Хайх

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд

Уншлагын цаг ирлээ!

Text: Ж.Чинбат


Есдүгээр сар нэгэнт гарсан тул одоо номын дэлгүүр лүү явж, шүүгээгээ шинэчлэх цаг ирлээ. Тиймээс бид та бүхэнд маш олон салбар, төрлийн номуудаас санал болгож байна

Эдгээр номууд таныг эх хэлээрээ ус цас шиг ярьж, бичихэд тань туслана. Намрын налгар өдрүүдэд аяга өтгөн кофе тавьчихаад ном шагайгаад сууж байх хэчнээн жаргалтай байдаг билээ. Нар буцаж, өвөл айсуй болохоор нэг мөсөн номын шүүгээгээ шинэчилж аваад, хавар болтол хорвоо ертөнцийн гайхамшигт умбаарай. 

Урлаг: Богд хааны ордон музей: Үзмэрийн дээжис

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 1)

Монгол улсын сүүлчийн хааны ордонд байгаа бүх л гайхамшигт зүйлс энэхүү номонд багтсан байгаа. Өндөр гэгээн Г.Занабазарын урласан 21 дарь эх, хааны сэнтий, дээл хувцас, цутгуурын урлаг, шүтээн зураг болон гоёл чимэглэл, эд өлгийн зүйлсийн эх зургуудыг үзээрэй. Энэ ном урлаг, соёлын шинэ санаа хайгчдад онгод хайрлаж, эх түүхтэйгээ танилцахыг хүсэгчдийн мэлмийг нээх болно. Номын продюсер, дизайн, гэрэл зурагчнаар Ш.Ган-Эрдэнэ ажилласан бөгөөд Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан хянан тохиолдуулжээ.

Сэтгэл судлал: Психологи (Агуу санааг энгийнээр тайлбарлах нь)

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 2)

Сэтгэл судлал сонирхогчдод нэг номоос олон төрлийн мэдээлэл авах боломжийг энэхүү ном олгоно. Өөрийгөө таньж мэдэх, хайртай хүмүүсийнхээ сэтгэлийг ойлгох, байгууллагынхаа соёлыг төлөвшүүлэх, нийгэмд манлайлал олж авах гээд маш өргөн зорилгоор энэ номыг уншиж болно. 

Философи: Софийн ертөнц - Жостейн Гаардер

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 3)

Гүн ухаан анхлан сонирхогчдод, эсвэл шинэхэн оюутнуудад, үеийнхнээсээ арай түрүүлж алхаж яваа арван жилийн сурагчдад энэ номыг санал болгоё. Өрнийн философийн гурван мянган жилийн түүхийг энд энгийн үг хэллэгээр товчлон өгүүлсэн байгаа. Бүгд л хүүхэд байхдаа "Яагаад" гэж асуух дуртай байсан. Тэгвэл насанд хүрсэн хойно ч бас л "Яагаад, яах гэж, юуны төлөө" гэж асуудаг сэдвүүдийн талаар та эндээс унших болно.

Философийн үндсүүд - В.А.Канке

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 4)

В.А.Канкегийн энэхүү номыг их сургуулийн багш нар их хэрэглэдэг билээ. Тус ном дэлхийн болон Оросын философичид шинжлэх ухаан, танин мэдэхүй, хүн, урлаг, нийгмийн талаар авч үзсэн олон сэдвүүдтэй. Тэдэн дотроос "Энерги шинээр бий болдоггүй бөгөөд энерги хаашаа ч алга болдоггүй" зэрэг оночтой тайлбар, сонирхолтой хэллэг их бий.

Нэвтэрхий толь: Macbook нэвтэрхий толь I

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 5)

Macbook-тай болохыг хүссэн ч Windows-оос өөр үйлдлийн системтэй болохоор нь компьютероо сольж чаддаггүй хүн цөөнгүй. Угтаа бол Macbook нь хүний хэрэглээнд зориулж, хамгийн хялбар зохион байгуулалттай хийгдсэн удирдах цэстэй бөгөөд үүнийг сурах маш амархан. Жишээ нь Macbook нэвтэрхий толь I гарын авлагатай хүн бусдаас юу ч асуухгүйгээр өөрийн компьютероо бүрэн эзэмшинэ. 

Cэтгэл санаа: Ошо: Зэн түүхүүд - Агнистын гэгээ цуврал XV

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 6)

Хүний хэрэгцээ хязгааргүй ч хамгийн хязгааргүй нь сэтгэлийн хэрэгцээ юм. Тэгвэл тэрхүү сэтгэлийн хязгааргүй хүслийг хэрхэн зөв удирдах вэ, өөрийнхөө дотоод ертөнцийг хэрхэн зөв хөгжүүлэх вэ? Үүнд зэнгийн товч түүхүүд тус болно. 

Амжилт: Өөрийнхөө суу билгийг нээгтүн - Майкл Ж.Гелб

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 7)

Аз болоход биднийг сайхан амьдраасай, өөртөө итгээсэй гэж ном бичдэг маш олон хүн байдаг. Тэдэн дотроос Америкийн нэрт нийтлэлч Майкл Гелбийн бичсэн "Өөрийнхөө суу билгийг нээгтүн" номыг энэ удаад онцлоё. Ихэнх амжилтанд хөтлөх номын адилаар энэ бүтээлд дэлхийн түүхэнд нэр алдраа үлдээсэн олон алдартны сайн дадал зуршлыг нь энгийн үгээр өгүүлсэн байгаа.

Эрүүл мэнд: Иог (15 минут) - Луис Грайм

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 8)

Бид бүгдээрээ Энэтхэгээс гаралтай энэхүү дасгалыг эрүүл мэнд, сэтгэл санаанд сайн гэдгийг мэддэг. "Йога, иога, иог" гэх зэрэг өөр, өөрөөр бичигддэг энэхүү дасгалыг хүмүүс бас олон төрөл, хэлбэрээр бусаддаа заадаг билээ. Харин энэ ном бол аль ч иогийн клубт очихгүйгээр, гэртээ 15 минутанд хэрхэн эрч хүчээ сэлбэж авахыг танд зөвлөх болно. Мөн DVD бичлэг дагалдаж ирэх давуу талтай.

Дэлхийн түүх: Нууц Түвд орон-С.Л.Кузьмин

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 9)

"Дэлхийн түүхийг танин мэднэ гэдэг нь Монголын түүхийг уншина" гэсэн үг байдаг. Тэр дундаа Төв Азийн түүх бол Монголчуудтай салшгүй холбоотой. Та энэ номноос зөвхөн Түвдүүдийн түүхийг биш Монголчуудын түүхийг давхар унших болно. Яагаад бид хоорондоо адил төстэй болох, яагаад Монгол, Түвд хоёр улсын нэг нь тусгаар тогтнолоо олж, нөгөөх нь Хятадын колони болсон бэ гэдгийг энд маш тод томруун бичсэн байгаа. Мөн яагаад Далай лам, Банчин эрдэнэ зэрэг түвдийн томоохон хутагтууд хоорондоо зөрчилтэй байдгийг, үүнд монголчууд анх ямар оролцоо, бодлоготой байсныг олж мэдээрэй.

Их Могулчуудын товч түүх - Бамбэр Гаскойн

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 10)

Монгол гарал угсаатай томоохон эзэнт гүрнүүдийн түүх ямагт сэтгэл хөдөлгөм байдаг. Үүн дотроос Бабур хааны үүсгэн байгуулсан Их Могул улсын түүх хамгийн бадрангүй нь гэж хэлж болно. Тэд дайтахдаа хүртэл олон мянган судартай номын сангаа авч явж, тулааны талбарт хүртэл зохиол бичиж, шүлэг тэрлэж байсан бөгөөд энх цагт барилга архитектурыг хөгжүүлж, шашны мэтгэлцээн өрнүүлж, эсвэл нүцгэн гараараа Бенгалын бар авладаг байсан зэрэг маш сонирхолтой түүхүүд энд бий. Дээр нь Их Могулын хаадын хамгийн том сул тал юу байсныг эндээс дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

Уран зохиол: Хайр сэтгэл болон бусад чөтгөрийн тухай - Г.Г.Маркес

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 11)

Шидэт реализмын сод төлөөлөгч Г.Г.Маркесын номыг та нэг л бариад авсан бол цаг хугацаа зогсож, оронд нь өмнө нь огт хөл тавьж үзээгүй цоо шинэ ертөнц таны өмнө нээгдэх болно. Харин дотор нь юу байгааг энэ удаад би хэлэхээ азная. Ямар ч байсан та зохиол бичнэ гэдэг нь зүгээр нэг үйл явдлуудын дэс дарааллыг гаргаж, улиг болсон зүйлсийг дахин нурших биш юм байна гэдгийг мэдрэх болно.

Түүвэр зохиол: Сонгомол эсээнүүд - Мишэль дө Монтэнь

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 12)

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны орчуулж эмхэтгэсэн энэ ном сүүлийн арван жилийн турш хамгийн эрэлттэй номыг тэргүүлсээр иржээ. Учир нь хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний нэг болох Мишэль дө Мотнэний бичсэн үхлийн тухай, хайрын тухай, амьдралын утга учрын тухай эссээнүүд энд бий. Уншиж үзээгүй хүмүүст хандаж хэлэхэд энэ ном таны бодол, сэтгэлийг илүү их орон зайтай, бас гэрэл гэгээтэй болгоно.

Босогч: Вероника Рот

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 13)

Нью-Йорк Таймсын бестселлер номын зохиолч Вероника Ротын бичсэн энэхүү гэмт хэрэг, адал явдлын ном нь хайр дурлал, хүнд хэцүү шалгуур, зүрх зүсэм үйл явдлуудтай. Номын танилцуулгад "Ганцхан сонголт чамайг өөрчилж эсвэл устгах хүчтэй. Гэвч сонголт бүр өөрийн үр дагавартай..." гэж бичжээ. Хайртай бүхнээ аврахын төлөө хийх сонголт хамгийн хэцүү байдаг. Та номын гол дүрийн оронд байсан бол яах  байсан бэ?

Улс төр: Миний амьдралын түүх - Хилари Родхэм Клинтон 

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 14)

АНУ түүхэндээ анх удаагаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох магадлал тун өндөр байна. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Доналд Трамп гэх хүчирхэг амбицтай эрийн өөдөөс сөрөн зогсож буй Хилари Клинтоны өөрийнхөө намтар, түүхийг бичсэн энэ ном эмэгтэйчүүдэд маш их урам зориг, өөртөө итгэх итгэл төрүүлдэг. Тэрээр энэхүү номондоо өөрийн дотоод сэтгэлээ нээж, залуу насандаа юунд дурлаж, юунаас татгалзаж явснаа дотночлон өгүүлсэн байгаа. 

Амьтан: Бүгд: Хамгийн алдартай үүлдрийн нохдын тухай

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 15)

Дэлхийн хамгийн алдартай 150 үүлдрийн нохдын тухай энэ номонд багтаажээ. Тэгэхээр та шинээр нохой авах гэж байгаа бол, эсвэл хүүхдийнхээ амьд амьтныг хайрлах сэтгэлийг хөгжүүлэх гэж байвал энэ номоос бүрэн мэдээлэл авч болно. Нохдын эрүүл мэндийн онцлог, анхаарал тавих бүхий л мэдээлэл энд багтжээ. 

Одон орон судлал: Цаг хугацааны товч түүх - Стефен В.Хокинг 

Таны номын шүүгээнд: Монгол хэл дээрх шинэ болон шилдэг номууд (фото 16)

Хэдхэн хоногийн өмнө манай дэлхийгээс 94 гэрлийн жилд орших HD-164595 одноос бидэн рүү "хаягласан" ямар нэгэн дохио ирлээ гэсэн мэдээлэл гарч, одон орон, шинжлэх ухаан сонирхогчдыг цочролд оруулаад байна. "Тэнд соёл иргэншил байх боломжтой юу, энэ дохио ямар учиртай вэ" гэх олон асуулт одоо хөвөрч өгнө. Тэгвэл бид сансар огторгуйн талаар хэр ихийг мэдэх билээ. Стефен В.Хокингийн бичсэн "Цаг хугацааны товч түүх" номонд өнөөдрийн бидний мэдэж буй зүйлсийн гол цөм бүгд бичээстэй байгаа. Сансар огторгуй анх их тэсрэлтээр үүссэн бөгөөд одоо хүртэл сунан тэлсээр байгаа гэх сонирхолтой мэдээллээр оюуны аялал хийгээрэй.

цааш үзэх