Хайх

Шинэ ном: DK Шинжлэх ухаан

Шинэ ном: DK Шинжлэх ухаан

Орчуулагчийн өрөөнд

Text: Ж.Чинбат


DK –гийн Шинжлэх ухаан номын физикийн бүлгийг орчуулсан Ц.Энхбаттай ном болон технологи хэрхэн бий болдог талаар ярилцлаа

Таны оролцсон шинэ ном гарсан нь энэ намрын нэг онцлох ном байлаа. Та номоо орчуулахдаа хэр хугацаа зарцуулсан бэ?

Шинжлэх ухаан ном 300 гаруй хуудастай. Би үүнээс 100 гаруй хуудас орчуулсан. Бүтэн суусан бол сар болох ч ажилтай учраас 2,3 сар болсон. Амралтын өдөр, ажлын бус цагаар орчуулсан.

Та одоо өөрөө ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?

Би материйн суурь бүтцийн судалгаа, туршилттай холбоотой онолын судалгаа ихэвчлэн хийдэг.

Ингэхэд, хүн бас материйн нэг хэсэг үү?

Тийм. Ер нь матери биш гэж юм ховор.

Дуу, авиа бас мөн үү?

Дуу авиа мөн. Дуу авиа чинь агаар дахь нягтын өөрчлөлт юм. Усан дээр долгион үүсдэгтэй адил бидний дуу болгон доргилт үүсгээд агаарт тарж байгаа.

Матери шинээр бий болохгүй, бас устахгүй юу?

Матери шинээр бий болвол өөр ямар нэг төрлийн материас л бий болж болно.

Италийн Трест хотын Олон улсын онолын физикийн төвд та ажиллаж байсан. Энэ ямар байгууллага юм бэ?

1960-аад оны сүүлээр Пакистан гаралтай, Нобелийн шагналт Абдул Салам гэж хүн олон улсын онолын физикийн төв байгуулах санаа гарган, НҮБ, ЮНЕСКО-гийн хуралд илтгэл тавьж, хөдөлгөөн өрнүүлсэн юм. Улмаар Италийн Трес хот шалгарч энэ төв байгуулагдсан. Гол зорилго нь дэлхийн хэмжээний том онолын судалгаанууд явуулах. Тэгэхдээ аль болох гуравдагч орон буюу шинжлэх ухаан хөгжөөгүй газруудаас ирээдүйд амжилт гаргах залуучууд, эрдэмтдийг цуглуулж дэлхийн хэмжээний судалгааны орчинд авчирч ажиллуулдаг. Түүгээрээ маш нэр хүндтэй.

Та тэнд хэзээ очиж байсан бэ
Би 2006-2010 онд бас онолын судалгаан дээр ажиллаж байсан. Одоо 2015-2020 оны байнгын хамтран ажилладаг гишүүн болсон.

Хүмүүс онолын физик судлахын эцсийн үр дүн юу юм бэ гэж их сонирхдог.

Технологи гэдэг бол одоо мэдэгдэж байгаа нээлтүүдийг ашиглаад хийж байгаа зүйл шүү дээ. Энэ юу ч шинээр гаргахгүй. Суурь судалгаа гэдэг мэдэхгүй юмыг судлана, мэдсэн хойно нь үр ашигийг олох нь технологийн салбарын асуудал. Зөвхөн танин мэдэх.

Бидний мэдээгүй зүйл асар их байгаа юу? Эсвэл өөр хүлээх гоц шинэ юм байхгүй гэж хүмүүсийн үздэг шиг байна уу?

Мэдэхгүй шүү дээ. Шинжлэх ухааны бүх түүхийг харахад тэгж хэлж байсан энгийн хүмүүс ч байна том эрдэмтэд ч байна. Бүгд л алдаж байсан. Квант физик нээгдэхээс өмнө шинжлэх ухаан, физик төгсгөлдөө ирлээ гэж ярьж байтал тэр гарч ирээд жинхэнэ хувьсгал ирсэн. Үүн дээр бидний гар утас, хиймэл дагуул, харилцаа холбоо, телевизийн бүх юм үндэслэж байна. Судалгаагаар шинэ боломжыг нээж, харин олсон мэдлэгийн үр ашигийг олох нь технологийн салбарын асуудал байдаг. Тийм судалгаан дээр мөнгө олно гэж харж хийвэл бүтэхгүй. Тэгвэл бүх л зүйл одоо байгаа технологидоо уягдана. 

Та номын орчуулгаа хийхдээ ямар зарчим баримтласан бэ?

Орчуулга хийхэд үндсэн гол зарчим байдаг. Хэзээ ч өөрийн санааг оруулах ёсгүй. Тэнд бичсэн зүйлийг аль болох үнэн зөвөөр нь хөрвүүлэх ёстой. Ямарваа нэгэн нэмэлт хачиргүйгээр.

 

цааш үзэх