Хайх

Shiseido нүүрний хиймэл арьсыг патенталлаа

Shiseido нүүрний хиймэл арьсыг патенталлаа

Амьсгалдаг, уян хатан бүрхүүлийг гоо сайхны салбар дахь нэн чухал нээлтээр нэрлэж байна

Text: Buro.Mongolia


WWD сэтгүүлийн мэдээллэж буйгаар косметикийн Shiseido брэнд ба Массачусетсээс гаралтай Olivio стартап компанийн профессорууд хамтран «second-skin» («хоёр дахь арьс») гэх технологийг патенталсан байна. Кембридж дахь Olivio-гийн лабораторид энэ технологийн тусламжтайгаар амьсгалах чадвартай, уян хатан бүтэцтэй, яг л хүний жинхэнэ арьс мэт бүрхүүл бүтээжээ. Энэ бүрхүүл нь жинхэнэ арьстай бүхэлдээ уусдаг бөгөөд төрөл бүрийн косметик бүтээгдэхүүний суурь болох боломжтой юм.

«Үүгээр арьсаа бүрхэх боломжтой тул бид бүрхүүл гэж нэрлэсэн. Гэхдээ үнэн хэрэгтээ үүнийг маш олон төрлөөр ашиглаж болно. Бидний бүтээсэн энэ зүйл хүний гаднах төрхийг өөрчлөхгүй тул аюулгүй гэсэн үг. MIT-гийн (Massachusetts Institute of Technology) профессор байх нь миний үндсэн ажил. Би энгийн судалгаанууд хийх дуртай ч, тэр бүрийг жинхэнэ нээлт болж, дэлхийг өөрчилж, амьдрахад илүү сайхан газар болгоосой гэж хүсдэг» хэмээн Olivio компанийн үүсгэн байгуулагчдын нэг, доктор Роберт Лангер ярьсан байна.

Shiseido-гийн онцолсноор «second-skin» технологи нь «косметик бүтээгдэхүүн эсвэл гоо сайхны мэс заслын аргаар хүрэх боломжгүй үр дүнд хүргэх» аж. Брэндийн төлөөлөгчид «second-skin» технологи дээр суурилсан анхны бүтээгдэхүүнүүд 2020 онд гарна гэдгийг мэдэгджээ.

цааш үзэх