Хайх

Улаанбаатарт Сальвадор Дали ба Пабло Пикассо нарын 200 бүтээл үзэсгэлэн болж гарна

Улаанбаатарт Сальвадор Дали ба Пабло Пикассо нарын 200 бүтээл үзэсгэлэн болж гарна

Мөрөөдөл биеллээ

Text: Ж.Чинбат


Сюрреалист Сальвадор Дали, кубист Пабло Пикассо нарын үзэсгэлэн Улаанбаатар хотод гарна гэх мэдээ урлаг сонирхогчдын дунд шуугиан дэгдээгээд байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 29-нөөс нэг сарын хугацаатай гарах энэ үзэсгэлэнд алдарт уран бүтээлчдийн ямар, ямар бүтээлүүд дэлгэгдэхийг бид сонирхлоо

Улаанбаатарт Сальвадор Дали, Пабло Пикассо нарын эх зургууд зуу, зуугаараа нэг дор нисээд ирнэ гэж урд өмнө нь төсөөлж ч байсангүй. Тэгвэл энэ зүйл мөрөөдөл биш, хий хоосон санаа биш, жинхэнэ үзэсгэлэн болж гарах гэж байна.

Дэлхийн хэмжээнд Сальвадор Далигийн бүтээлийн цуглуулгаараа эхний дөрөвт ордог Оросын цуглуулагч Александр Шадрины хувийн цуглуулгаас энэхүү үзэсгэлэн бүрджээ. Тэрээр Далигийн уран зургийн ажлуудаас гадна уран баримлуудыг нь түлхүү цуглуулсан хүн аж. Үзэсгэлэнд нийт 200 орчим бүтээл дэлгэгдэх бөгөөд Пикассогийн бүтээл 40%, Сальвадор Далигийн бүтээл 60%-ийг нь эзлэх гэнэ. Үзэсгэлэнд мөн Пабло Пикассогийн керамикийн төрлийн ажлууд дэлгэгдэнэ. Бид та бүхэнд тус үзэсгэлэнгийн хамгийн үнэ цэнэтэй бүтээлүүд болох Сальвадор Далигийн "Цаг хугацаанд эмээлүүлсэн морь", "Шургуулгат Венера",  Пикассогийн "Бүжигч дөрөв", "Ямаан толгой хажуунаасаа" бүтээлүүдээс сонирхуулж байна. 

Александр Шадрин дэлхийн олон оронд өөрийн цуглуулгаа толилуулсан хүн бөгөөд нэг жилийн өмнөөс Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Сальвадор Дали ба Пабло Пикассо" үзэсгэлэнгээ дэлгэх хүсэлт тавьсан аж. Улмаар Улаанбаатар хотын захиргаа энэхүү үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах болжээ.  

Дашрамд дурдахад Испанийн үндэсний дүрслэх урлагийн музей Сальвадор Далигийн хамгийн их бүтээлийг цуглуулсан байдаг.

 

цааш үзэх