Хайх

Энэ намар юу үзэх вэ: Найман гол цуврал

Энэ намар юу үзэх вэ: Найман гол цуврал

Женнифер Энистон, Риз Уидерспун нарын шинэ төсөл, супер баатруудын шинэ давлагаа, The Crown цувралын шинэ улирал ба бусад

Text: Г.Тэмүүлэн


Кино наадмууд, шинэ стриминг тавцангууд, мөн цоо шинэ цувралуудаар дүүрэн сэтгэл хөдөлгөм намрын улирал биднийг хүлээж байна. "Friends", "The Big Bang Theory" зэрэг хэзээ ч уйдамгүй сонгодог бүтээлүүдийг мянга дах удаагаа дахин үзэхээ түр азнан, Женнифер Энистон, Риз Уидерспун нарын тоглосон "The Morning Show", супер баатруудын адал явдлыг харуулсан "Watchmen", "The Crown" цувралын шинэ улирал зэрэг цоо шинэ бүтээлүүдэд анхаарлаа хандуулаарай.

Modern Love (Amazon)

Хэзээ: Аравдугаар сарын 18

Энн Хэтэуэй, София Бутелла, Тина Фэй, Эндрю Скотт нар Amazon-ы "Modern Love" нэртэй шинэ цувралын гол дүрд тоглосон байна. Хөнгөн, гэгээлэг, инээдмийн романтик цуврал бодолд автуулсан намрын гунигтай өдрүүдийг даван туулахад туслах болно. Сонирхолтой нь найман ангит тус цувралыг New York Times сонинд нийтлэгдэж байсан бодит хүмүүсийн хайрын түүхүүдээс сэдэвлэн бүтээсэн юм.

Watchmen (HBO)

Хэзээ: Аравдугаар сарын 20

"Watchmen" бол Алан Мурын 1986-1987 оны хооронд бүтээсэн цуврал комик зохиол юм. Комик зохиолын үйл явдал 1980-аад онд өрнөдөг бөгөөд Вьетнамын дайн, цөмийн зэвсгийн эрсдэл гэх зэрэг тухайн үеийн нийгмийн асуудлыг хөндөж, хурцаар шүүмжилдэг байв. Дэймон Линделоф уг зохиолоос сэдэл авч, нийт есөн ангитай телевизийн цуврал бүтээжээ. Найруулагчийн хэлснээр түүний бүтээсэн "Watchmen" эх зохиолыг тэр чигт нь хуулбарлахын оронд шинэ баатруудтай нэг ёсны "ремикс" болсон хэмээн хэлжээ.

Batwoman (The CW)

Хэзээ: Аравдугаар сарын 6

DC Comics-ын хамгийн алдартай эмэгтэй супер баатруудын нэг болох "Batwoman"-ы дүрийг жүжигчин, модель Руби Роуз бүтээсэн байна. Цувралд Брюс Уэйн Готэм хотыг орхисны дараа түүний үеэл Кейт Кейн буюу Batwoman хотыг аюулаас хамгаалах болно.

The Politician (Netflix)

Хэзээ: Есдүгээр сарын 27

XXI зуунд хэрхэн улс төрч болохыг заасан инээдмийн цуврал. Гол дүрд Гвинет Пэлтроу, Бен Платт, Люси Бойнтон, Жессика Лэнг зэрэг алдартай жүжигчид тоглосон байгаа. Цувралын гол дүрийн баатар Пэйтон Ховард бүр бага байхаасаа л АНУ-ын ерөнхийлөгч болохыг мөрөөдөж ирсэн бөгөөд хамгийн гол нь тэр хэрхэн зорилгодоо хүрэхийг ч маш сайн мэднэ. Гэхдээ үүнээс өмнө тэрээр хамгийн харгис "улс төрийн" орчинтой, баян гэр бүлээс гаралтай амбицтай өсвөр насныхнаар дүүрсэн Гэгээн Себастьяны ахлах сургуульд элсэн орох хэрэг гардаг.

The Morning Show (Apple TV+)

Хэзээ: Арваннэгдүгээр сар

Apple компанийн шинэ стриминг тавцанд зориулан бүтээгдсэн энэхүү цувралын гол дүрд Женнифер Энистон, Риз Уидерспун, Стив Карелл зэрэг зөвхөн "A" зэрэглэлийн жүжигчид тоглосон байгаа. Нийт 10 ангитай тус цувралд "The Morning Show" буюу Америкчуудыг өглөө бүр шинэ мэдээллээр "сэрээдэг" өглөөний нэвтрүүлэг болон тус шоуг бэлтгэдэг хүмүүсийн амьдралын тухай өгүүлнэ. Женнифер Энистон (Алекс) ард түмний хайртай мэдээний хөтлөгчийн дүрийг бүтээсэн бол Стив Карелл (Митч) ажлаасаа халагдаж буй түүний хамтрагчийн дүрд тоглосон байна. Харин Риз Уидерспун Алексын карьер болон нэр алдарт заналхийлж буй амбицтай, чадварлаг сурвалжлагч бүсгүйн (Брэдли) дүрийг бүтээжээ.

The Crown, 3-р улирал (HBO)

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 17

Их Британийн хатан хааны гэр бүлийн амьдралыг харуулсан "The Crown" цувралын гуравдугаар улирал биднийг цоо шинэ жүжигчдийн багтай угтан авах гэж байна. Энэ удаад жүжигчин Оливия Колман хатан хаан II Элизабет дүрийг бүтээж байгаа бол Хелена Бонэм Картер түүний дүү Маргарет гүнжийн дүрд тогложээ. Харин цувралын үйл явдалд хатан хаан Африк, Карибын колоничлолыг халахыг хичээж байгаа талаар, "Apollo 11" сансрын хөлөг саран дээр анх удаа буусан гэх зэрэг түүхэн цаг мөчүүдийг харуулах болно.

The New Pope (HBO)

Хэзээ: Арваннэгдүгээр сар

Италийн алдарт найруулагч Паоло Соррентиногийн 2016 онд бүтээсэн "The Young Pope" цувралын шинэ бүлэг тун удахгүй гарах гэж байна. Цувралын үйл явдалд Пиус XIII гэх зохиомол пап ламын талаар өгүүлнэ. Шинэ улиралд Жуд Лоугоос гадна Жон Малкович тогложээ. Ямартаа ч Паоло Соррентиногийн ээлжит үзэсгэлэнт бүтээлийг тэсэн ядан хүлээцгээе.

Sanditon (ITV)

Хэзээ: Наймдугаар сарын 25

Гайхалтай костюмууд, тансаг декорацууд, чадварлаг жүжигчид гээд Жейн Остины сонгодог романаас сэдэвлэсэн энэхүү цувралд үзэгчдийг татах бүх зүйл бий. Хэдийгээр алдарт зохиолч энэхүү зохиолыг бичиж дуусгаж амжаагүй ч найруулагч Эндрю Дэвис тус романаас сэдэвлэн найман ангиас бүрдэх дэлгэцийн бүтээл хийж чаджээ. Цувралд Шарлотта хэмээх эрч хүчтэй бүсгүй төрөлх тосгоноо орхин Сэндитон нэртэй зохиомол хот руу нүүж байгаа тухай өгүүлэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх