Хайх

УДБЭТ-ын Уран сайхны удирдаач А.Дашпэлжээ:  Үндэсний хувцастай үзэгчид дуурь үзнэ

УДБЭТ-ын Уран сайхны удирдаач А.Дашпэлжээ: Үндэсний хувцастай үзэгчид дуурь үзнэ

Монгол дэлхийн сонгодог урлагийн хөгжлөөс хоцрогдоогүй


Зураг: Personal

Бид Учиртай гурван толгой дуурийг тусгай зассан орчинг эвдэж, тусгайлан бэлдсэн үзэгчдийн хүрээнээс хальж түмэн олонд хүргэнэ

Учиртай гурван толгой дуурийг 7 дугаар сарын 10-нд задгай талбайд тоглох гэж байна. Тэгэхээр дуурийн ариун сүмд байнга зочилдог үзэгчдээс хавьгүй олон хүн сонирхож үзэх байх. Энэ нь найруулагч таны хувьд ямар ялгаатай вэ?

Сонгодог урлаг гэдэг бол тусгай орчинд, тусгайлан бэлтгэгдсэн үзэгчид үздэг, нэг ёсондоо тансаг хэрэглээнд оруулж ярьдаг. Задгай талбайд үндэсний сонгодог бүтээл болох Учиртай гурван толгой дуурийг тоглох болсон шалтгаан нь олон түмэндээ хүргэхийг зорьсонд оршино. Зөвхөн Дуурийн театрын 500 суудалтай танхимд тоглох, гадаа талбайд 3000-5000 суудал засчихаад, цаагуур нь чөлөөтэй үзэж болох 10 мянга орчим хүмүүст хүргэх гэдэг тэс өөр. Тусгай зассан орчныг эвдэж, тусгайлан бэлдсэн үзэгчдийн хүрээнээс хальж, дууриа бид түмэн олонд хүргэхээр зориглон ажиллаж байна.

Хүмүүс сонирхож байгаа байх. Зуун дамжин тоглогдсон бүтээлийг шинээр найруулж тавина гэдэг нь тийм ч хялбар зүйл биш байх. Та хэрхэн шинэлэг болгохоор зорьж байгаа вэ?

Учиртай гурван толгой дуурь анх дуулалт жүжгээрээ тоглогддог байсан бол 1950 оноос хойш дуурьт орсон. Энэ жил дуурь болоод 65 дахь жилдээ тоглогдох гэж байна. Харин бүтээлийн хувьд 81 жилийн настай. Учиртай гурван толгой дуурийг бид анх хөдөө тоглоё гэж ярьж байлаа. Хөдөө тал газар гэр, мал хуйтай нь харуулъя гэж яриад их дэмжлэг авч байсан ч Чингисийн талбайдаа тоглохоор болсон. Дуурийн өгүүлэмжийн хувьд түүхэн сонгодог бүтээл учраас текст, дууг хэн ч эвдэж өөрчлөх ёсгүй. Харин найруулгынх нь хувьд дуурийн дундуур ямар ч завсарлага авахгүйгээр хоёр цагийн турш хөшиг хаахгүй тоглоно.

Алтан үеийн уран бүтээлчдийн киноны жүжигчдээс амьд харилцаа, зөв хүн, чин сэтгэл мэдрэгддэг. Магадгүй одоо үед энэ жаахан дутагдалтай болсон юм шиг харагддаг. Танд найруулагч хүний хувиар ийм бэрхшээл тохиолддог уу?

Дуурьтайгаа холбож хэлэхэд нүүдэлчний соёл ахуй, амьд харилцаа гэдгийг харуулахыг зорино. Монголчууд хувцсаа яаж өмсдөг, хоорондын харилцаанд явуургүй санаа мэдрэгдлээ гэхэд хоорондоо яаж ойлголцдог юм гэх зэрэг хүний амьдралын харилцааг харуулна. Тиймээс Учиртай гурван толгой дуурь маань залуучуудад ч үзүүштэй байж ач холбогдол өгөх болов уу. Харин ерөнхийд нь хэлэхэд кинонд амьд харилцаа дутсан зүйл ажиглагддаг ч дуурийн урлагт бол өөр гэж боддог.

Энэ удаагийн тоглолт задгай талбайд болох онцлогтой. Тиймээс тайз заслын ямар сонирхолтой шийдлийг та бүхэн гаргаад байна вэ?

Манай театрын үндсэн тоглолтын тайзны өргөн 11м. Харин гадаа Чингисийн талбайд засах тайзны өргөн 47м. Чингисийн талбайн урд хэсэг буюу төв цэцэрлэгийн хойд хэсэг дэх асфальтаар үлдсэн хэсэгт тайзаа засна. Гантиг чулууны хэсгээс Сүхбаатарын хөшөө хүртэл 5000 суудал засна. Ингэхээр театрын 500 хүнтэй танхимд биш 10 мянга орчим хүнтэй талбайд тоглож байна. Тэгэхээр их олон хүнд дуурь, тайз, дуугаралтаа хүргэх шаардлагатай. Дуурийн үзэгдэл дээр гарах шаардлагатай морь, малыг боломжийн хэрээр тайзан дээр гаргана гэж бодож байна.

Мөн үүнд нэг онцлууштай зүйл хэлмээр байна. 7 дугаар сарын 10-нд Учиртай гурван толгой дуурийн өмнө Дээлтэй Монгол шоу болно. 9 дүүргээс 1000-1500 хүн оролцоно. Түүнээс хойш талбай руу дээлгүй эсвэл монгол үндэсний хувцасгүй хүн орохгүй учраас орой Учиртай гурван толгой дуурийн үзэгчид үндэсний хувцас, эсвэл Монгол дээлтэйгээ л ирэх юм.

Энэ нь гадаадын жуулчдад ч тэр, ер нь их содон үйл явдал болох нь ээ?

Бүх хүн дээлтэйгээ задгай талбайд тоглох Учиртай гурван толгой үзэж, жуулчид мөн сонирхох гэх зэргээр асар өргөн мэдээлэл цахим ертөнцөөр дамжин дэлхийд цацагдах боломж бий. Энэ нь үндэсний их баяраар түмэн олныг үндэсний дууриар цэнгүүлэхээс гадна жуулчдын үзэх том үйл явдал байж, цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын салбараар дамжин орж ирэх хөрөнгө оруулалтыг татахад нөлөөлж байгаа хэрэг юм.


Дуучдын хоолойны чадвар хэр хол зайд бодитой сонсогдох бол. Дуугаралтын хувьд задгай талбайд тоглоход ямар нөхцөл байдлыг шийдвэрлэх хэрэгтэй байдаг вэ?

Театрт бид дуугаралтын хувьд ямар ч өсгөгч ашигладдаггүй бол Чингсийн талбайдаа бид өсгөгч ашиглана. Задгай талбайн дуугаралтыг Sound of Mongolia хариуцна. Энэ бол концертын дуучид биш, жүжигчид дуулж байгаа учраас дээр хэлсэнчлэн өсгөгч хэрэгтэй, мөн жижиг зөөврийн микрофонууд ашиглах бол, масс оркестрт дунд нь микрофон тавина.

Та Монголын ард түмний хайртай дуучин. Сонгодог урлагийн маш олон жилийн хөгжлийн түүхийн гэрч. Бид театрын үзэгчдийн тоог нэмэгдүүлэх талаар олон ажил ярьж цөөнгүй ажил хэрэгжүүлэх боллоо. Үр дүнд нь та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

Сонгодог урлаг дэлхийд үүсээд 500 орчим жил, Монголынх үүсч хөгжөөд 50 жил болсон хүүхдээрээ байгаа ч дэлхийн төвшинд байгаа шүү дээ. Олон жүжигчид маань олон улсын тэмцээнд тэргүүлж, гадны жүжигчид ирж тоглодог болсон өнөө үед дэлхийн сонгодог урлагийн хөгжлөөс хоцрогдсон зүйл байхгүй гэж боддог.

Олон жүжигчид маань олон улсын тэмцээнд тэргүүлж, гадны жүжигчид ирж тоглодог болсон өнөө үед дэлхийн сонгодог урлагийн хөгжлөөс хоцрогдсон зүйл байхгүй

Хүмүүс оюун санааны болон гадаад өнгө үзэмжээ аль алийг нь хөгжүүлж тансаг байлгаж оргилд тэмүүлэх гэсэн хүсэл эрмэлзлэлтэй болсон. Таны бодлоор тансаг сайхан зүйл гэж юу вэ?

Дээр хэлсэнчлэн сонгодог бүтээл үүссэн цагаасаа хойш 200 жил, 300 жилийн турш хүмүүсийн сэтгэл зүрх, оюун санаанд хэрхэн амьдраад байна вэ гэдэг нь тэр аяараа л тансаг зүйл учраас юм шүү дээ. Олон зуун жилийн хөгжлийн шатандаа дэлхийн улс орнууд тансаг орчинд сонгодог бүтээл толилуулах зэргээр олон юм үзсэн байх л даа. Түүнээс бага хугацааны үүссэн түүхтэй Монголын хувьд тансаглаад байх боломж байсангүй. Гэхдээ сонгодог урлагийг мэдрэх тэрхүү мэдрэмж нь л маш тансаг сайхан таашаал юм. Тансаг хэрэглээ гэхээр л мөнгөн хэт хутга, хөөрөг, машин гэдэг хүн хүний үзэх бодол өөр байх. Миний бодлоор сонгодог бүтээлийг сэтгэл зүрхээрээ таашаал авч үзээд, чих рүү нь орж, зүрх, оюуныг нь уярааж, нулимсаа дуслуулах, эсвэл зарим нэг нь үзэн ядна гэдэг нь өөрөө тансаг юм.

Сонгодог бүтээлийг сэтгэл зүрхээрээ таашаал авч үзээд, чих рүү нь орж, зүрх, оюуныг нь уярааж, нулимсаа дуслуулах, эсвэл зарим нэг нь үзэн ядна гэдэг нь өөрөө тансаг юм

Охидууд маш олон өнгийн үстэй болж нийгмийн амьдрал тэр чигээрээ интернэтэд дэлгээстэй, нэг талаар сонирхолтой ч юм шиг цаг үед бид амьдарч байна. Танд одоогийн орчин цаг үед амьдрах хялбархан байдаг уу?

Өнгө зүс бол цаг үеэрээ байх асуудал. Жишээ нь, одоо 1960-аад оны стиль эргэж байна гэдэг ч юм уу. Энэ бол хамаагүй. Харин цахим ертөнцийн өнөө үе мэдээлэл хүлээн авах, түгээх талаар нь бишрэн шүтэж байгаа юм. Нөгөө талаараа үүнйг буруу ашиглаж бусдыг доромжлон гутаах явдлыг зогсоохын тулд хууль хяналтын аргаар тэмцэж болдоггүй бол сэтгэл санааны хувьд нийтээрээ тэмцэх хэрэгтэй байх. Бусдын нэр төрд халдаж, сүүлийн үед бүр хулгайгаар нууцаар авсан фото зургийг нийтэд дэлгэх иймэрхүү сөрөг байдлыг миний хувьд үнэхээр жигшдэг. Ийм муу үзэгдлийг эс тооцвол өнөөгийн цахим засаглалын үед гэрээсээ гарахгүй бүх л ажлаа амжуулж болохоор цаг үе шүү дээ.

 

цааш үзэх