Хайх

Абстракт, ахуй хоёр нэгдсэн нь

Абстракт, ахуй хоёр нэгдсэн нь

OTGO-гийн ZURAG буюу түүний дэлхийгээр аялсан бүтээлүүдийн тухай

Text: Ж.Чинбат


Зураач Эршүүгийн Отгонбаяр удахгүй "OTGO Retrospective works from 1998 to 2008" үзэсгэлэн гаргах гэж байна. Хэрэв ретроспектив буюу латин хэлний "эргэн харах" гэх утгатай үгээр нэрлэсэн үзэсгэлэн гарах гэж байвал энэ нь маш чухал, онцгой үйл явдал гэдгийг илэрхийлдэг билээ. Саяхан гэхэд 2016 онд Йоко Оно, 2015 онд Хельмют Ньютоны ретроспектив үзэсгэлэнгүүд гарч шүтэн бишрэгчидээ дахин нэг шуугиулаад авсан. Хельмют Ньютон гэхэд дахиж шинэ уран бүтээл гаргахгүй, тэнгэрийн орондоо аль эрт харьсан уран бүтээлч хэр нь гэрэл зурагт дурлагсдыг өөрийн эрхгүй ховсодсоор байдаг. Тэгвэл уран бүтээлчид амьд сэрүүн байхдаа ретроспектив үзэсгэлэн гаргах нь урлагт шинэ зүйл ирэхийн дохио гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд бүтээсэн бүхнээ том зургаар нь дэлгэж үзүүлнэ гэдэг бол өөр цоо шинэ том зүйл ирж байгаа хэрэг ч юм билүү. Зураач Э.Отгонбаярт ч бас ийм төлөвлөгөө байж мэднэ. Учир нь тэрбээр саяхан "Миний шинэ үе ирж байгаа" гэж өгүүлсэн ярилцлага өгсөн төдийгүй өнгөрсөн жил "Шинэ амьдрал" нэртэй бүтээл толилуулсан байгаа. Тэгэхээр түүний өмнөх 20 жилд зурсан бүтээлүүдийг эргэн нэг харцгааж, Э.Отгонбаяр цаашид юу хийх гэж байгааг таамаглацгаая.

Та бүхний мэдэж байгаачлан Э.Отгонбаяр нь монгол зургийн бичил дүрсээр зурах аргаар калейдоскоп мэт эрээлжилсэн олон өнгөтэй бүтээл туурвидаг зураач, удаан хугацаагаар ХБНГУ-д суурьшин уран бүтээлээ туурвиж, европын орнуудад олон арван үзэсгэлэн зохион байгуулж, өөрийн гэсэн галерей байгуулсан идэвхтэй уран бүтээлч. Зургууд нь үзэгчдэд хөдөлгөөнтэй, чиглэл урсгалтай юм шиг харагдахын сацуу стерео зураг шиг, дотроос нь ямар нэг гурав хэмжээст дүрслэл гарах гэж буй мэт мэдрэмж төрүүлдэг онцлогтой. "Отгоо" зурахаас гадна урлаг судлаач, урлагийн менежерээр суралцаж, үзэсгэлэн зохион байгуулах чиглэлээр судалгаа хийсэн нэгэн билээ.

Түүний тухай монгол, гадаадын хэвлэлүүд хоёр янзаар бичдэг. Монголд бол түүнийг ихэвчлэн "Морин төвөргөөнөөр европын сонирхлыг татаж буй чадварлаг уран бүтээлч" гэдгийг нь илүү тодотгож, амжилт ба ажил хэргийг нь илүү өгүүлдэг бол барууны хэвлэлүүд ба галерейнууд түүний зурсан зураг, дүрсэлсэн илэрхийллийг нь задлан бичдэг. Жишээ нь Барутын Гласхүйттэ музей бичихдээ, "Зөвхөн бүтээлийн хэмжээ нь гэхэд л сэтгэл хөдөлгөм сүрдэм том. Энэхүү уран зураг нь зургаан метр хагасын урттай, хоёр метр гаруй өндөртэй. Ажиглах алхам бүрт пиксель мэт бяцхан дүрсүүд амилан хөдлөн тодорно" гэх зэргээр нарийвчлан өгүүлж байх жишээтэй.

Абстракт, ахуй хоёр нэгдсэн нь (фото 1)

"Урлаг гэдэг бусдаас онцгой байвал бишрэгддэг. Чи бусдаас өөр байж чадахгүй бол уран бүтээлч болоод ч хэрэггүй"

Үнэхээр ч Э.Отгонбаяр хоёр талаасаа сонирхолтой уран бүтээлч. Барууныханд дорнын Буддист арга барил буюу танка зургаар абстракт зураг зурсан нь, түүн дотроо маш этгээд сонин дүрслэл бүхий мянга мянган хүн, амьтнаар баялаг өрнүүн түүх өгүүлдэг нь сонирхолтой санагддаг биз. Тэд ой ухаанаа нэгжиж үзээд ч өмнө нь "Отгоо"-гийн зурагтай адил зүйл харж байгаагүй болохоор илүү өөр сэтгэгдэл төрүүлдэг болов уу. "Отгоо"-гийн энэ чанар нь Берлин ба германы бусад хотуудад буй мянга мянган олон үндэстний уран бүтээлчид дотор цөөн тохиолдох нүүдэлч, монгол хүн гэдгийн ялгарал юм. "Урлаг гэдэг бусдаас онцгой байвал бишрэгддэг. Чи бусдаас өөр байж чадахгүй бол уран бүтээлч болоод ч хэрэггүй" гэх Э.Отгоогийн үзэл бодлыг хангалттай дэмжих туршлага, ур чадварыг монголын урлагийн өв түүнд харамгүй өгчээ.

Тэрбээр 1996 онд ДУДС төгссөн цагаас хойш эхний зургаан жилд шүтээн зураг урлалын чиглэлээр ажиллаж, бурханы хийгээд амьдралын сайн, муугийн тухай маш их зуржээ. Энэ нь ч түүний уран бүтээлд тусгалаа олсон байгаа. "Түүний зураг танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ" гэж үзэгчдээс асуухад тэд, "Сонирхолтой хэрнээ бас аймар", "Цэцэгс ба моднууд дүрслэгдсэн байгаа хэрнээ яагаад нэг л бараан дүрслэлтэй байгаа юм бол" гэх зэрэг хоёрдмол утгатай хариулт хэлэх нь бий.

Үнэхээр ч түүний зургийг эгдүүтэй, хөөрхөн болохоор нь дэлхийн үзэгчид сонирхоогүй бөгөөд хүн төрөлхтний мөнхөд хайж явдаг амьдралын туйлын утга учир, мөн чанарыг ичгүүргүй үнэнээр нь дэлгэсэнд л илүү саатаж сонирхдог болов уу гэмээр.

"ХҮН" зурагт энэ санаа илүү тод харагддаг. Өнөөдөр дэлхийг бүрхсэн долоон тэрбум хүнийг шувуу нисэх өндрөөс харах юм бол бүгд л нүцгэн ирж, нүцгэн буцдаг ба бие, биенээсээ нэг их ялгарах зүйлгүй бодьгалиуд билээ. Хэдийгээр биднийг ухамсар, соёл, урлаг адгуусан амьтнаас ялгадаг гэж бид өөрсдөө тодорхойлох авч, үнэндээ байгалийн амьд зүйлс биднээс бүх талаараа өөр болох нь энэхүү зураг дээр харагдана. Тухайлбал "ХҮН" бүтээлийн нэгээхэн хэсгийг "Чонын сүүлчийн улиан", "Арслангийн зүүд" гэх мэтээр нэрлэсэн байгаа нь өргөн хүрээний ёс суртахууны асуултыг хүмүүст гарган тавьсэн хэрэг юм. Зурагт өгүүлэгдсэн чонын тухай гэхэд германчууд харамсан дурсахад, монголчууд хайрлан, хамгаалах тухай бодож байж болно. Энэ нь түүний зурганд буй өөр нэг энэрэнгүй чанар нь гэлтэй. Энэ зургийг барууныхан "Хүн дүрст хивс" гэж нэрлэсэн удаатай.

Абстракт, ахуй хоёр нэгдсэн нь (фото 2)

Монгол зургийн уран бүтээлчид бүтээлээ туурвихдаа ихэвчлэн бясалгалын түвшинд очиж зурахыг эрмэлздэг билээ. Э.Отгонбаяр ч мөн энэ талаар ярихдаа, "Бурханы зургийг гараараа бус бясалгаж буй мэт сэтгэл оюунаараа бүтээдэг. Энэ үед яг л бясалгал хийж байгаа мэт шинэ эрч хүч ирдэг. Зураач бурхадын дүрийг бүтээхдээ хамгийн сүүлд мэлмийг нь тодруулснаар бурхад амилдаг" гэсэн юм. Үнэхээр ч тэрбээр энэ хэлсэн ёсоороо "ХҮН" бүтээлийнхээ хамгийн сүүлчийн зурлагийг үзэсгэлэнгийн нээлтэн дээр үзэгчдийн өмнө, морин хуурын татлагатай хамт зурж гүйцээсэн байдаг. Ингэснээр бүтээл амилах ба үзэгч хүлээн авах сэтгэгдэл хоёрыг нэг дор төрүүлж чаджээ.

Үүнийг мөн л түүний уран бүтээлч ба үзэсгэлэн зохион байгуулагч гэсэн хоёрдмол шинж чанартай нь холбон тайлбарлаж болмоор санагдана. Зарим уран бүтээлчид ямар нэг асуудлын тухай, хүссэн зургаа зураад хүссэн зүйлдээ хүрэх боломжгүй тогтолцооны тухай гомдоллон өгүүлдэг бол харин Э.Отгонбаяр энэ талаар бусдаас өөр нэгэн. Тэр зөвхөн зураач байгаад зогсохгүй урлагийн менежер байхыг эрмэлзэж, өөрийнхөө уран бүтээлийн талаар хүмүүст маш тодорхой ойлголт өгөх алхмууд хийдэг байна. Түүгээр ч зогсохгүй 2010 онд Германд байгуулсан "ЗУРАГ" галерейдаа маш олон урлагийн арга хэмжээ зохион байгуулж, олон ажил зэрэг амжуулах гэсээр залуу насаа маш завгүй өнгөрөөж яваа гэлтэй. Энэхүү түүний өөртөө итгэлтэй, "Би дэлхийн дэвжээ сонирхож байна" гэж зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэх гэж шаргуу ажилласан нь өнөөдөр түүнийг өөртөө төдийгүй эргэн тойрондоо үнэ цэнэтэй уран бүтээлч болгожээ. Магадгүй Э.Отгонбаярын "Туурайн төвөргөөн" цувал бүтээлүүд түүний энэ л зан чанарыг агуулсан байж болох юм.

Абстракт, ахуй хоёр нэгдсэн нь (фото 3)

Өндөр босоо ханыг дүүргэж байрласан том зурган дээр мянга мянган морьд давхилдана. Эдгээр хоорондоо ялгарах зүйлгүй ав адил морьнууд ямар утга учиртай юм бэ гэж хэн нэгэн асуумаар. Тэд бүгдээрээ нэгэн зүгт хандаад, хуйлран давхилдаж буй нь анхны сэтгэгдлийг төрүүлнэ. Цааш нь лавшруулаад бодвол өөрийн зорьсондоо хүрэх гэсэн хүний мянга мянган бодолтой тэр морьд адилхан ч байж болмоор. Тэгвэл хүн өөрийгөө яг ийм омголон, бас залуу морьд шиг өөдрөг үзэл бодол, бүтээлч хандлагаар цэнэглэвэл тэр олон адуун сүргийн төвөргөөн адил санаа зориг нь зорьсон газарт нь хүргэж чадах нь гарцаагүй.

Э.Отгонбаярын бүтээлүүдийн бас нэг чухал хэсэг бол "Диваажингийн зургууд" гэх бүтээлүүд юм. Хар өнгийн цулгуй талбар дээр хүн ба цэцэгс өнгө өнгөөр алаглан дүрслэгдсэн энэхүү зургууд нь уламжлалт монгол зургийн хоёр хэмжээст дэлгэмэл зохиомжтой. Олон жижиг дүрслэл нь алсаас харагдахад мөнөөх л абстракт дүр төрхийг үзүүлэх авч томруулаад нарийвчлан үзвэл дүрс бүхэнд өөр өөрийн ахуй байна. Эмэгтэй хүний нүцгэн байдлыг зуун өөр янзаар дүрсэлсэн болохоор энэ зурганд бас зуун өөр янзын тайлбар, ойлгомж байх бололцоотой.

Хүн бүхэн эдгээр диваажингуудад өөр өөрийнхөө ааш зангаараа, дур тачаалаараа оршин буй нь эргээд үзэгчийг та ч гэсэн өөрийнхөөрөө диваажинд амьдарч байгаа энэ хүнээс ялгаагүй азтай нэгэн шүү гэдгийг бас сануулах шиг. Тэгэхдээ дээр хэлсэнчлэн "Отгоо" зөвхөн жаргалтай, сайн сайхан зүйлсээр нүдээ дүүргэхийг хүсдэггүй зураач. Тухайлбал 2016 онд бүтээсэн "Антарктидын дэлгэмэл хөрөг" бүтээлд үй олон оцон шувуу тэр зуржээ. "Отгоо"-гийн миниатур арга барил мөхөж устсан оцон шувуудыг дүрслэхэд гайхалтай зохицсон. Түүний нарийн зурлагат бийр амьтдын зовлон шаналалыг, сүйрэл мөхлийг хамгаалахын төлөө бэхийг дусал, дуслаар нь хэмнэж зурсан мэт маш нягт нямбай буужээ. Түүний энэхүү зураг нь Молдав улсын Үндэсний Урлагийн Музейд олон нийтийн хүртээл болсон нь зураачийн санаа зориг дэлхийн сонорт хүрч чадсаны нэгэн илрэл болсон байна. Тэрбээр мөн Молдавын Кишиневийн Бьенналиас гран-при шагнал хүртэж амжилтаа бататгасан удаатай.

"Отгоо"-гийн зургууддаа амьтдыг байгалийн бодгаль байдлаар нь шууд дүрслэхээс гадна хүншүүлэлт хийдэг. Уран бүтээлч хүнд эргэн тойрныхоо тухай, хүмүүсийн тухай маш өвөрмөц, сонин содон тодорхойлолт, дүгнэлт, дүрслэлүүд байдаг юм. Тэгвэл "Отгоо"-гийн бүтээлүүдэд нийт хэдэн зуун мянган хүн зурагдсан билээ. Магадгүй "Отгоо" зургандаа таныг, таны сайн танил хүнийг, үзэн яддаг, хайрладаг хүмүүсийг ч багтаачихсан байж магадгүй. Ингэхдээ улаан, ногоон, шар, цэнхэр гэх мэт өнгөөр нь тэр ангилсан байж болзошгүй. Эс бол хүсэл шуналдаа автагч нэгнийг нь могой дүрсэлж, амьдралын хар цагааныг хослуулан амьдардаг хүмүүсийг тахь унасан толгойгүй хүнээр ч төлөөлүүлсэн байж болно.

Абстракт, ахуй хоёр нэгдсэн нь (фото 4)

Тэгэхдээ тэрээр юуг ч туйлын сайн ба муу гэсэнгүй. Б.Отгонбаяр "ABU DHABI ART 2017" үзэсгэлэнд толилуулсан "Зураг" нэртэй бүтээлд гэхэд хүн, тахь, морьд бүгд зэрэгцэн оршино. Нийт 10 тусдаа зургаас бүрдэх энэ бүтээл нь яг л солирын бороо шаагиж байгаа огторгуйн уудам шиг хязгааргүй орон зайг дүрслэн харуулах шиг болно. Яг л хийсвэрлэл хийгээд зөн билгээр төрөх сэрэл мэдрэмж шиг хязгааргүй нууцлаг зүйл шиг санагдуулна. Хаос буюу эмх цэгцгүй, адил төсгүй чанар өнөөдөр дэлхийн хаа сайгүй газар авч, яалт ч үгүй шинэ амьдралын үндсэн шинж чанар болоод байна. Тэр байдал "Отгоо"-гийн "Зураг"-наас харагдана.

Яг л тийм уран бүтээлийн шилжилтийг "Отгоо" сүүлийн үеийн уран бүтээлүүддээ тусгасан бололтой. Харин энэ бүхний эцсийн гаргалгаа, дүн шинжилгээг үзэгч та өөрөө түүний одоо гаргах гэж буй "OTGO RETROSPECTIVE" үзэсгэлэнгээс мэдэх боломжтой. Тэрбээр 1996 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж, 2001 оноос хойш эх орондоо төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулсан цагаас хойш хуримтлуулсан бүх эрч хүч, ур чадвар одоо толилуулах гэж буй 20 зурганд нэвт шингэсэн буй биз ээ. Зүгээр ч нэг уран бүтээлчийн туурвих сэтгэлээс гадна бас Сингапур, Арабын Нэгдсэн Эмират Улс, Голланд, Герман зэрэг орон орны ерөнхийлөгчөөс эхлээд энгийн нэгэн урлаг сонирхогч хүртэл төрөл бүрийн хүмүүсийн шохоорхлыг татаж, оюуныг цэнгүүлсэн бүтээлүүд байх болно.

Абстракт, ахуй хоёр нэгдсэн нь (фото 5)

цааш үзэх