Хайх

Урлагийн бүтээл цуглуулдаг хамгийн алдартай хосууд

Урлагийн бүтээл цуглуулдаг хамгийн алдартай хосууд

Урлагийг гэр бүлийн сонирхол болгосон хамгийн алдартай хосууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Роман Абрамович болон Дарья Жукова нарын салалт урлаг сонирхогчдын дунд жинхэнэ шуугиан тарьж байна. Энгийн хүмүүс тэдний салсан шалтгааныг олох гэж янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа бол урлагийн ертөнцийнхний хувьд энэ нь огт өөр асуудлыг хөндөж байгаа юм. Тэдэнд Абрамович, Жукова нарын дарвуулт завь болон үл хөдлөх хөрөнгүүдээ хэрхэн хуваах нь чухал бус харин урлагийн бүтээлийн цуглуулга экс хосуудын хэнд нь үлдэх бол гэсэн ганц л асуулт анхаарлыг нь татаж байгаа гэхэд хилсдэхгүй. Ямартаа ч бид Абрамович, Жукова болон урлагт хайртай, энэ салбарт асар их нөлөөтэй бусад хосуудын талаар танилцуулж байна.

Роман Абрамович ба Даша Жукова

Гэр бүлийн байдал: Салсан

Хамгийн шилдэг урлагийн бүтээлийн хаалттай үзэсгэлэн, онлайн дуудлага худалдаа, хэзээ ч нэр нь ил болдоггүй худалдан авагчид зэрэг олон зүйлс орчин үеийн урлагийн зах зээлийг бусад зах зээлээс илүү нууцлаг болгодог. Ихэнх урлагийн бүтээлийн эзэд өөрсдийн цуглуулгаа том музейд дэлгэхэд бэлэн биш байдаг учраас тэдний хувийн цуглуулгуудыг олж үзнэ гэдэг тийм ч амар ажил биш. Харин Роман Абрамович, Дарья Жукова нарын цуглуулгад ховор бөгөөд асар үнэтэй урлагийн бүтээлүүд байдгийг бид маш сайн мэднэ. Тухайлбал Фрэнсис Бэконы "Tryptich" (86 сая доллараар худалдаж авч байсан), Люсьен Фрейдийн "Benefits Supervisor Sleeping" зургийг (33,6 сая доллараар авсан) дурдаж болно. Роман Абрамовичийн урлагийн мэдрэмж нь түүнийг алдарт Artnews сэтгүүлийн "Шилдэг 200 цуглуулагч" жагсаалтанд жил бүр багтахад нь тусалдаг юм.

Дарья Жукова ч энэ тал дээр түүнээс нэг их хоцроод байдаггүй. Тэрээр орчин үеийн урлагийн "Гараж" музейд Луиза Буржуа, Такаши Мураками нарын үзэсгэлэнг дэлгэж, музейн барилгыг Рем Колхасаар дахин шинэчлүүлж, мөн орчин үеийн урлагийн гол мэргэжилтэн Ханс-Ульрих Обристтой найзалдаг. Үүнээс гадна, Дарья орчин үеийн урлагийг зөвхөн Москва төдийгүй ОХУ даяар нээж өгсөн гавьяатай.

Урлагийн бүтээл цуглуулдаг хамгийн алдартай хосууд (фото 1)

Питер Брант ба Стефани Сеймур

Гэр бүлийн байдал: Үл мэдэгдэх

Interview сэтгүүлийн эзэн Питер Брантын хувьд эхнэрийнхээ уран баримлыг орчин үеийн урлагийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэгээр захиалж хийлгэх нь хэвийн л үзэгдэл бололтой. Лааны тосон урлагийн хамгийн гол төлөөлөгчдийн нэг болох Маурицио Каттелане, тэрээр нэгэн цагт Брантын эхнэр, супер модель Стефани Сеймурийн баримлыг урлаж байсан түүхтэй. Каттелане бүр 2002 онд Брантын гэрт зочлохдоо Стефани Сеймурийг бизнесмений "Олзны эхнэр" хэмээн хошигнож байсан гэдэг. Тиймээс ч уран барималч топ моделийн баримлыг хананд өлгөдөг бугын толгойг санагдуулам, маш өвөрмөц байдлаар урлажээ. Үүнээс хойш энэхүү баримлыг хүмүүс тоглоом, шоглоомоор "Олзны эхнэр" гэж нэрлэдэг болсон юм. Гэхдээ 2010 онд Питер Брант, Стефани Сеймур нар салсны дараагаар энэхүү бүтээл өөр хүмүүсийн гарт шилжсэн билээ. Энэ жил "Олзны эхнэр" Philips дуудлага худалдааны компанийн каталог дээр гарсан бөгөөд эцэст нь Франсуа Пиногийн эзэмшилд очсон юм. Харин Брант, Сеймур нарын хувьд тэдний салалт урлагийн ертөнцөд маш дуулиантай үйл явдал болсон юм. Тэд өчнөөн сая долларыг өмгөөлөгчдөд зарцуулж, бие биенээ байж болох бүхий л нүгэлд буруутгасан ч эцэст нь олон нийтэд мэдэгдэлгүй эргээд чимээгүйхэн нийлсэн билээ. Өнгөрсөн жил Брант согтуугаар автомашин жолоодож, шүүхийн хаалга татахдаа ганцаараа ирсэн бол үүнээс зургаан сарын дараа тэд Сен-Бартсад охиныхоо хамтаар зугаалж яваа харагдсан. Тиймээс одоо тэднийг бүр мөсөн эвлэрсэн үгүйг хэлэхэд хэцүү юм. Хосууд одоогоор маш нам гүн амьдарч байгаа бол тэдний хүүхдүүд онгоцны буудал дээр цагдаа нартай зодолдож, янз бүрийн хэрэг түвэгт холбогдож хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсаар байгаа юм.

Урлагийн бүтээл цуглуулдаг хамгийн алдартай хосууд (фото 2)

Леон ба Дебра Блэк

Гэр бүлийн байдал: Хамтдаа байгаа

Хөрөнгө оруулагч, сайн үйлсийг дэмжигч Леон Блэкийг зөвхөн Wall Street Journal сэтгүүлийн уншигчид төдийгүй экспрессионизм сонирхогчид ч сайн мэднэ. Тэрээр 2012 онд Эдвард Мункийн алдарт "The Scream" зургийг Sotheby's дуудлага худалдаагаар 120 сая доллараар худалдан авч байсан юм. Энэ зураг дэлхий дээр ердөө л дөрвөн ширхэг оршдог бөгөөд зөвхөн нэг нь л хувийн цуглуулгад очжээ. Блэкийн цуглуулгаас гадна, Мункийн музейд хоёр нь хадгалагдаж байгаа бол Ослогийн үндэсний музей үлдсэн нэг бүтээлийг эзэмшдэг байна. Блэк зөвхөн модернистууд төдийгүй сэргэн мандалтын үеийн урлагийг ч сонирхдог. Тухайлбал тэр 2013 онд Рафаэлийн "Head of a Young Apostle" уран зургийг худалдан авсан байдаг. Харин Дебра нөхрийнхөө урлагийн сонирхлыг нь хуваалцдаг байна.

Урлагийн бүтээл цуглуулдаг хамгийн алдартай хосууд (фото 3)

Стивен ба Александра Коэн

Гэр бүлийн байдал: Хамтдаа байгаа

Дэмьен Херстийн алдарт махчин загасыг (шилэн хоргонд хийсэн үзмэр, эцэст нь муудаж, солих хэрэг гарсан) худалдан авч байсан Стивен Коэн эхнэрийнхээ хамтаар жинхэнэ музей байгуулах хэмжээний урлагийн бүтээлийг цуглуулж чадсан юм. Тэр ч бүү хэл урлагийн бүтээлийн худалдаачин Ларри Гагосян түүний цуглуулгыг шүтэн биширдэг бөгөөд тэд олон ч удаа хамтарч ажиллаж байжээ. Коэны цуглуулгад Жефф Кунсын "Balloon Dog", Жаспер Жонсын "Flag" болон Пикассо, Жакометти, де Кунинг, Питер Доиг болон бусад олон алдартай уран бүтээлчдийн бүтээлүүд бий. Сонирхуулахад түүний урлагийн бүтээлийн цуглуулга нэг тэрбум доллараар үнэлэгддэг байна. Мөн хосуудын байгуулсан хандивын сан MoMA, Метрополитен болон Гуггенхайм музейд асар их хэмжээний мөнгө хандивладаг аж.

Урлагийн бүтээл цуглуулдаг хамгийн алдартай хосууд (фото 4)

Бернар ба Элен Арно

Гэр бүлийн байдал: Хамтдаа байгаа

LVMH группийн тэргүүн Бернар Арно гоо зүйн өндөр мэдрэмжээрээ дэлхий дахинд алдартай билээ. Тэрбээр Францын Булоны ой модонд Fondation Louis Vuitton урлагийн төвийг байгуулж, Щукины цуглуулгыг дэлгээд зогсохгүй загвар ба урлагийн ертөнцийг холбож байгаа гавьяатай хүн юм. Жишээ нь Такаши Мураками, Жефф Кунс нар Louis Vuitton брэндтэй хамтарч ажиллан асар их амжилтанд хүрсэн түүхтэй. Бернар Арно өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд урлагийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгт зүй ёсоор тооцогдох болсон билээ. Харин тэр эхнэртэйгээ хамт Ив Кляйн, Пикассо, Хенри Мур, Энди Уорхол нарын бүтээлүүдийг цуглуулдаг байна. Дашрамд дурдахад алдарт Philips дуудлага худалдааны компани 1990-2003 оны хооронд түүний эзэмшилд байсан юм.

Урлагийн бүтээл цуглуулдаг хамгийн алдартай хосууд (фото 5)

цааш үзэх