Хайх

Яёи Кусамагийн талаарх таван баримт

Яёи Кусамагийн талаарх таван баримт

Алдарт уран бүтээлчийн тухай “Kusama-Infinity” баримтат кино нээлтээ хийлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр урлагийн ертөнцийн супер од, Японы контемпорари уран бүтээлч Яёи Кусамагийн алдарт толин өрөөнүүд, толботой хулууг үзэх гэсэн хүмүүс олон цагаар дараалал үүсгэж, түүнтэй зургаа авахуулахын тулд чамгүй тэвчээр, хичээл зүтгэл гаргах шаардлагатай болдог. Гэхдээ орчин цагийн хамгийн үнэ цэнэтэй уран бүтээлчийн амжилтад хүрэх зам хэзээ ч амар байгаагүй бөгөөд харин ч саад бэрхшээлээр дүүрэн байсан юм. Түүний амьдралын замнал урам зориг өгч, хэзээ ч, юунд ч бууж өгч болохгүй гэдгийг бидэнд сануулсаар байгаа билээ. Ингээд өнөөдөр АНУ-д нээлтээ хийж буй "Kusama-Infinity" баримтат киноноос алдарт уран бүтээлчийн тухай олж мэдсэн таван сонирхолтой зүйлийг Бюро 24/7 дэлгэж байна.

Тэрбээр уран бүтээлч болно гэдгээ бүр хүүхэд байхаасаа мэддэг байсан

Кусама 10 настайдаа л өөрийгөө уран бүтээлч болно гэдгээ мэддэг байсан тул тухайн үед бүхий л цаг заваа зураг зурахад зориулдаг байжээ. Ингээд ч зогсохгүй тухайн үед түүний толбо бүхий өвөрмөц зургийн стиль бүрдэж эхэлсэн байдаг. Үнэндээ толбо нь түүнд маш онцгой мэдрэмжийг төрүүлдэг байсан юм. Толбо түүний "нүдний хүүхэн харааг томруулдаг" байсан тул тэрбээр үүнийг өөрийн бүтээлийн гол онцлог болгохоор шийджээ.

Яёи Кусамагийн талаарх таван баримт (фото 1)

Кусамагийн эцэг эх түүнийг нөхөрт гарсан нь дээр гэж үздэг байжээ

Яёи Кусама нүд ирмэхийн зуур алдартай болоогүй юм. Анхандаа Кусамагийн уран бүтээлийг хүмүүс огт ойлгодоггүй байсан бөгөөд түүний анхны үзэсгэлэнгүүдэд хэн ч ирдэггүй байв. Эцгийн эрхт ёс тогтсон, хуучинсаг Японы нийгэм эмэгтэй хүн уран бүтээлч болох биш нөхөрт гарах ёстой гэж үздэг байжээ. Кусамагийн эцэг эх ч энэ үзэлтэй санал нийлдэг байсан тул тэрээр төрөлх Японоос АНУ руу дайжихад хүрчээ.

Яёи Кусамагийн талаарх таван баримт (фото 2)

Түүнийг АНУ ч нухацтай авч үзсэнгүй

Тухайн үеийн өндөр хөгжилтэйд тооцогдож байсан АНУ-д, 1960-1970 онуудад эрчүүдтэй харьцуулахад эмэгтэй уран бүтээлчдийг төдийлөн дэмждэггүй байсан тул Кусамаг ч энд нухацтай хүлээж авсангүй. Түүгээр ч барахгүй энэ үед эмэгтэй уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэн зохиогддоггүй байсан бөгөөд бүх галерей ба үзэсгэлэнгүүд эрчүүдийн уран бүтээлээр дүүрсэн байсан юм.

Яёи Кусамагийн талаарх таван баримт (фото 3)

Тэрбээр пацифист үзлийг сурталчилдаг байсан

АНУ ба Вьетнамын дайны үед Кусама дайны эсрэг пацифист үзлийг сурталчилж, нүцгэн хүмүүстэй үзүүлбэрүүдийг зохион байгуулсан байдаг. Энэхүү үйлдэл нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж чадсан ч шүүмжлэгчид Кусамаг популист хэмээн зарлаж, түүнээс нүүр буруулсан юм. Харин эх орондоо тэрбээр шуугиан дэгдээгч гэх нэр хүндийг олов. Тиймээс Кусамагийн эцэг эх охиных нь талаар бичсэн бүхий л сонинуудыг худалдан авч, бусдаас нуудаг байжээ.

Яёи Кусамагийн талаарх таван баримт (фото 4)

Түүний бүтээлүүд үргэлж сэтгэл зүйн байдлыг нь илтгэдэг

Яёи Кусамагийн өнгөлөг ертөнцөд хар бараан тал бий. Тэрбээр 1970-аад оноос эхлэн сэтгэцийн эмнэлэгт амьдарч байгаа бөгөөд түүний уран бүтээлүүд үргэлж сэтгэл зүйн асуудлыг нь илтгэж ирсэн юм. Жишээ нь тэрбээр сэтгэлийн гүн хямралд орсон үед уран бүтээлд нь хар бараан өнгө, үхлийн сэдэв давамгайлдаг байсан бол амжилтад хүрснийхээ дараа тод, гэгээлэг өнгөнүүдийг ашигладаг болжээ.

Яёи Кусамагийн талаарх таван баримт (фото 5)

цааш үзэх