Хайх

Зуны улирлын арьс арчилгааны талаарх таван асуулт

Зуны улирлын арьс арчилгааны талаарх таван асуулт

Buro 24/7 тоймчийн зөвлөгөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Buro 24/7-ийн тоймч Алексей Савостин бүсгүйчүүдийн түгээмэл асуултад хариулж, тустай зөвлөгөөнүүд өгч байна

Цаг агаар дулаарах мөчид арьс арчилгааны бүтээгдэхүүнээ солих шаардлагатай юу?

"Зуны цагт "өвлийн" гоо сайхны бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хэрэглэж болох уу?" гэх асуулт бүсгүйчүүдийн сонирхлыг ихэд татдаг. Цаг агаар дулаарах үед агаар мандлын өндөр температур бидний арьсан дах өөхний булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Энэ нь арьсыг чийгшлээ алдахад хүргэж, илүү тослог болгодог. Гэхдээ өвлийн турш хэрэглэж байсан бүтээгдэхүүнээ солих шаардлагатай эсэх нь зөвхөн тухайн хүний арьсны онцлогоос хамаарна. Зарим хүмүүсийн арьс зун ч, өвөл ч нэг хэвийн байх тохиолдол бий.

Хэрвээ зуны улиралд таны Т бүс тослогжих хандлагатай байдаг бол илүү хөнгөн бүтэцтэй өдрийн тос хэрэглэхийг бодоорой. Хэрэв үгүй бол, "өвлийнхөө" тосыг санаа зоволтгүй хэрэглэж болно. Ерөнхийдөө ихэнх бүсгүйчүүд өөрт таарсан арьс арчилгааны дэглэмээ сонгож, хэрэглэж заншсан бүтээгдэхүүнээ дөрвөн улирлын турш хэрэглэдэг. Тэгэхээр энэ асуудлыг чухалчлан авч үзэх хэрэггүй дээ.

Химийн гаралтай пилингийг зун хийлгэж болох уу?

Болохгүй гэж хэлэх байна. Гэхдээ бүсгүйчүүд маань мэргэжилтнүүдийн зөвлөгөөг үл хамаарч, гоо сайхны процедурыг хүссэн үедээ хийлгэх хандлагатай байдаг. Тиймээс хэрвээ та химийн гаралтай пилингийг зуны улиралд хийлгэхээр шийдсэн бол чухал ач холбогдолтой тодорхой хэдэн дүрмийг заавал ч үгүй баримтлаарай.

Нэгдүгээрт зуны цагт зөвхөн өнгөцхөн хэлбэрийн, хамгийн зөөлөн үйлчилгээтэй пилингийг сонгох нь зүйтэй. Арьс нөхөн төлжих хугацаа нь долоо ба түүнээс дээш хоногтой пилингийн төрлүүдийг ор тас мартах хэрэгтэй. Хоёрдугаарт пилинг хийлгэсний дараа SPF 30 ба түүнээс дээш нарнаас хамгаалах хүчин чадалтай тосыг арьсандаа тогтмол түрхэж байх шаардлагатай. Тэгээд ч ер нь SPF 6 ба 15 түвшний хамгаалалттай тосыг хэрэглээнээсээ бүр мөсөн хасах хэрэгтэй. Тэдгээр тос нь хэнийг ч нарнаас хамгаалж чадахгүй. Гуравдугаарт зуны амралтаараа аялалд гарах төлөвлөгөөтэй байвал пилингийн курс эмчилгээг аялалд явахаасаа хоёр долоо хоногийн өмнө дуусгах ёстойг анхааралдаа аваарай. Дуусгаж амжихгүй байвал түр завсарлаж, аяллынхаа дараа үргэлжлүүлж болно шүү дээ.

Зуны улиралд ямар гоо сайхны процедурыг огтхон ч хийлгэж болохгүй вэ?

Энэ нь дээрх асуудалтай уялдаатай, маш түгээмэл асуулт юм. Ихэнх гоо сайхны мэргэжилтнүүд дундаж ба хүнд шатны лазер пилинг, лазер хучлага болон арьсыг гүн гэмтээх аюултай бусад процедурыг хориглодог. Өөрөөр хэлбэл арьсны эпидермис буюу өнгөн давхаргыг гэмтээх магадлалтай аливаа процедурыг зуны цагт огтхон ч хийлгэж болохгүй. Тэр дундаа арьсны нөхөн төлжих хугацаа нь урт, тусгай дэглэм сахихыг шаарддаг процедурууд илүү аюултай байдаг. Тэгэхээр ийм зэргийн эрсдэлтэй алхам хийхийн оронд цагийг хөгжилтэй өнгөрүүлж, маш их инээмсэглэсний ачаар арьсаа залуужуулаарай.

Зуны улирлын арьс арчилгааны талаарх таван асуулт (фото 1)

Өндөр түвшний SPF-тэй (30-50) тосыг өдөр тутамд хэрэглэх нь зүйтэй юу?

Гоо сайхны салбарын хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг бол яахын аргагүй арьсны толбожилт юм. Үүнтэй тэмцэхэд маш хэцүү байдаг. Та далайн эрэг дээр амрахдаа нарны хорт туяанаас зугтах зорилгоор үргэлж битүү хувцас өмссөн ч гэлээ энэ нь танд 100%-ийн хамгаалалт өгөхгүй.

Хамгийн сонирхолтой нь ихэнх гоо сайхны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нарны туяа нь арьсны дархлааны эсүүдийг устгаж, толбо үүсгэж, арьсыг цагаасаа эрт хөгшрөхөд хүргэдэг. Харин арьс болон хүний бие организмын шинжлэх ухааныг судалдаг эрдэмтэд үүнтэй маргадаг.

Аль онол нь үнэн болохыг одоогоор мэдэх аргагүй ч, нарны туяанаас өөрийгөө хамгаалж байхад буруутахгүй л болов уу. Хэмжээ хязгаартай наранд биеэ шарж, тухай бүрдээ SPF-тэй тос түрхэж байхыг зөвлөж байна. Гэхдээ SPF өндөртэй тосны хэрэглээг хэтрүүлэхгүй байх нь бас их чухал. SPF-тэй тосыг хоёр цаг тутам арилгаж, шинээр түрхэж байх хэрэгтэйг сайтар санаарай. Эс тэгвээс тосны найрлага дахь химийн гаралтай шүүлтүүр нь исэлдэж, арьсанд нарнаас ч илүү хор уршиг учруулна.

Далайн эрэг дээр амрахдаа арьсаа хэрхэн арчлах вэ?

Glenfiddich вискиг Moët-той хольж хэрэглэхгүй байхад л болно доо. Бусдаараа бол маш энгийн арчилгаа шаардагдана. SPF 30-50 тосыг зөвхөн биенийхээ арьсанд гэлтгүй мөн нүүрэндээ хэрэглэх хэрэгтэй. Хүзүү ба цээжнийхээ нимгэн, эмзэг арьсандаа онцгой анхаарал хандуулахаа мартуузай. Биеийн энэ хэсгийн арьс маш бага хэмжээний өөхний булчирхай агуулдаг тул өөрийгөө хамгаалах чадвар муутай байдаг.

Түүнчлэн нарны туяа хамгийн хурц байдаг 11:00 ба 16:00 цагуудад огтхон ч наранд хэвтэж болохгүйг анхааруулах байна. Мөн наранд биеээ шарсныхаа дараа арьсандаа тайвшруулах үйлчилгээтэй, чийгшүүлэгч тос түрхэхээ мартаж болохгүй. Жигд борлохыг хүсч байвал наранд шарахаасаа өмнө биеэ бүхлээр нь скрабдаарай.

цааш үзэх