Хайх

Неон будаг, пастель өнгөний ард нуугдсан контемпорари ертөнц

Неон будаг, пастель өнгөний ард нуугдсан контемпорари ертөнц

Одри Кавасаки, Хикари Шимода нарын зураг юу өгүүлэв?

Text: Ж.Чинбат


Орчин үеийн урлаг хүний харцыг өөртөө татахын тулд санаанд оромгүй дүр, дүрслэл, хурц тод өнгө ихээр ашигладаг. Яг ийм хандлагаар өөрийн бүтээлээ туурвидаг таван контемпорари уран бүтээлчийг та бүхэнд танилцуулж байна

Бидний өнөөдөр танилцах эдгээр поп сюрреалист уур амьсгалтай зургууд хүний анхаарлыг татдаг хэд, хэдэн шинж чанартай. Хикари Шимода, Камилла дө Эррико, Алифан нарын  зөөлөн пастель өнгө, хурц неон будагтай зургийг ямар ч залуу хүн хэдэн хором тогтож харахыг хүсдэг. Тэгэхдээ анхааралтай ажиглах юм бол энэ зургууд өнгө шигээ тийм ч цоглог уур амьсгалтай биш бөгөөд дүрүүд нь ганцаардсан, орчноос тусгаарлагдсан, эсвэл өөрийн мэдрэмжиндээ автсан төрхтэй байдаг. Орчин үеийн амьдрал дахь гял цал, хурц содон юм бүхнээс илүү чанга "хашгирч" байж тэд өөрсдийнхөө сэтгэлд байгаа хүүрнэлийг өгүүлэхийг хүссэн нь тэр ажээ. Тиймээс Нью-Йорк, Берлин төвтэй контемпорари уран бүтээлчид илүү олон нийтийн анхаарлыг татах поп уур амсьгалтай, амархан уншигдах хэллэгтэй зураг бүтээж байна. Яагаад гэвэл тэдний үзэгчид нь нас тогтсон, хуучин цагийн боловсролтой хүмүүс биш. Харин шинэ мянганы, видео тоглоом, интернэтийн эрин үед ухаан орсон сониуч үеийнхэн юм. Тэгэхдээ хэдий энэ зургууд тод, ассан өнгө, хэллэгтэй боловч урлагаар дамжуулж хэлэх гэсэн өөрийн гэсэн час хийсэн санаа, сэтгэлд хоногшиж үлдэх дүр төрхтэй байгаа. 

Одри Кавасаки 

Японоос гаралтай Америкийн контемпорари уран бүтээлч Одри Кавасаки бол олны анхаарлыг богино хугацаанд өөртөө татаж чадсан зураачдын нэг юм. Тэр 2003 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд зотон даавуу биш харин модон хавтан дээр зурдаг онцлогтой. Кавасакигийн зурдаг дүрүүд нь гэм зэмгүй, дөлгөөхөн харцтай хэрнээ нэлээн өдөөн хатгасан уур амьсгалтай байдаг. Түүний зургууд дахь нүцгэн цээж, булбарай уруул, турьхан мөр зэрэг нь урлаг сонирхдоггүй ямар ч хүний анхаарлыг татна. Эцэст нь тэд зураачийн хэлэх гэсэн гүн гүнзгий мэдрэмтгий байдалд автаж, жирийн нэг нүцгэн цээжтэй эмэгтэйн зургийг биш харин түүний гол таних тэмдэг болсон гунигтай харцыг л сэтгэлдээ авч үлдэнэ. Одри Кавасакигийн тухай анх 2007 онд Австралийн Vogue сэтгүүл бичсэнээс хойш Hi-Fructose, Juxtapoz, NY Arts Magazine, iDN зэрэг орчин үеийн урлагийн мэдээллээр дагнасан томоохон сэтгүүлүүд бүгд түүнийг онцлох болсон юм. Тэрээр хамгийн сүүлд 2016 оны арванхоёрдугаар сард АНУ-д бие даасан үзэсгэлэнгээ гаргасан байгаа. 

Камилла дө Эррико

Японы манга зураг орчин үеийн дүрслэх урлагт орж ирээд хүчтэй давалгаа үүсгэхдээ маш олон алдартай зураачдыг төрүүлэн гаргасан юм. Тэдний дотор поп сюрреалист уур амьсгалтай зураг зурдаг Канадын уран бүтээлч Камилла дө Эррико орно. Камиллагийн неон, пастель өнгийн ертөнцийн охид эгдүүтэй, хөөрхөн төрхтэй хэрнээ цочирдсон, сониучирхсан, нуугдсан гээд маш олон төрлийн харцтай. Тэрээр бэх, акрил, тос зэрэг олон төрлөөр зурдаг бөгөөд мөн өөрийн бүтээлүүдээс сэдэвлэсэн буддаг ном гаргадаг юм. Хамгийн сүүлд тэрээр "Rainbow Children" гэх шинэ бүтээлүүдээ эмхэтгэсэн ном гаргаад байгаа.  

Хикари Шимода

Японы уран бүтээлч Хикари Шимода өөрийн бүтээлдээ хөөрхөн, эгдүүтэй байдал болон айдас, түгшүүр хоёрыг нэгэн зэрэг шингээдэг зураач юм. Поп сюрреалист уран бүтээлчдийн нэгэн адил тэрээр маш тод өнгө сонгож зурдаг. Нагано хотод байрлан уран бүтээлээ туурвидаг тэрээр 2008 оноос эхлэн зурж эхэлсэн бөгөөд одоо АНУ, Канад болон Европын орнуудад танигдаж чаджээ. Түүний бүтээлүүд харахад хурц, тод өнгөтэй, эгдүүтэй хүүхдүүд зурсан байдаг ч сэдэв нь маш өргөн хүрээг хамардаг. Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гэмтэл, Чёрнобылийн цахилгаан станцын дэлбэрэлт зэрэг үйл явдлуудаас тэрээр сэдэвлэж мөрөөдөл ба бодит байдал, үхэл ба амьдрал нүүр тулах мөчийг эргэцүүлсэн зургууд бүтээх болжээ. Хикари Шимода өөрийн зураг бүртээ эмх замбараагүй ертөнцийг ойлгох гэж хичээж байгаа хүүхэд араншингаар хандаж, амьдралын баяр баясгалан, үзэн ядалт, хайр энэрэл хаана, хэрхэн оршдогийг дүрслэн буулгадаг юм. 

Иван Алифан 

Оросоос гаралтай Канад уран бүтээлч Иван Алифаны зургууд гүзээлзгэнэ, мөхөөлдөс, шоколадтай бялуу зэрэг маш олон төрлийн амттаны нэртэй. Гэвч энэ нэрнүүд өөр төрлийн амтыг илэрхийлж байгаа юм. Иваны хөрөг зургууд нь хүний биеийг зүгээр л дүрсэлж буулгасан хэрэг биш харин хүний бие илүү амттай мэдрэмж авахад ямар байдгийг дүрсэлжээ. Тэрээр 2011 оноос эхлэн өөрийн бүтээлүүдээ Торонто, Милан, Монреал, Нью-Йорк хотуудад үзэсгэлэн болгон гаргаж эхэлсэн байна.  

Конор Харрингтон 

Хамгийн сүүлд танилцуулах энэ уран бүтээлч бол эхний дөрвөн уран бүтээлч шиг поп сюрреалист биш юм. Түүний зургуудад ямар ч хөөрхөн, эгдүүтэй төрх, эротик уур амьсгал байхгүй. Ирландад төрсөн Конор Харингтон граффити, уран зураг хоёрыг хослуулан зурдаг бөгөөд Лондонд суурьшин ажилладаг юм. Зургууддаа тэрээр дэлхийн хэмжээний асуудал, гадаад харилцаа, хүмүүсийн тулаанч, дайнч байдал, тэмцэл сөргөлдөөнийг дүрсэлдэг. Зарим зургаа бүтээхийн тулд тэрээр эхлээд санаагаа хар зурагт буулгаж, студид зураг авалт хийж, дараа нь тэднийгээ харж зурдаг байна. Тэр бас уран бүтээлдээ өнгөрсөн ба одоо цагийг зэрэгцүүлэн тавьдаг. Өмнө нь Европ дэлхийг удирдаж, хүчирхэг байсан бол одоо юу, юугүй бутран саринах гэж буй хүчээ алдсан хэмээн тэр зургаараа илэрхийлдэг. Граффити зургийн ажиллагааг уран зурагт тэр авчрахдаа хип хоп хөгжмийн эрчтэй, хэмнэлтэй байдлыг ч мөн адил уран бүтээлдээ оруулж өгсөн байгаа. 

цааш үзэх