Хайх

Дуучин Эд Ширан “Game of Thrones” цувралд тоглоно

Дуучин Эд Ширан “Game of Thrones” цувралд тоглоно

Тэр ямар дүр бүтээх бол?

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Грэммигийн шагналт дуучин Эд Ширан "Game of Thrones" цувралын долоодугаар улирлын нэгэн жижиг хэсэгт дүр бүтээхээр болжээ. Эд Шираны мэдэгдсэнээр тэрээр жүжигчин Мэйси Уильямс буюу Арья Старкийн хамтаар таван минут үргэлжлэх хэсэгт тоглох гэнэ. Харин үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. 

"Би Мэйситэй хамт зураг авалтад орно. Үүнийг олон нийтэд хэлж болох үгүйг сайн мэдэхгүй байна. Миний жүжиглэх хэсэгт би Арьяд нэгэн дуу дуулж өгөхөд тэр 'Өө, ямар гоё дуу вэ!' гэж хэлдэг юм" хэмээн дуучин залуу The Hits Radio-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэхдээ Эд Ширан бага зэрэг хэтрүүлэгтэй ярьсан байх магадлалтай байна. Учир нь "Өө, ямар гоё дуу вэ" гэх өгүүлбэр "Game of Thrones" цувралын харилцан ярианд бага зэрэг тохиромжгүй гэдгийг бид мэднэ шүү дээ.

Дашрамд дурдахад Арья Старкийн дүрийг бүтээсэн жүжигчин Мэйси Уильямс дуучин Эд Шираны маш том шүтэн бишрэгч нь юм байна. Тиймээс "Game of Thrones"-ын продюсерууд Эд Шираныг цувралын жижиг хэсэгт тоглуулснаар Мэйсид бэлэг барьж байгаа аж.

"Game of Thrones" цувралын долоодугаар улирал 2017 оны долоодугаар сарын 16-нд HBO телевизээр цацагдах болно.

цааш үзэх