Хайх

Канн: Кино урлагийн гоо үзэсгэлэн

Канн: Кино урлагийн гоо үзэсгэлэн

Каннын кино наадам

Text: Х.Батсүх


Энэ тавдугаар сард биднийг кино сонирхогчдын хамгийн том баяр наадам болох Каннын кино наадам хүлээж байна. Дэлхийн кино уран бүтээлчид шинэ бүтээлээ ямар чиг хандлагаар хийж байгааг тодорхойлдог энэхүү наадам тавдугаар сарын 11-22-ны хооронд, уламжлал ёсоор үзэсгэлэнт Канн хотод зохиогдох болно

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчидаа. Та бүхэнд Каннын кино наадамтай холбоотой мэдээлэл, наадамд өрсөлдөж буй кино, таамаг зэрэг олон сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлдээд байна. Юуны өмнө дэлхий даяар зохиогддог олон кино наадам, шагналуудаас Каннын наадам юугаараа онцлогтойг болон кино урлагт оруулсан хувь нэмрийг нь ярих ёстой болов уу?

Канн: Дэлхийн кино урлагийн гоо үзэсгэлэн

Дэлхий дээрх анхны кино фестиваль болох Веницийн кино наадам анх 1932 онд зохион байгуулагдсан бөгөөд уг наадмын дараа Франц улс өөрийн нутаг дээрээ кино наадам зохион байгуулах санаачлага гаргажээ. Улмаар 1936-1939 оны хооронд Францын Соёл, Боловсролын яамны сайдаар ажиллаж байсан Жан Зэйгийн идэвх чармайлтаар 1938 онд Каннын кино фестивалийг зохион байгуулах шийдвэр албан ёсоор батлагдаж, анхны наадмыг 1939 онд хийхээр төлөвлөжээ. Харамсалтай нь дэлхийн II дайнаас болж арга хэмжээ тодорхоогүй хугацаагаар хойшлогдсон бөгөөд ялалтын баярын дараа, 1946 онд анхны наадмаа зохион байгуулсан юм. Ийнхүү Каннын наадам Европ тив газрын зургаа шинэчлэн тогтоосны дараа зохион байгуулагдсан анхны олон улсын арга хэмжээ болж түүхэнд үлджээ. 

Канн: Кино урлагийн гоо үзэсгэлэн (фото 1)

1947 оны Каннын наадамд нийт 16 орны уран бүтээлчид өөрсдийн киногоо нээсэн бөгөөд энэ цагаас эхлэн наадмын шүүгчдийг олон орны төлөөлөлтэй болгохоор шийдвэрлэжээ. Эхэн үеийн Каннын наадам намар цагт зохиогдсон ч 1949 онд фестиваль зохион байгуулах гол байгууламжийн дээвэр салхинд нурсан ба ер нь Каннд жилийн энэ улиралд хэтэрхий их салхитай байдаг гэх шалтгаанаар 1951 оноос хавар зохиогддог болсон юм. Анхнаасаа Канн хотод намар ийм төрлийн арга хэмжээ зохиох нь зохимжгүй гэж олон санал ирсэн ч Францчуудын Венецийн намарын кино наадамтай өрсөлдөх хүслээр Канны наадмыг намар зохион байгуулахаар шийдэж байжээ.

Наадмын хамгийн гол шагнал болох  "Palme d'Or" буюу Алтан далдуу модны мөчир шагналыг 1955 онд санаачилж, наадмын шилдэг кинонд олгох болсон байна. Үүнээс өмнө наадмын гол шагнал нь "Grand Prix du Festival International du Film" нэртэй байжээ. Өмнө нь наадмын тэргүүн шагналын загварыг жил бүр өөр, өөр хийдэг байсан ч 1954 онд зохион байгуулагчид Канн хотын бэлгэдэл болох далдуу модны мөчир болгохоор шийдсэн байна. Далуу модны мөчрийн загвар хэд, хэдэн удаа солигдсон бөгөөд одоогийн бидний мэдэх энэхүү алтан мөчрийн загварыг 1997 онд анх танилцуулсан юм.

Канн: Кино урлагийн гоо үзэсгэлэн (фото 2)

 

Алтан далдуу модны мөчир шагнал нь нийт 19 ширхэг навчтай, 18 каратын алтаар хийгддэг бөгөөд шагналыг бүтээх зардал нь ойролцоогоор 20.000 евро болдог

1957 онд анх удаа шүүгчдийн багт эмэгтэй гишүүн багтсан бөгөөд 1965 онд наадмын ерөнхийлөгчийн ажилд анх удаа эмэгтэй хүн ажиллаж эхэлжээ. Одоо тус наадмын ерөнхий хэсгийн есөн шүүгчийн  тав нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй хүн сонгогддог болсон.

Наадмын өөр нэгэн том арга хэмжээ болох "Олон улсын шүүмжлэгчдийн долоо хоног" нь 1962 оны Каннын наадмын хөтөлбөрт анх багтсан. Хөтөлбөрийн гол зорилго нь шинэ залуу найруулагчдыг олонд таниулах юм. Уг арга хэмжээнд ердөө бүрэн хэмжээний долоон бүтээл, богино хэмжээний долоон кино сонгодог ба эдгээр кино нь найруулагчдын анхны юм уу, хоёр дах кино байдаг.

Энэ хэсгээс бидний сайн мэдэх Вонг Кар-Вай, Алехандро Гонсалес Иньярриту, Гаспар Ное, Франсуа Озон зэрэг олон найруулагчид өөрсдийн нэрээ анх цуурайтуулж байсан түүхтэй. Уг хэсгийн ялагч "Шүүмжлэгчдийн долоо хоног"-ийн Гранд Прикс (Неспрессо) шагналыг хүртдэг ба гол онцлог нь шагналын шүүлтийг зөвхөн сэтгүүлч болон шүүмжлэгчид хийдэг юм. Мөн Олон улсын шүүмжлэгчдийн долоо хоногт сонгогдсон кинонууд шилдэг дэлгэцийн зохиол болон Caméra d'Or шагналуудад өрсөлдөх эрхтэй болдог.

Канн: Кино урлагийн гоо үзэсгэлэн (фото 3)

2015 оны байдлаар гэхэд 3767 сэтүүлчид уг арга хэмжээнд оролцсон бөгөөд, Каннын кино фестиваль хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүст хүрсэн арга хэмжээний хувьд Олимпийн наадмын дараа, хоёрт орж байна. 

Каннын кино наадам анх зохион байгуулагдсан цагаасаа хойш олон улсын уран бүтээлчдийн киног дэлхий нийтэд гаргах том гүүр болж өгсөн төдийгүй, кино үйлдвэрлэл, түгээлтийн бизнес анх энэ фестиваль дээрээс эхэлсэн юм. Дэлхий дээрх хамгийн том кино дистробютеруудын цугларал нь Каннын наадам бөгөөд жилд дунджаар уг наадамд 30000 гаруй мэргэжлийн уран бүтээлчид ирдэг. Тэдний 2000 нь продюсер болон кино дистробютерууд байдаг байна.

1972 од Роберт Фав Ле Брет наадмын ерөнхийлөгчийн албыг авснаар хэд, хэдэн томоохон өөрчлөлтүүд хийсэн. Хамгийн түрүүнд наадамд оролцох киноны сонголтын асуудлыг нэг тийш нь шийдэж өгчээ. Улс орноо төлөөлөн оролцох кинонуудыг тухайн орон өөрөө сонгодог байсан системийг өөрчилж, хоёр тусдаа комисс байгуулан, франц болон олон улсын кинонууд сонгож наадамд оролцуулах болжээ. Ингэснээр наадмын үргэлжлэх хугацаа харьцангуй багассан байна.

Наадмын бас нэгэн бие даасан хэсэг болох шинэ уран бүтээлчдийг танилцуулж, урамшуулах Caméra d'Or буюу Алтан дуран шагнал, Un Certain Regard буюу онцгой анхаарал татсан шинэ шийдэл, өөрийн арга барилыг дэвшүүлсэн өвөрмөц кинонуудад 1978 оноос тусгай шагнал гардуулж эхэлсэн.

Хамгийн сүүлд 1995 оноос шинэ уран бүтээлчдийг дэмжих, тэднийг бусад уран бүтээлчидтэй холбон зуучлах зорилготой Cinéfondation хэсгийг бий болгосон. Энэ хэсэгт жил бүр дэлхий даяарх кино урлагийн сургуулиудаас ирүүлсэн 1000 гаруй бүтээлүүдийг хүлээн авдаг. Тэднээс богино болон дундаж хэмжээний 15-20 кино сонгон авч, шилдгээр шалгарсан гурван киног үндсэн наадамд оролцуулдаг байна.

Каннын наадмыг зохион байгуулах зардал ойролцоогоор 20 сая евро хүрдэг бөгөөд зардлын дийлэнх хэсгийг олон нийтийн хандив болон соёлын яам, үндэсний кино урлагийн төв, Канн хотын захиргааны санхүүжилтээр хийдэг байна.

Энэ долоо хоногт та бүхэнд наадмын ерөнхий танилцуулга түүхийг хүргэлээ. Харин дараа долоо хоногт 2016 оны Каннын олон улсын кино фестивальд оролцож буй бүтээлүүд болон уран бүтээлчдийн талаарх илүү дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэх болно.

Каннын кино наадамтай холбоотой зарим мэдээлэл

- Фестивалийн Улаан хивс нийт 60 метр урттай. Арга хэмжээ болгоны өмнө хивсийг шинээр сольдог бөгөөд фестивалийн үеэр нийт 2 км урт хивс хэрэглэдэг.

- Францчууд Европ тивийн хамгийн кинонд дуртай үндэстэн бөгөөд Францад нийт 2020 кино театр үйл ажиллагаа явуулж, 5643 дэлгэцээр кино үзвэрийг хүргэдэг байна. Мөн нийт 123,000 хүн кино үйлдвэрлэлийн салбарт ажилладаг.

- Канн хотын зочид буудлуудын нийт орлогын 15 хувь нь наадам зохион байгуулагдах 12 өдрийн дотор бүрддэг байна.

- Каннын кино наадмын үеэр зочид буудлуудын үндсэн хоолны дундаж үнэ 35 евро хүрдэг.

 

цааш үзэх