Хайх

2019 онд нээлтээ хийнэ: Заавал кино театрт үзэх хэрэгтэй 26 кино

"Араатны хаан арслан", "Жокер", "Тоглоомын түүх 4" ба бусад өндөр хүлээлттэй кинонууд

Text: Г.Тэмүүлэн


Тарантиногийн ээлжит бүтээл, супер баатруудтай блокбастерууд, 1990-ээд онд гарч байсан домогт кинонуудын шинэ хувилбарууд гээд 2019 онд биднийг маш олон сонирхолтой кинонууд хүлээж байна. Та эдгээр бүтээлүүдийг дуу ба дүрсний өндөр чанартайгаар үзэж, кино урлагийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл заавал кино театрыг зориорой!

Glass

Хэзээ: Нэгдүгээр сарын 18

Оскарын шагналд нэр дэвшиж байсан найруулагч М.Найт.Шьямаланы бүтээсэн "Split" киноны үргэлжлэл. Өмнөх ангид бие хүн хуваагдах эмгэгтэй Кевин хэмээх залуугийн тухай өгүүлдэг бол "Glass" кинонд бас нэгэн ер бусын чадвартай Дэвид Данн гэх супер баатрын тухай гарна. Гол дүрд Жеймс Макэвой, Брюс Уиллис, Сэмюэл Л.Жексон нар тоглосон байна.

Marry Poppins Returns

Хэзээ: Нэгдүгээр сарын 25

Шидэт асрагч Мэри Поппинсын адал явдлын тухай алдарт хүүхдийн номоос сэдэвлэсэн энэхүү киноны албан ёсны нээлт өнгөрсөн сард болсон ч Монголын үзэгчдэд энэ сард хүрэх болно. Роб Маршаллын найруулсан тус киноны гол дүрд Эмили Блант тогложээ.

Alita: Battle Angel

Хэзээ: Хоёрдугаар сарын 5

Японы зохиолч Юкито Киширогийн "Gunnm" нэртэй манга зохиолоос сэдэвлэсэн, 200 сая ам.долларын өртөгтэй, асар өндөр хүлээлттэй байгаа энэхүү шинжлэх ухааны уран зөгнөлт киног Роберт Родригес найруулж, Жеймс Камерон, Жон Ландау нар продюсерложээ. Үйл явдалд доктор Дисон Идо (Кристофер Вальц) хогийн цэгээс нэгэн киборг роботын (Роза Салазар) үлдэгдлийг олж, түүнийг дахин сэргээдэг. Робот бүсгүй ой санамжаа алдсан ч төд удалгүй ер бусын хүч чадалтай болохоо олж мэддэг.

Captain Marvel

Хэзээ: Гуравдугаар сарын 8

Киноны үйл явдал 1990-ээд онд өрнөх бөгөөд Кэрол Денверс гэх нисгэгч бүсгүй харь гарагийн биеттэй тулгарснаар ер бусын хүчтэй болдог. "Captain Marvel" нь Эмэгтэй супер баатартай Marvel-ын анхны бие даасан кино болсноороо онцлогтой. Гол дүрд Оскарын шагналт жүжигчин Бри Ларсон, Жуд Лоу, Жемма Чан нар тоглосон байгаа.

Us

Хэзээ: Гуравдугаар сарын 22

2017 оны Оскарын наадмаас "шилдэг кино зохиол" шагналыг хүртсэн "Get Out" аймшгийн киноны найруулагч Жордан Пилийн ээлжит жихүүдэс хүргэм бүтээл. Энгийн нэг гэр бүл далайн эрэг дээрх байшинд амрахаар хүрэлцэн ирдэг ч удалгүй тэдэнтэй яг адилхан төрхтэй хүмүүс тэднийг ангуучилж эхэлдэг.

Dumbo

Хэзээ: Гуравдугаар сарын 29

Далбагар чихт, Дамбо нэртэй өхөөрдөм зааны тугалыг мэдэхгүй хүн тун ховор биз ээ. Уолт Диснейн 1941 онд бүтээсэн анимэйшн киноноос сэдэвлэсэн энэхүү киног Тим Бертон найруулжээ. Мөн кинонд Колин Фаррелл, Майкл Китон, Дени ДеВито, Ева Грин зэрэг Холливүүдийн жүжигчид тоглосон байгаа.

Shazam!

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 5

DC Comics-ийн бас нэгэн супер баатар Шазам гэх шидтэний тухай кино. Үйл явдалд Билли Батсэн гэх мөрөөдөмтгий хүү "Шазам!" хэмээх шидэт үгийг хэлэн супер баатар болон хувирч байгаа тухай гарна. Супер баатрын дүрд Закари Ливай, Эшер Энжел нар тоглосон байна.

Hellboy

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 12

Өмнө нь Гильермо Дель Торрогийн бүтээж байсан Тамын хүүгийн адал явдал дахин шинэчлэгдэн гарч байгаа бөгөөд энэ удаад найруулагчийн суудалд Нил Маршал ирсэн байна. Жүжигчдийн бүрэлдэхүүн ч мөн шинэ ангид солигджээ. Гол дүрд Дэвид Харбор, Мила Йовович нар тоглосон байна.

Avengers: Endgame

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 26

Бидний хайртай супер баатруудыг тоос болгон арчсан Таносын эсрэг хийх энэхүү сүүлчийн тулаанаар хүн төрөлхтний хувь заяа шийдэгдэнэ.

John Wick: Chapter 3

Хэзээ: Тавдугаар сарын 16

Киану Ривз ба Холли Берри нарын тоглосон нео-нуар жанрын адал явдалт тулаант кино. Таны таамаглаж байгаачлан кинонд маш их тулаан, цус, хүчирхийлэл гарах болно. Киноны үйл явдалд экс хөлсний алуурчин Жон Уикийн амийг 14 сая ам.доллар үнэлснээр тэрээр бусад хөлсний алуурчдаас зугтах шаардлага гарна.

Aladdin

Хэзээ: Тавдугаар сарын 24

Энэхүү жагсаалтыг энэ хүртэл уншсан бол танд магадгүй 1990-ээд онд эргэн ирсэн мэт санагдаж магадгүй л юм. Анх 1992 онд гарч байсан Disney-н алдарт "Аладдин" хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн бүрэн хэмжээний киног Их Британийн найруулагч Гай Ричи найруулж, гол дүрд нь Уилл Смит (Бирд) тоглосон байгаа. 

Ad Astra

Хэзээ: Тавдугаар сарын 24

2019 онд нээлтээ хийнэ: Заавал кино театрт үзэх хэрэгтэй 26 кино (фото 1)

Энэ онд гарч байгаа Брэд Питтийн тоглосон хоёр дах кино. Үйл явдалд сансрын инженер (Питт) Дэлхийгээс өөр гараг дээр амьдрал эрэлхийлэхээр одсон эцгээ (Томми Ли Жонс) хайн Далайн Ван гараг руу нисдэг. Энэ явцдаа тэрээр Дэлхийн ирээдүйн оршин тогтнолд заналхийлж буй аюултай тулгарах болно. Энэхүү шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд Брэд Питт, Томми Ли Жонс, Рут Негга зэрэг жүжигчид тоглож, найруулагчаар Жеймс Грэй ажиллажээ.

Rocketman

Хэзээ: Тавдугаар сарын 31

Бүх цаг үеийн хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг болох Их Британийн алдарт дуучин Элтон Жоны амьдралыг ямар нэг цензургүй, бодитоор харуулсан бүтээл. Түүний алдарт дууны нэрээр нэрлэгдсэн энэхүү киног Брайан Сингертэй хамтран "Bohemian Rhapsody"-г бүтээлцсэн Декстер Флетчер найруулсан байна. Домогт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жоны дүрд Тэрон Эжертон тоглосон бол түүний ихэнх дууны үгийг зохиосон Берни Топиныг жүжигчин Жейми Белл дэлгэцнээ амилуулжээ.

Godzilla: King Of Monsters

Хэзээ: Тавдугаар сарын 31

Киноны үйл явдалд Годзилла, Мотра, Родана гэх аймшигт мангасууд гурван толгойт Гидора нэртэй чөтгөрийн эсрэг тулалдана. Найруулагчаар Майкл Догерти ажиллаж, Вера Фармига, Кэн Ватанабэ, Салли Хокинс, Милли Бобби Браун, Жан Зыи зэрэг жүжигчид гол дүрүүдийг бүтээсэн байна.

Men in Black International

Хэзээ: Зургаадугаар сарын 14

Тийм ээ, энэ жил 1990-ээд оны үзэгчдийн дуртай бараг бүх кинонууд эргэн ирж байна! Жишээ нь анх 1997 онд танилцуулагдсан шинжлэх ухааны уран зөгнөлт "Хар хувцастнууд" буюу "Men in Black" кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Гэхдээ энэ удаад Уилл Смит, Томми Ли Жонс нарыг Лондон дахь "Хар хувцастнууд" болох Крис Хемсворт, Тесса Томсон нар орлож, учир битүүлэг аллагыг мөрдөх болно.

Toy Story 4

Хэзээ: Зургаадугаар сарын 21

Disney ба Pixar кино компаниудад нийт 1,9 тэрбум ам.долларын орлого оруулж байсан, "Тоглоомын түүх" франчайз нь кино урлагийн түүхэнд гарсан хамгийн амжилттай хүүхэлдэйн кинонуудын нэгт тооцогддог. Шинэ ангийн үйл явдалд Вуди, Базз ба бусад тоглоомууд "Форки" нэртэй хачирхалтай тоглоомтой танилцсанаар адал явдал эхэлнэ. Том Хэнкс, Тим Аллен нараас гадна энэ удаад Киану Ривз, Жордан Пил нар дуу оруулахаар болжээ.

Spider Man Far from Home

Хэзээ: Долоодугаар сарын 5

Питер Паркер зуны амралтаараа дотны найзуудтайгаа Европоор аялахаар шийддэг. Гэвч тэрээр хилийн чанадад Мистерио хэмээх хүчирхэг хорон санаатантай тулгарч, түүнээс найз нөхдөө хамгаалах хэрэгтэй болдог.

Dark Pheonix

Хэзээ: Долоодугаар сарын 6

"Икс-Хүмүүс" франчайзын 12 дах киноны үйл явдал голчлон Жин Грейн залуу насанд төвлөрөх болно. Саймон Кинбергийн найруулсан энэхүү кинонд Жин Грей өөрийн хүч чадлыг олж, хар бараан талаа нээж байгаа тухай өгүүлдэг. Гол дүрд Жеймс Макэвой, Женнифер Лоуренс, Софи Тернер, Майкл Фассбендер, Николас Холт ба бусад жүжигчид тогложээ.

The Lion King

Хэзээ: Долоодугаар сарын 19

Disney кино компанийн сонгодог бүтээл болох "Араатны хаан арслан" киног танилцуулах шаардлагагүй биз ээ. Цагтаа хүүхэд бүрийг уйлуулж чадсан энэхүү хүүхэлдэйн киноны шинэ хувилбарт Дональд Гловер, Бейонсе нар тоглож, найруулагчаар Жон Фавро ажилласан байгаа.

Once Upon A Time in Hollywood

Хэзээ: Наймдугаар сарын 9

2019 онд нээлтээ хийнэ: Заавал кино театрт үзэх хэрэгтэй 26 кино (фото 2)

Леонардо ДиКаприо, Брэд Питт, Марго Робби зэрэг супер одуудаас бүрдсэн жүжигчдийн багтай "Холливүүдэд нэгэн удаа" нэртэй кино нь домогт найруулагч Квентин Тарантиногийн ес дэх бүтээл юм. Үйл явдалд цуврал алуурчин Чарльз Мэнсон ба түүний бүлгэм, 1960-аад оны Холливүүдийн өнгө төрх болон амжилтгүй жүжигчдийн хөгжилтэй адал явдал гарах болно.

IT: Chapter Two

Хэзээ: Есдүгээр сарын 6

Стивен Кингийн алдарт зохиолоос сэдэвлэсэн "IT" кино өнгөрсөн жил нээлтээ хийсэн бол тус киноны үргэлжлэл энэ намар гарах гэж байна. Кинонд нэгэн утасны дуудлага "Азгүйчүүдийн клуб"-ын гишүүдийг аймшигт үйл явдал тохиосноос бараг 30 жилийн дараа дахин цуглуулна. Жеймс Макэвой, Жессика Честейн, Билл Скарсгард нар гол дүрийг бүтээсэн байгаа.

Joker

Хэзээ: Аравдугаар сарын 4

2019 онд нээлтээ хийнэ: Заавал кино театрт үзэх хэрэгтэй 26 кино (фото 3)

Бид өмнө нь Жек Николсон, Хит Леджер, Жаред Лето нарын бүтээсэн Жокерыг үзэж байсан бол одоо энэхүү алдарт хорон санаатныг Хоакин Феникс хэрхэн дэлгэцнээ амилуулсныг харах болно. Гэхдээ энэ удаад кино тэр чигтээ Жокер гэх дүрд төвлөрч, түүний түүхийг өөр өнцгөөс харуулснаараа онцлогтой. 1981 онд нийгмээс тусгаарлагдсан нэгэн амжилтгүй стэнд-ап комедиан Готэм хотыг үймээн самуун, гэмт хэрэгт автуулахаар шийднэ.

Terminator Reboot

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 1

2019 онд нээлтээ хийнэ: Заавал кино театрт үзэх хэрэгтэй 26 кино (фото 4)

Найруулагч Жеймс Камерон алдарт "Терминатор" франчайзаа дахин шинэчлэн гаргаж байгаа билээ. Тэгвэл "Терминатор 2: Цээрлэлийн өдөр" кино гарснаас 25 жилийн дараа Арнольд Шварцнеггер ба Линда Хэмильтон нар тэднийг нэр алдрын оргилд хүргэсэн кинондоо эргэн ирж байна. Одоогоор киноны нэр ба үйл явдлын талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Жеймс Камерон продюсерын үүрэг гүйцэтгэж, найруулагчаар Тим Миллер ажиллахаар болсон нь батлагдсан байгаа юм.

Charlie's Angels

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 1

2019 онд цоо шинэ жүжигчдийн багтай "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" эргэн ирэхээр болжээ. Анх 2000 онд танилцуулагдаж байсан тус киноны шинэ хувилбарт сахиусан тэнгэрүүдийн дүрийг Кристен Стюарт, Наоми Скотт, Элла Балинска нар бүтээж байгаа бол Чарлигийн дүрд жүжигчин Элизабет Бэнкс (Тийм ээ, эмэгтэй Чарли!) тоглохоор болсон байна.

Frozen 2

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 22

Анх 2013 онд нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн хүүхдүүдийг байлдан дагуулж байсан Disney кино компанийн алдарт "Frozen" хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги энэ онд амжиж нээлтээ хийх болно. Энэ удаад Анна, Эльза, Олаф, Кристофф нарын дүрийг бүтээсэн жүжигчид бүгд эргэн ирэх бол Эван Рэйчел Вуд, Стерлинг К.Браун нар жүжигчдийн багт нэмэгдэх болно. Одоогоор киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч ирэх хэдэн жилийн турш эцэг эхчүүд шинэ "Frozen"-ы дуугаар "амьсгална" гэдэгт бид итгэлтэй байна.

Star Wars: Episode IX

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 19

Ж.Ж.Абрамсын бүтээж буй энэхүү киноны үйл явдал "Оддын Дайн: Сүүлчийн Жедай" (2017)  ангид гарсан адал явдлаас нэг жилийн дараа өрнөх нь тодорхой болсон юм. Одоогоор шинэ "Оддын Дайн"-ы талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх