээ варикоз үүссэн нийт тохиолдлын 80% нь амьдралын хэв маягаас шалтгаалдаг бол, үлдсэн 20% нь удамшлын гаралтай байдаг. "Гэр бүлийн түүх варикоз үүсэх эрсдэлтэй шууд холбоотой. Хэд, хэдэн судалгааны үр дүнгээс харахад хэрвээ эцэг эх хоёулаа доод мөчний венийн судасны өргөсөл өвчинтэй бол тэдний 90%-ийх нь хүүхдүүдэд ч бас энэ өвчин үүсдэг байна. Харин эцэг эхийн аль нэг нь варикозтой бол эрэгтэй хүүхдүүдийн хувьд судасны өргөсөл үүсэх 25%, эмэгтэй хүүхдүүдийн хувьд 62%-ийн магадлал байдаг гэнэ. Хэрвээ эцэг эхийн аль нь ч ийм өвчингүй бол удамшлаас гадна өөр шалтгааны улмаас варикозтой болох магадлал 20% байдаг байна" хэмээн Атлас анагаах ухааны төвийн генетикийн эмч тайлбарлалаа.

Венийн судасны өргөсөл нь ихэвчлэн ахимаг насныханд тохиолддог бөгөөд биеийн ачаалал нэмэгдсэнээс болж, эсвэл тухайн хүн хөдөлгөөний дутагдалд орсны улмаас үүсдэг байна. Үүнээс гадна ивэрхий, хавтгай ул, хэт таргалалт, тамхи, буруу хооллолт зэрэг нь цусны эргэлтийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх магадлалтай. Цусны эргэлтийн эрүүл мэндийг дэмжихийн тулд тогтмол бөгөөд тэнцвэртэй байдлаар биеийн хөдөлгөөн, дасгал хийх хэрэгтэй. Хөдөлгөөний дутагдал нь доод мөчид цусны эргэлт саатахад хүргэдэг бол, эсрэгээрээ хэт их дасгал хийснээр судаснууд ачааллаа дийлэхгүй байх аюултай.

Варикозын эмчилгээ

Ерөнхийдөө эмч нар варикозыг шууд хараад л оношилдог. Харин венийн судасны илүү дэлгэрэнгүй оношилгоог ЭХО, допплерографи ба антиографи үзлэгүүдээр тогтоох боломжтой. "Варикозын өвчин хүндэрч буй нөхцөлд л эмчилгээ эхлүүлэх нь зүйтэй. Мөн хөлийнхөө ачааллыг багасгах, дасгал хийж эхлэх зэрэг наад захын арга хэмжээнүүд нь энэ өвчинтэй тэмцэхэд хангалтгүй байх болно. Тодруулбал биеийн хөдөлгөөнөө нэмэгдүүлэн дасгал хийж эхлэхийн зэрэгцээ цусны эргэлтийг хэвийн болгож, судасны ханыг бэхжүүлдэг тусгай эм уух хэрэгтэй. Тэр дундаа хялгасан судсыг бэхжүүлэх үүрэгтэй С амин дэм ба рутиныг анхааралдаа аваарай. Хэрвээ цусны даралт ихэсдэг бол эмч даралт буулгадаг эм бичиж өгнө" хэмээн флеболог эмч Инна Вербаль ярилаа.

Хөл хавагнах, загатнах, татаж өвдөх зэрэг нь эмчид хандах анхны шинж тэмдгүүд юм шүү.

Варикозоос урьдчилан сэргийлэх нь

Амьдралын хэв маягтаа зөв дадал, зуршил нэвтрүүлэх нь их чухал. Хүчний болон гимнастикийн дасгалууд нэмэх, ажлынхаа үеэр түр завсарлагаа аван биеэ хөдөлгөн богино ч болов уу зайд алхах, ажлынхаа дараа хөлөө зүрхний түвшингээс дээр байрлахаар өндөрлөгт тавин амраах нь маш үр дүнтэй байх болно. Мөн бие давхар үедээ тусгай даралттай оймс өмсөх нь варикоз үүсэхээс хамгаална. "Доод мөчний венийн судасны өргөсөл үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжгүй. Ердөө өвчин үүссэний дараах явцыг удаашруулах боломжтой. Үүний тулд хэтэрхий удаан хугацаагаар зогсож, суухгүй байхыг хичээж, тэр тусмаа хөлөө солбин суухгүй байх хэрэгтэй. Үүний оронд суухдаа хөлөө өргөж, аль болох өндөрлөгт байршуулан амрааж, хананд тулж, унтахдаа тусгай дэрэн дээр байршуулж байхыг зөвлөж байна. Мөн спортоор тогтмол хичээллэж, бэлхүүс болон хөлийн орчимд хэт их даралт үзүүлэх хувцас өмсөхгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ эмч зөвлөвөл тусгай даралттай оймс өмсөж болох юм" гэж Атлас анагаах ухааны төвийн генетикийн эмч хэллээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх