Хайх

Нүүр будалтын 2017 оны долоон чиг хандлага

Нүүр будалтын 2017 оны долоон чиг хандлага

Нью-Йоркийн загварын долоо хоногоос

Text: Buro.Mongolia


Зураг:

Ирэх 2017 онд ямар нүүр будалт тренд болохыг тандаж үзвэл улаан өнгийн smokey eyes, гялалзсан уруул ба доод зовхио хар өнгөөр хүрээлэх зэрэг аргууд илэрлээ

Нүүрэн дээрх цэцэг

Rosie Assoulin нүүрэн дээрх гоёмсог цэцгүүдтэй сэтгэл хөдөлгөм будалтыг шинэ цуглуулгын шоун дээрээ танилцуулсан. Уг будалт нь дараа жилийн зун хөгжмийн наадмууд дээр харагдаж, ийм будалттай охидын зургууд олон нийтийн сүлжээнд тархана гэдэгт итгэлтэй байна. Жижиг цэцгүүдийг нүүрэн дээрээ тогтоохын тулд хиймэл сормуусны цавуу ашиглаж болно. Хамгийн гол нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Учир нь цэцгүүд дангаараа маш их анхаарал татах тул нүүр будалт аль болох бага байсан нь дээр шүү.

Нүүр будалтын 2017 оны долоон чиг хандлага (фото 1)

Улаан өнгийн smokey eyes

Хүрэн улаан, ягаан эсвэл улаан гээд өөрийн хүссэн өнгөө сонгосноор та алдахгүй. Ирэх хаврын smokey eyes будалтын хамгийн сонирхолтой хувилбар нь энэ байх болно.

Гранж маягийн нүдний будалт

Дараа жил нүднийхээ дээд зовхинд нарийн, цэвэрхэн контур зурах шаардлагагүй болно. Харин оронд нь хамаг анхаарлаа доод зовхиндоо хандуулаарай. Хар өнгөөр хайхрамжгүй будсан мэт гранж стилийн будалт нь нүдийг илүү том харагдуулна. Энэхүү нүдний будалт нь зөвхөн гадаа гудамжинд төдийгүй үдшийн сонгодог арга хэмжээнд ч тохирно.

Улаан хацар

Нью-Йоркийн загварын долоо хоног дээр дрейпингийн хэд, хэдэн боловсронгуй хувилбар харагдсан. Үүний нэг бол хацрыг улаан өнгөөр тодруулах арга юм. Ийм төрлийн будалт хийхийг хүсвэл будгаа гамнах хэрэггүй. Шанааны яс ба чамархайд хацар өнгөлөгчөө маш зузаан түрхээрэй. 

Нүүр будалтын 2017 оны долоон чиг хандлага (фото 2)

Саатай уруул

Их Британий нүүр хувиргагч Пэт МакГратын ачаар саатай, гялалзсан уруул моодонд орж байна. Уруулын будаг, өнгөлөгч ба зузаан давхар саа нь таны нүүр будалтыг илүү анхаарал татсан, хурц болгож өгнө. Энэ тохиолдолд нүдний тень ба хайлайтер хэрэглэхгүй байсан ч болно. Оронд нь сормуусаа бага зэрэг будахад л хангалттай.

Нүүр будалтын 2017 оны долоон чиг хандлага (фото 3)

Дээд зовхины өргөн контур

Ирэх хавар зөвхөн дээд зовхиндоо  өргөн багсаар контур зурж минималист нүүр будалт хийгээрэй. Гэхдээ доод зовхиндоо будаг хүргэлгүй орхихоо мартав аа. Мөн уруулаа ч хэт тодруулсны хэрэггүй. Учир нь таны нүд хамаг анхаарлыг өөртөө татах болно. Харин хөмсгөө бага зэрэг тодруулж зурахад болохгүй зүйл байхгүй.

Зэс өнгийн тодруулагч

Доод зовхио зэс өнгийн будгаар тодруулснаар таны нүд илүү ер бусын харагдах бөгөөд өдөр тутмын будалтанд ч энэ арга тохиромжтой. Доод зовхио бүхэлд нь эсвэл талд нь хүртэл өргөн зураас зурж болно. Энэхүү будалт нь nude ба smokey хоёрын алинд ч хамаарахгүй боловч Нью-Йоркийн загварын долоо хоногийн тайзнаа маш их үзэгдсэн байгаа. 

цааш үзэх