Хайх

Оскарын шагнал гардуулах 88 дах удаагийн ёслол болоход дөрөв хоног үлдлээ

Оскарын шагнал гардуулах 88 дах удаагийн ёслол болоход дөрөв хоног үлдлээ

Лео шагнал хүртэх болов уу?

Text: Б.Амина


Америкийн кино урлагийн Академийн дээд шагнал 88 дах удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болоход ердөө дөрөвхөн хоног үлдээд байна. Энэ жилийн ялагчид тодрохыг тэсэн ядан хүлээх зуураа шагнал гардуулах ёслолын хүрээнд юу болж өнгөрснийг дахин нэг харцгаая

Кино ертөнцийн шилдгийг жил бүр шалгаруулдаг арга хэмжээнүүд ар араасаа үргэлжилсээр. Тэдний дундаас хамгийн томоохонд тооцогддог Оскарын шагнал гардуулах ёслол Холливүүдын Dolby Theatre-т энэ оны хоёрдугаар сарын 28-нд болно. Энэ жилийн шагнал гардуулах ёслолд Дэвид Хилл, Режиналд Хадлин нар продюсераар ажиллах бол Глен Вайсс найруулагчаар ажиллана. Харин жүжигчин Крис Рок хөтлөгчийн үүргийг гүйцэтгэх билээ. Тэрбээр 2005 онд зохион байгуулагдсан 77 дах удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөж байсан туршлагатай юм.

Энэ жилийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорсонд The Revenant кино хамгийн олон төрөлд буюу 12 төрөлд нэр дэвшээд байгаа. Тус киноны найруулагч Алехандро Гонсалес Иньярриту, гол дүрийн жүжигчин Леонардо ДиКаприо наадмын хамгийн гол шагналыг хүртэх магадлалтай болсон. Мөн The Revenant "Шилдэг кино" төрөлд нэр дэвшсэн. Харин эрэгтэй гол дүрийн жүжигчин шагналд Эдди Редмэйн The Danish Girl кинонд тоглосон дүрээрээ нэр дэвшсэн нь Леогийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болоод байгаа юм. The Revenant кино Алтан бөмбөрцөг наадмын 73 дах удаагийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг утга, уянгын кино" шагналыг хүртсэн бол гол дүрийн жүжигчин Лео "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналыг гардсан. Мөн 69 дах удаагийн BAFTA шагнал гардуулах ёслолын бүх гол шагналуудын эзэн болсон. Харин Оскарын шагналыг хараахан хүртээгүй байгаа "азгүй" жүжигчдийн тоонд олон жил багтсан Лео энэ удаад Оскар гардах болов уу? The Revenant-ын дэлхийн нээлт болж буйтай холбогдуулан түүнээс авсан бидний ярилцлагыг эндээс уншаарай.

Оскарын шагналд нэр дэвшиж буй бусад кино, жүжигчид, найруулагчид ч мөн кино урлагийн шагнал гардуулах ёслолуудаас олон шагналуудыг хүртсэн. Оскарын "Шилдэг эвлүүлэг" төрөлд нэр дэвшсэн Mad Max: Fury Road BAFTA наадамд энэ төрөлдөө тэргүүлсэн. Оскарын "Шилдэг баримтат кино"-нд нэр дэвшсэн Amy мөн л Британийн кино наадмаас шагнал хүртсэн. The Big Short, Spotlight, Star Wars: The Force Awakens, The Martian, Room болон бусад кинонууд BAFTA, Алтан бөмбөрцөг наадмуудад нэр дэвшиж, шилдэгт шалгараад байгаа юм. Харин жүжигчдийн хувьд Кейт Уинслет, Бри Ларсон, Женнифер Лоуренс, Мэтт Дэймон болон бусад жүжигчид тус хоёр наадмаас шагнал хүртсэн. Бид мөн гол төрлүүдэд нэр дэвшсэн кино болон уран бүтээлчдийн хэн нь ялалт байгуулах талаар санал асуулга уншигчдынхаа дунд гаргасан. Тэгэхээр энэ сарын 28-нд болох 88 дах удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын алтадсан баримлыг ямар кино, найруулагч, жүжигчид хүртэхийг бид харах л үлдлээ.  

Оскарын шагнал гардуулах 88 дах удаагийн ёслол болоход дөрөв хоног үлдлээ (фото 1)

 

цааш үзэх