Хайх

Уран зургийн чиг хандлага: Намар үзэсгэлэн

Уран зургийн чиг хандлага: Намар үзэсгэлэн

Баялаг монгол зураг

Text: Ж.Чинбат


Уламжлалт монгол зураг хэрхэн орчин үе руу хэлбийж, шинэчлэгдэж буйг харах боломжтой Намар үзэсгэлэнг та үзэж амжсан уу? Энэ жил өмнөх онуудаас илүү сийрэг, 71 зураачийн 80 орчим бүтээл тавигджээ

Намар сэрүүхэн ч өнгө нь баялаг, аялгуу нь тайван байдаг. Энэ жилийн "Намар" үзэсгэлэнгийн үүдээр бороход "Бор аяз" гэх Ч.Ганбаатарын морио тэвэрсэн хүүхэд ягаан өнгөт лянхуа цэцэгтэй хамт таныг угтан авна. Энэ бүтээл уламжлалт монгол зураг, уран зураг хоёрын хэв маягийг хослуулсан гэлтэй. Тиймээс ерөнхийдөө энэ жилийн үзэсгэлэнгийн уур амьсгалыг  илтгэж болохуйц бүтээл ажээ.

Уран зургийн чиг хандлага: Намар үзэсгэлэн (фото 1)

Намар үзэсгэлэн 15 илүү жилийн хугацаанд УЭХ-ны гишүүн зураачдын жилийн онцлох зургуудыг дэлгэсээр ирсэн юм. Нэг ёсондоо дүрслэх урлаг, тэр дотроо уран зургийн чиг хандлага хааш чиглэж байгааг энэ үзэсгэлэн үзүүлдэг уламжлалтай. Эндээс л олон бүтээл гадаадын уран зураг сонирхогчдын цуглуулгад очиж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Намар үзэсгэлэнг ямар нэг байдлаар мэргэжлийн зураачдын бүтээлтэй гэсэн ойлголт дагалддаг. Тиймээс залуу зураачдын хувьд энд бүтээлээ дэлгэх нь үзэгчдэд танигдах, бүтээлдээ шүүмж, өөртөө урам авах чухал үйл явдал байсаар ирсэн билээ. 

Өнгөрсөн жилүүдэд Намар үзэсгэлэн есдүгээр сарын сүүлчээс арванхоёрдугаар сарын эхний хооронд тогтсон цаггүй зохиогдож, зарим жилүүдэд ирсэн бүтээлүүд танхимд багтахгүй үүд даван сунаж өлгөгдсөн нь бий. Нэн ялангуяа, 2005 он орчимоос хойш монголын урлагт модерн урсгалуудыг өөрийн болгон шингээж, шинээр бий болгох гэсэн эрэл хайгуул хүчтэй болж, олон сонирхолтой туршилтууд гарсан нь энд л өлгөгдөж байлаа.

Уран зургийн чиг хандлага: Намар үзэсгэлэн (фото 2)

Зарим тохиолдолд бусдаасаа түрүүлж интернэт "ухсан" залуу зураачид илт хуулбарласан "муу" зураг тавьсан нь ч бий. Гэлээ гээд цагийн шалгуураар Монголын дүрслэх урлаг өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр орчин үежиж чаджээ. Үүнийг илтгэх нэг чиглэл бол уламжлалт Монгол зураг юм.

2015 оны Намар үзэсгэлэнд дэлгэгдсэн Б.Номингийн "Арга билэг" бүтээл дээр үүнийг ажиглаж болно. Монгол зургийн дэлгэмэл орон зайд, өрнүүн үйл явдал, болзолт тэмдэгүүдээр илэрхийлдэг зохиомжийн голд тэрбээр хүнийг дотоод бүтцээр нь дэлгэн байрлуулжээ. Баруун, зүүн этгээдээр нь байгаль болон хотожсон ертөнцийг тэгш хуваан үзүүлсэн байна. Коллаж буюу эвлүүлгийн арга, гар бичмэл ажиллагаа нь зургийг маш цэмцгэр, утга дүрслэлийн сонирхолтой шийдэлтэй харагдуулна.

Уран зургийн чиг хандлага: Намар үзэсгэлэн (фото 3)

Н.Адьяабазарын "Хубилай хаан" бүтээл үзэсгэлэнгийн хамгийн онцлох зураг байлаа. Хубилай хааны тухай бидэнд өвлөн ирсэн хүйтэн, бас дулаан мөртэй түүхэн замналыг илтгэх мэт хөрөг хоёр өөр өнгөтэй ажээ.

Уран зургийн чиг хандлага: Намар үзэсгэлэн (фото 4)

Удаах Ж.Гэрэлийн "Талын салхи"-наас танд юу үнэртэж байна? Энэ үзэсгэлэн нээгдэхээс хоёр хоногийн өмнөхөн би зураач Ж.Гэрэлийг МУЭХ-ны үүдэнд сууж байхыг харсан юм. Тэр навчисаа гөвөх зулзаган агч модны хажууханд өнөөх л хар пальто дотроо "жингүйдчихсэн", нүдээ тас аниад, өөрөө хотын нэг хэсэг биш юм шиг сууж байсан. Зураач, бүтээл хоёрын гадаад төрх нь хоорондоо эрс ялгаатай харавдавч түүний зүрх хүмүүст галтай, цогтой сэтгэгдэл төрүүлдэг нь тэр л хэвээрээ.

Уран зургийн чиг хандлага: Намар үзэсгэлэн (фото 5)

Бөхшандас гэх ерөөлт нэртэй зураачийн энэхүү цайвар зураг тун утга, уянгын агуулгатай, өөрийн увьдаст хэлээрээ үзэгчийг татна. Зургийн голд Модиглианын бүсгүйчүүд мэт хүзүүгээ ялимгүй гилжийлгэсэн эмэгтэй хүүхдээ хөхүүлж байна. Цагаан гантиг баримал шиг хэрнээ нэг л дотно мэдрэмж төрүүлэх зураг ажээ.

Уран зургийн чиг хандлага: Намар үзэсгэлэн (фото 6)

Д.Бурдагийн "Маргааш" бүтээлд залуухан бүсгүйчүүд дээл, хувцас, үсний чимэг сэлтээрээ ижилсэн зогсчээ. Тэдний дундаас нэг нь буруу харсан байх ба зураач энэхүү бүтээлийн нэрийг юунд зориулж өгсөн юм бол гэж бодоход сонирхолтой аж.

Уран зургийн чиг хандлага: Намар үзэсгэлэн (фото 7)

Д.Бадамын "Тэргэл сартай шөнө" бүтээл "Монголын нэг өдөр"-ийн шөнийн хувилбар болсон гэлтэй болжээ. Ер нь уламжлалт монгол зургийг ойроос, үйл явдал бүрийг ширхэгчлэн хөөж үзэхэд урамтай байдаг тул таныг ч бас "тулж ажиллах"-ыг санал болгъё.

Уран зургийн чиг хандлага: Намар үзэсгэлэн (фото 8)

 

цааш үзэх