Хайх

#NoBuy хөдөлгөөн: Косметик бүтээгдэхүүний хэрэглээ хэтэрч байна

#NoBuy хөдөлгөөн: Косметик бүтээгдэхүүний хэрэглээ хэтэрч байна

Минимал амьдралын хэв маяг

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлийн үед бүсгүйчүүд гоо сайхандаа хэт их анхаарал тавьж, төрөл бүрийн аргаар өөрийгөө арчлах болсонтой холбогдуулан мөн олон нийтийн сүлжээн дэх инфлюэнсерүүд долоо хоног бүрд ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн сурталчлан пост оруулж байгаагийн улмаас бидний косметик бүтээгдэхүүний хэрэглээ ердийнхөөс хэд дахин их болж энэ нь эргээд хэд, хэдэн асуудлын эх үүсвэр болоод байгаа билээ. Тодруулбал арьс илүү эмзэг болж, үрэвсэл үүсээд байгаа талаарх гомдол улам л их сонсогддог болоод байна. Мөн үүний зэрэгцээ хэрэглэж дуусаагүй бүтээгдэхүүнүүд бидний ванны өрөөнд овоорон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх шаардлагагүй хог хаягдлыг бий болгож байна.

Тэгвэл саяхнаас энэ хандлагыг зогсоох, эсвэл ядахдаа удаашруулах зорилготой #NoBuy гэх хөдөлгөөн дэлгэрээд байгаа бөгөөд үүнд Instagram-ын хэрэглэгчид аль хэдийнэ идэвхтэйгээр нэгдэн оролцож байна. Хэрэглэгчид энэхүү хөдөлгөөний гол зорилгын дагуу олон сарын турш шинэ худалдан авалт хийхгүй байх чэлленж өрнүүлж, худалдаж авсан косметик бүтээгдэхүүнээ дуустал нь хэрэглэж, илүү энгийн арьс арчилгаа руу шилжиж байгаа юм.

 

Хэдийгээр #NoBuy хөдөлгөөн үүсээд удаж байгаа ч саяхнаас л олны дунд дэлгэрч эхлээд байгаа нь энэ. Жишээ нь энэ оны нэгдүгээр сард 124,000 дагагчтай блогер Сереин Ву энэ хөдөлгөөнд нэгдэж буйгаа зарлаж, косметик бүтээгдэхүүний хэмжээ хэтрээд байгаатай санал нэгдсэн юм. Түүний онцолсноор бид олон чанаргүй бүтээгдэхүүн худалдаж авахын оронд нэг чанартай зүйлд хөрөнгө оруулалт хийн тэрхүү бүтээгдэхүүнээ тууштай хэрэглэх нь арьсны эрүүл мэндийн хувьд ч тэр, санхүүгийн хувьд ч тэр зөв шийдвэр гэжээ. Түүнээс гадна Ханна Луиза Постон гэх гоо сайхны блогер мөн л энэ хөдөлгөөнд нэгдэж, 2018 оны турш шинэ худалдан авалт хийлгүй өнгөрсөн байна. Тэрээр өмнө нь сард 220 фунтийг косметик бүтээгдэхүүнд зарцуулдаг байсан бол одоо 39 фунт болгон хэмнэлт хийжээ.

#NoBuy хөдөлгөөнийг яг одоо гоо сайхны салбарын мэргэжилтнүүд, блогерууд болон хэрэглэгчид гээд олон нийтээрээ дэмжиж байна. Учир нь энэ хөдөлгөөн нь хүн бүрийн хувьд, мөн байгаль орчны хувьд бүх талаараа ашигтай шийдвэр болоод байгаа юм. Чанартай бөгөөд үр дүнтэй арьс арчилгаанд тийм ч олон зүйл шаардлагагүй гэдгийг олон мэргэжилтнүүд онцолдгоос гадна байгалийн дүр төрх илүү үнэлэгдэх болсон өнөө үед эрүүл хооллолт, зөв амьдралын хэв маяг зэрэг илүү чухал зүйлсэд хөрөнгө оруулалт хийх нь ухаалаг биз ээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх