Хайх

Бие борлуулагч аппарат

Бие борлуулагч аппарат

Зун цаг ирлээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг: GOOGLE (reusable photos)

Зун болж нимгэн хувцсаа өмсөх гэтэл арьс тань хувхай цагаан харагдаж, далайн эрэг дээр биеэ сайхан гэгч нь борлуулах юмсан гэсэн бодол төрж байна уу? Байгалийн аргаар борлох боломжгүй байгаа хүмүүст өөр нэгэн сонголт бий.

Гадаа наранд хэвтэж, арьсаа борлуулах нь хэдий сайхан ч цаг зав их шаарддаг. Харин гадаадад ихээр хэрэглэгддэг болсон арьс борлуулагч аппарат нь таныг хурдан хугацаанд борлуулах чадвартай. Монголчууд маань ч аль хэзээний энэхүү аппаратыг хэрэглээд эхэлчихсэн. Одоогоор Улаанбаатар хотод гурван салон арьс борлуулах аппараттай бөгөөд эмэгтэйчүүд ихээр үйлчлүүлж байгаа гэнэ.

Борлуулах аппаратын гол хэрэгсэл болох хэт ягаан туяаны гэрэл нь таны эсийг меланин гэгч уургийн пигментийг ялгаруулах үйл явцад дэмжлэг үзүүлснээр арьсны өнгө өөрчлөгддөг.

Хэрвээ та битүү орчноос айдаггүй, мөн хэт ягаан туяаны хор уршгийг мэддэг хэрнээ арьсаа түргэн аргаар борлуулахаар шийдсэн бол арьсаа зөв борлуулах талаар "Grease Hair & Beauty Salon"-ны мэргэжилтэн Хатантуулаас авсан бидний зөвлөгөөг сонирхоно уу.

Арьсны төрлөө сайтар шинжээрэй

Нэгдүгээрт анхаарах зүйл бол арьсны тань төрөл юм. Хүн хүний арьсны бүтэц өөр онцлогтой тул шарлагын хугацаа, давтамжийг өөр өөрөөр тохируулах хэрэгтэй болдог. Хэрвээ та хэт эмзэг арьстай бол анх орохдоо гоо сайханчтайгаа зөвшилцөн бага минутаар ороорой. Мөн өнөө үед  "байгалийн" гаралтай бүх юм үнэлэгддэг болсон тул арьсны өнгөндөө тааруулж давтамжаа хэтрүүлэлгүй арьсаа байгалийн харагдахаар борлуулаарай.

Нүдний хамгаалагч шил заавал зүүгээрэй

Бидний эмзэг нүдийг борлуулалтын аппаратны хэт ягаан туяанаас зовхи маань хамгаалж чадахгүй. Хэт ягаан туяа нь нүд уруу эгц чиглэсэн тохиолдолд хараа гэмтээх аюултай тул борлуулах хугацааны турш заавал хамгаалагч шил зүүгээрэй.

Хэтрүүлж болохгүй

Ерөнхий дүрмийн дагуу долоо хоногт хоёр удаа орох нь зүйтэй байдаг. Тэгэхээр хүссэн үр дүндээ хүрэхийн тулд нэг оролтоос дараагийн оролт хүртэл дор хаяж гурван хоног хүлээгээрэй. Ингэснээр таны арьсанд хорт хавдар үүсгэх аюулаас сэргийлнэ.

Арьсаа борлуулахаас өмнө нь бас дараа нь анхаарах зүйлс

Борлуулах үйлчилгээнд орохоос дор хаяж гурав хоногийн өмнө буюу орсоны дараа ч мөн адил ваксанд орох, саунд суух, биеэ хүчтэй үрэх зэрэг арьсыг цочирдуулах магадлалтай зүйлс хийж болохгүй.

Эмчийн зөвлөгөөний дагуу орох эсэхээ шийдээрэй

Жирэмсэн, эмчилгээ хийлгэж байгаа болон борлуулах аппаратны үйлчилгээ харшил үзүүлж болох хүмүүс энэ аргаас татгалзах хэрэгтэй.  Түүнчлэн хэтрүүлэн хэрэглэсэн борлуулагч аппарат нь арьсны хорт хавдар үүсгэх, арьс үрчийлгэх, дархлааны систем бууруулах зэрэг эрсдэлтэй гэдгийг санаарай.

Танд санал болгох бие борлуулагч аппаратаар үйлчилдэг салонууд: Грийс хэйр & Бьюти салон, Байгаль бьюти & Спа салон, Чармин бьюти & Спа салон.

цааш үзэх