Хайх

Загварын долоо хоногийн шилдэг гоо сайхны төрхүүд

Загварын долоо хоногийн шилдэг гоо сайхны төрхүүд

Шоунуудыг дахин нэг санацгаая

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Загварын улирал дууссан тул бид өнгөрсөн шоунуудыг дахин нэг үзэж, тод, галзуу, өдөр тутмын, ер бусын гэх мэт шилдэг гоо сайхны төрхүүдийг сонголоо

Ashish

Нүдний тенийн оронд ашигласан олон өнгийн гялалзсан чимэглэлүүд, байгалийн арьс, тодруулсан хөмсөг ба бага зэрэг янзалсан үс бүхий төрх нь Ashish брэндийн нүүр хувиргагчийн бодлоор оройн үдэшлэгт төгс тохирох гэнэ.



Cividini

Төгс шулуун бас гөлгөр үс алдрын оргилоос буугаагүй л байна. Харин нүүр будалтад ганцхан ялгарах чимэг байсан нь тод ягаан өнгийн нүдний тень байлаа. Ийм нүүр будалтыг дуурайхад тун хялбар байх болно.



Dolce & Gabbana

Dolce & Gabbana шоуны зочдын бүх анхаарал загвар өмсөгчдийн толгойг чимэх цэцэг, жимстэй хүрээнүүд дээр төвлөрлөө. Тод өнгийн жүрж, нимбэг ба цэцэгс хавар, зуны илэрхийлэл боллоо. Харин нүүр будалтыг Пэт МакГрат хариуцаж, өнцөгтөө ууссан сум хэлбэрийн хүрээлэгч, ягаан өнгийн уруул ба хацар өнгөлөгчөөс бүрдсэн төрх бүтээлээ.



Dries Van Noten

Dries Van Noten шоуны тайзны ард ажиллаж байсан стилист Сэм МакНайт загвар өмсөгчдийн үсийг 1940-өөд оны хэв маягаар засаж, охидын нүдийг гүн цэнхэр өнгийн гялалзсан будгаар тодруулжээ.



Jeremy Scott

Цуглуулгын загваруудтай харьцуулбал моделиудын гоо сайхны төрх нэлээд даруухан байсан ба Остин Пауэрс киноны эмэгтэй баатруудыг санагдууллаа. Тодруулбал стилист Южин Сулейманы сонгосон 1970-аад оны сэдэвтэй том хэмжээстэй парикууд, тоорын өнгөтэй уруулын будаг, зузаан сум хэлбэрийн хүрээлэгч ба доод зовхийг чимэх "нарны цацрагууд"-аас бүрдсэн төрхүүд тайзнаа гарлаа.



Givenchy

Рикардо Тиши нэг биш удаа загвар өмсөгчдийн нүүрийг чулуу, сувд ба тороор чимж байна. Харин "маск"-гүй гарч ирсэн моделиуд бараг будаггүй байлаа.

Rodarte

Цуглуулга торон нэхээс, хамба хилэн, гялалзсан чимэглэлүүдээр дүүрэн байсан тул моделиуд аль болох бага, тоорын өнгөтэй нүүр будалттай гарч ирлээ. Зочдын анхаарлыг зөвхөн цэцгэн хээтэй, үзэсгэлэнтэй, төмөр үсний хавчаарууд л татаж чадлаа.



Diane von Furstenberg

Diane von Furstenberg шоуны төрхийг анзааралгүй өнгөрсөн хүн гэж үгүй байх. Учир нь брэндийн нүүр хувиргагчид моделиудын төрхийг бүтээхдээ үүсгэн байгуулагч Диан фон Фюрстенберг өөрөөс нь санаа авч, түүний анх алдарт "Студи 54"-т ирэхэд харагдсан төрхийг дуурайх гэж хичээсэн аж. Оюу ба ногоон өнгийн, усан цэнхэр туяатай нүдний тень, гэрэлтсэн арьс, буржгар үс зэрэг нь 1970-аад оныг төгс мэдрүүлэх болно.



Missoni

Шоуны нүүр хувиргагч Лючия Пьерони Анри Матисс болон Поль Гогены уран бүтээлүүдээс урам авсан аж. Загвар өмсөгчдийн нүдийг шар, оюу, цэнхэр гэх өнгийн нүүрний арьсанд зориулагдсан усан будгаар хайхрамжгүй буджээ.



Marni

Том Пэш ба Пол Хэнлон нарын бүтээсэн төрх бидэнд маш их таалагдлаа. Тэгшхэн хувааж хоёр боосон үс, ер бусын урттай бөөгнөрсөн сормуус загвар өмсөгчдийг "өхөөрдөм" харагдуулж байв.



Giambattista Valli

Нүүр хувиргагч Вэл Гарланд M. A. C брэндийн Mixing Medium Eyeliner-ийг ашиглаж, хөмсөг доор гялалзсан будаг тавьснаар тун өвөрмөц будалт хийлээ.



Sonia Rykiel

Sonia Rykiel шоуны алтлаг өнгийн арьс, гялалзсан хар-цэнхэр smoky eyes ба будаггүй байгалийн уруул бүхий төрх "моод"-ноос хэзээ ч гарахгүй.



Alberta Ferretti

Alberta Ferretti-гийн шоу дээр загвар өмсөгчдийн нүүрний арьс боронзон ба алтлаг туяануудаар гэрэлтлээ. Ийм эффект гаргаж авахын тулд Шарлотта Тилбери-д боронзон пудр, highilter, сувдан пигментүүд хэрэг болжээ. Түүнээс гадна тоорын ягаан өнгөтэй хацар өнгөлөгчөөр төрхийг гүйцээжээ. Моделиудын үсийг сул мушгиж, алтан утсаар чимэн дээшээ боосон харагдлаа.



Valentino

Энэ удаагийн Valentino-гийн шоу дээр үндэстэн ястны сэдэв ноёрхлоо. Загвар өмсөгчдийн үсийг африк маягаар сүлжиж, үзүүрийг нь хайхрамжгүй овоохой болгон боожээ. Нүүр будалтад зөвхөн нүд болон шанааг тодруулсан байлаа.

цааш үзэх