Хайх

Buro Review: Яагаад “Westworld” цувралыг заавал үзэх хэрэгтэй вэ?

Buro Review: Яагаад “Westworld” цувралыг заавал үзэх хэрэгтэй вэ?

Spoiler alert!

Text: Г.Тэмүүлэн


Энэ намрын хамгийн үнэтэй, хамгийн их хүлээлттэйгээр дэлгэцэнд шилжсэн ”Westworld” цувралыг дараагийн “Game of Thrones” болно гэж үзэж байна

Хэрэв та аравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн "Westworld" цувралыг үзэж амжаагүй байгаа бол яг одоо HBO телевиз дээр сувгаа тааруулаарай. Нийт арван ангитай гарах энэхүү цувралын дөрөв дэх анги нь өнөөдөр гарах болно.

Анх "Westwold" нэртэй уран зөгнөлт, вестерн цуврал гарна гэсэн мэдээг сонсоод сонин санагдаж байлаа. Гэвч энэ сэтгэгдэл цувралын эхний ангийг үзэхэд л эрс өөрчлөгдсөн юм. Майкл Крайтоны 1973 онд хийж байсан ижил нэртэй киноноос сэдэвлэсэн энэ цувралын дан ганц эхний улирлыг л гэхэд 100 сая долларын өртөгтэй бүтээсэн байна. Бас "Westworld" цувралыг Жонатан Нолан, Ж. Ж. Абрамс нар хамтран бүтээсэн нь уг цувралыг үзэх хангалттай шалтгаан юм.

Цувралын үйл явдалд технологийн дэвшилтэт "Westworld" нэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн тухай гарна. Энэхүү вестерн сэдвээр бүтээсэн парк нь Америкийн XIX зууны жирийн л нэг хотхоны стильтэй бөгөөд дотроо "зочид" буюу баян хүмүүсийн зугааг гаргах зорилготой хүн төрхтэй роботуудтай. "Westworld" цувралд компьютер графикийн гайхамшиг, маш их хүчирхийлэл, робот ковбойчууд гээд үзэгчдийг дэлгэцэнд жинхэнэ "наалдуулж" байдаг олон зүйл бий.

Маш их хүчирхийлэлтэй

Хэрэв та өдөрт 40,000 доллар төлж, хүссэнээ хийх боломжтой хийсвэр ертөнцөд очвол яах вэ? Энэхүү футурист парк нь яг л хүмүүс шиг харагдах андроид роботуудаас бүрдсэн Америкийн вестерн ертөнцийн хуулбар юм. Энд ирсэн "зочин" аллага, хүчирхийлэл, секс, буудалцаан, дээрэм гээд юу ч хийж болно. Яагаад гэвэл тэд дахиад л угсарчих роботууд учраас "зочид" юу хийх нь тэдний л дур. Зарим баян хүмүүс энд таашаал авч, адал явдал хайж, ковбой болж, шинэ мэдрэмж авахаар ирдэг байхад бүр 30 жилийн турш энэхүү паркад ирж аллага хийж байгаа маньяк ч бас байна. Хамгийн гол нь роботууд өөрсдийгөө жинхэнэ биш гэдгийг мэдэхгүй. Роботууд өмнө нь тэдэнтэй тохиолдсон зүйлийг огт санахгүй. Шинэ өдөр эхлэхэд л тэднийг өмнө нь хэн хэрхэн алж, хүчирхийлснийг санахгүйгээр байх ёстой байрандаа, тоглох ёстой дүрээ бүтээгээд зогсоно. Гэвч төд удалгүй роботуудын хиймэл оюун ухаанд ямар нэг алдаа гарч, өмнөх болсон зүйлсийг тэд санаж эхэлдэг.

Buro Review: Яагаад “Westworld” цувралыг заавал үзэх хэрэгтэй вэ? (фото 1)

Хүмүүсийн ёс суртахууны асуудлыг хөндсөн

"Westworld" цувралын бүтээгч Жонатан Нолан вестерн ба футурист киноны уур амьсгалыг гайхалтай хослуулж чадсанаас гадна хүний ёс суртахууны асуудлыг маш ноцтой хөнджээ. Үзэгч өөрийн эрхгүй хүмүүсийн дур хүслийг хангах зориулалттай бүтээгдсэн роботуудын оронд өөрсдийгөө тавьж үзэх болно. Мөн роботууд мэдрэх чадвартай юу, зохиомол ертөнцийн, хиймэл оюун ухаантай роботуудыг хүчирхийлэх нь таныг муу хүн болгох уу гэх мэт оршихуйн гүн гүнзгий асуудлыг эргэцүүлэхэд хүргэж байгаа юм. Хэрэв үнэхээр ирээдүйд хиймэл оюун ухаан хөгжвөл ийм байдалд хүргэхийг үгүйсгэхгүй гэсэн бодол эцэст нь төрсөн юм.

Тусгай эффект

Бид телевизийн цувралууд бүрэн хэмжээний кинотой ижил хэмжээний төсөвтэй бүтээгддэг эрин үед амьдарч байна. "Westworld" цуврал ч үүнд хамаатай. Тус цувралын тайзны засал, роботууд, ковбойчуудын буудалцаан гээд бүх зүйлсийг маш бодитойгоор хийжээ. Жишээ нь зураг авалтанд "Westworld" паркийн үүсгэн байгуулагч доктор Роберт Форд буюу жүжигчин Энтони Хопкинсын залуу хувилбарыг хэрхэн бүтээснийг харахад л танд энэ киног үзэх хүсэл төрнө.

Buro Review: Яагаад “Westworld” цувралыг заавал үзэх хэрэгтэй вэ? (фото 2)

Хөгжим

"Westworld" цувралын хөгжмийг иран ба герман гаралтай хөгжмийн зохиолч Рамин Джавади бичжээ. Тэрээр өмнө нь "Game of Thrones", "Iron Man", "Person of Interest" зэрэг томоохон бүтээлүүдийн хөгжмийг зохиож, Grammy-гийн шагналд нэр дэвшиж байсан туршлагатай. Джавади огт өөр эрин үеийн хэд, хэдэн хөгжмийн жанрыг маш чадварлагаар нэгтгэсэн нь цувралыг гайхамшигтай болгосон бас нэг шалтгаан юм. Тухайлбал бид Radiohead хамтлагийн "No Surprises", "Paranoid Android", Soundgarden хамтлагийн "Black Hole Sun", The Rolling Stones-ын "Paint it Black" , Скотт Жоплины " Peacherine Rag" зэрэг дуунуудыг төгөлдөр хуур дээр тоглохыг сонсож болно.

 

цааш үзэх