Хайх

Урлагийн бүтээл хэрхэн худалдан авах вэ?

Урлагийн бүтээл хэрхэн худалдан авах вэ?

Урлагийн бүтээл цуглуулж эхэлж байгаа хүмүүст зориулсан хөтөч

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрхэн өөрийн гэсэн урлагийн бүтээлийн цуглуулгатай болох тухай "Tappan" онлайн галерейн үүсгэн байгуулагч Челси Неман Нассиб ярьж байна.

Өөрийн гэсэн стилийг хэрхэн олох вэ?

Юуны өмнө урлагийн бүтээл худалдан авахаас өмнө урлагийн талаар мэдлэгтэй болох ёстой. Үүний тулд өөрийгөө хөгжүүлж, уран бүтээлчдийн студид зочилж, үзэсгэлэн үзэж, танд урлагийн тухай ойлголт өгөх бусад урлагийн арга хэмжээнүүдэд оролцох хэрэгтэй. Түүнчлэн таны сонирхлыг татаж буй хүмүүс ба байгууллагуудын хувийн хуудаснуудад бүртгүүлж, мэдээллээс хоцрохгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна зураач, гэрэл зурагчин, уран барималч гээд уран бүтээлчидтэй ярилцаж, үзэсгэлэнгийн эрхлэгч болон урлагийн экспертүүдээс зөвлөгөө авахаасаа айх хэрэггүй.

Урлагийн бүтээл хаанаас худалдан авах вэ?

Мэдээж хэрэг галерей ба үзэсгэлэнгээс урлагийн бүтээл худалдан авч болно. Гэхдээ урлагийн яармаг үзэсгэлэнгүүдэд давхар анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээ нь Frieze Art Fair, Art Basel, Paris Photo зэрэг арга хэмжээнүүдийг дурдаж болох юм. Ийм төрлийн арга хэмжээний үеэр маш богино хугацаанд олон сонирхолтой бүтээл олох боломжтой байдаг. Хэрэв та мэргэжлийн түвшинд урлагийн бүтээл цуглуулах гэж байгаа бол эхлээд урлагийн зөвлөхүүдтэй уулзаж зөвлөгөө аваарай.

Хэр их хэмжээний мөнгө зарцуулах вэ?

Юуны өмнө уран бүтээлд зарцуулах төсвийн дээд хэмжээгээ тогтоож, төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Гэхдээ танд өөрийн амьдралыг тухайн бүтээлгүйгээр төсөөлж чадашгүй болтол  таалагдах маш үнэтэй эд зүйлс тааралдаж магадгүй гэдгийг Нассиб анхааруулж байна. Энэ тохиолдолд мэргэжилтнүүдээс тухайн урлагийн бүтээл яагаад ийм өндөр үнэтэй байгааг нь асууж лавлан, зөв зүйлд хөрөнгө оруулалт хийж байгаа эсэхээ мэдэх хэрэгтэй гэнэ шүү.

Гэхдээ л яг юунаас эхлэх вэ?

Том хэмжээтэй уран зургууд ихэвчлэн жижиг оврын бүтээл ба гэрэл зургуудаас илүү өндөр үнэтэй байдаг. Тиймээс та гэрийнхээ ханыг галерей болгож, бага багаар цуглуулгаа өргөжүүлээрэй. Ингэх нь ч илүү амар байх болно. Учир нь та өөрийн стиль, хэв маягийг хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг харах боломжтой. Мөн нэг төрлийн өнгөтэй бүтээлүүд худалдан авснаар таны цуглуулга хоорондоо уялдаж, бүхэл болох юм.

Уран зураг уу эсвэл гэрэл зураг уу?

Уламжлал ёсоор гэрэл зураг нь ижил хэмжээтэй уран зургаас илүү хямд үнэтэй байдаг. Хэрэв та ханандаа том хэмжээтэй бүтээл өлгөхийг хүсч байгаа бол үүнийг анхааралдаа авна биз ээ. Гэрэл зураг худалдан авахдаа хөндлөн шугамтай бүтээл худалдан авахыг Нассиб зөвлөж байна. Учир нь ийм төрлийн гэрэл зураг нь орон зайг илүү том хэмжээтэй харагдуулдаг гэнэ.

"Гэрийн" галерей бүтээхэд хэр их цаг хугацаа шаардагдах вэ?

Танд жинхэнэ утгаараа таалагдах урлагийн бүтээл олно гэдэг тийм ч амар зүйл биш. Үүнд орчин үеийн технологи ч тусалж чадахгүй. Тиймээс аль болох хурдан хугацаанд ханаа "дүүргэх" гэж яарах хэрэггүй. Харин нэг эсвэл хоёр ширхэг танд үнэхээр таалагддаг, үндсэн бүтээлээс цуглуулгаа эхлүүлээрэй. Та эдгээр бүтээлүүдтэй хэсэг хугацаанд "хамт амьдарч" цаашид өөрийн галерейг хэрхэн хөгжүүлэхээ шийдэх хэрэгтэй. Мөн хамгийн гол нь энэ үйл явцаасаа таашаал авах ёстой юм шүү.

Цуглуулга бүтээхэд хамгийн чухал зүйл нь юу вэ?

Төсөв зардлаас үл хамаарч, тухайн бүтээл нь таны зүрх сэтгэлд хүрч байх ёстой. Мөн тухайн бүтээлийг урласан уран бүтээлчийн талаар судалж, түүний ажлуудын тухай олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хэрэв тухайн урлагийн бүтээл танд ямар нэг таашаал өгөхгүй бол таны хэр их хэмжээний мөнгө зарцуулсан нь огт чухал биш болно гэдгийг Челси Неман Нассиб онцоллоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх