Хайх

“Game of Thrones”-ыг үздэггүй та олон нийтийн ярианы сэдвээс хоцроод байна уу? Бид танд тусалья

“Game of Thrones”-ыг үздэггүй та олон нийтийн ярианы сэдвээс хоцроод байна уу? Бид танд тусалья

Долоодугаар улирлын тухай бүх шаардлагатай мэдээлэл

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн амралтын өдрүүдээр "Game of Thrones" цувралын тавдугаар анги үзэгчдийн хүртээл болж, долоодугаар улирал өндөрлөхөд ердөө хоёрхон л анги үлдлээ. Долоо хоног бүрийн даваа гарагт олон нийтийн сүлжээнүүд "Game of Thrones"-ын шүтэн бишрэгчдийн нэгдсэн нийгэмлэг болон хувирч, цувралын тухай аливаа мэдээлэл дэлхийн томоохон үйл явдлуудыг сүүдэрлэж буйг та ч бас анзаарсан байх. Гэсэн хэдий ч "Game of Thrones"-ыг огтхон ч үзэж байгаагүй олон хүн бий. Тэд дэлхий нийт ганцхан сэдвээр ярилцаж байгаа энэ үед зөвхөн интернет сүлжээнд харагдсан "meme"-ээр хөтлөгдөж, ярианы сэдвийг хагас дутуу ойлгох нь элбэг. Гэхдээ санаа зовсны хэрэггүй ээ. Үнэндээ "Game of Thrones"-ыг ойлгоход тийм ч хэцүү биш бөгөөд олон нийтийн ярианы сэдэвт хамрагдахын тулд алдарт "Чи юу ч мэдэхгүй, Жон Сноу" гэх өгүүлбэрийг хэлэхэд л хангалттай. Ингээд бид та бүхэнд туслах үүднээс цувралын долоодугаар улирлын дэлгэцнээ гарсан нийт таван ангийн гол "meme"-үүдийн тусламжтайгаар тайлбарлаж, Вестеросд тохиолдсон хамгийн чухал үйл явдлуудыг эргэн дурслаа. Спойлероос болгоомжлоорой!

Энэхүү нийтлэл нь шинэ анги гарах бүрт шинэчлэгдэх болно.

Нэгдүгээр анги - "Луугийн чулуу"

Арья "Ихрүүд" цайзад ирж, Фрей удмынхны үлдсэн захирагчдыг хордуулан амийг нь бүрэлхэнэ. Бран "Хана" дээр хүрэлцэн ирнэ. Жон Сансатай зөрчилдөнө. Чигчий хуруу болж буй үйл явдлыг харан баярлана. Тормунд болон зэрлэгүүд Дорнын Харуул руу зүглэнэ. "Анч нохой" буюу The Hound далдыг харах мэдрэхүйгээ олж илрүүлнэ. Удалгүй Арья Винтерфелл рүү зүглэж, аян замдаа Эд Ширантай танилцана. Энэ үед Серсей наполеоны төлөвлөгөө боловсруулж, харин Сэм өдрийн цагаар эрдэмтдийн өтгөнийг цэвэрлэж, шөнөөр ном уншина. Ном унших явцдаа тэрээр Луугийн Чулуу цайзад "White Walkers"-ийг хөнөөх чадвартай онцгой шилний тортог байгааг олж мэднэ. Эцэст нь Дейенерис Вестерост ирнэ.

“Game of Thrones”-ыг үздэггүй та олон нийтийн ярианы сэдвээс хоцроод байна уу? Бид танд тусалья (фото 1)

Гол "meme" - Эд Шираны дуу. Аяллынхаа үеэр Арья Старк Ланнистерын бүлэг цэргүүдтэй тааралддаг. Тэдгээр цэргүүдийн нэгний дүрд Их Британийн дуучин Эд Ширан тоглосон юм. Ерөнхийдөө уг цувралд өмнө нь Исландын Sigur Rós ба Of Monsters and Men хамтлагуудын гишүүд, Mastodon хамтлаг, Coldplay-ийн бөмбөрчин ба Snow Patrol-ын гоцлол дуучин оролцож байсан хэдий ч, зөвхөн Шираны богино хэмжээний дүр олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж чадсан юм. Түүнийг шүүмжилсэн хүмүүс хэтэрхий их байсны улмаас дуучин "Луугийн чулуу" анги дэлгэцнээ гарсны нэг өдрийн дараа өөрийн Twitter хуудсаа устгахад хүрсэн. Үүнтэй холбогдуулан дуучин Жеймс Блант мэргэжил нэгтнээ өмөөрч, өөрийн "Sesame Street" цувралд оролцож байсан туршлагаасаа хуваалцсан бол, Mashable хэвлэлийн газар Шираны нэрийн өмнөөс хөгжилтэй захидал бичиж, шүүмжлэгчдэд хариу өгсөн билээ.

Олон нийтийн сүлжээнд юуны талаар түлхүү хэлэлцсэн бэ?
Хамгийн сонирхолтой нь долоодугаар улирлын эхний анги гарсны дараагаар үзэгчид зөвхөн Шираны тухай хөгжилтэй хэлэлцүүлэг өрнүүлж, бусад үйл явдлыг бараг л ор тас мартсан гэж хэлж болно.

Хэн үхсэн бэ? Уолдер Фрей болон түүний олон арван хамаатнууд.

Хоёрдугаар анги - "Стормборн" Дейенерис Жон Сноуг "Луугийн Чулуу" цайзад дуудна. Жон урилгыг хүлээн авна. Санса цайзынхаа удирдагчаар үлдэнэ. Чигчий хуруу бас л үүнд баярлана. Серсей Тарли удмынхны дэмжлэгийг авна. Харин Дейенерис Оленна Тирелл ба Элларин Сэнд нартай нэгдэнэ. Сэм Жорах Мормонттой танилцаж, түүний өвчнийг эдгээнэ. Серсейгийн баруун гар Квиберн лууг хөнөөх чадвартай аварга том төхөөрөмж угсарна. Арья аян замдаа багын найз Бялуу болон өөрийн чоно Нимериятай тааралдана. Эурон Грейжогийн хөлөг онгоц Дорн руу чиглэж байсан Дейенерисийн эзэмшлийн хөлөг онгоцууд руу дайрч, Эллария ба Тиена нарыг олзлон авна. Тэрээр мөн Дорнын удирдагчийн хоёр охиныг хөнөөнө.

“Game of Thrones”-ыг үздэггүй та олон нийтийн ярианы сэдвээс хоцроод байна уу? Бид танд тусалья (фото 2)

Гол "meme" - Цувралын хоёрдугаар анги ямар нэгэн чухал ач холбогдолтой "meme" үүсгээгүй ч, Бялуугийн дүрд тоглодог жүжигчин Бен Хоуки "Чи юу ч мэдэхгүй, Жон Зуурмаг" (You Know Nothing, Jon Dough) нэртэй талхны мухлаг нээсэн нь олонд мэдэгдэж, үзэгчид энэ сэдвээр багагүй шуурсан байгаа.

Олон нийтийн сүлжээнд юуны талаар түлхүү хэлэлцсэн бэ? Олны анхаарлын төвд Саарал Өт ба зөвлөх Миссандей нарын дотносол өртсөн. Оросын Wonderzine хэвлэлийн газар "Бэлгийн харьцаанд ороход бэлэг эрхтэн хэрэггүй гэдгийг ‘Game of Thrones' бидэнд харууллаа" гэх гарчигтай нийтлэл бичиж, харин GQ сэтгүүл энэхүү ангийг "Телевизийн түүхэн дэх хамгийн мартагдашгүй дотносол" хэмээн нэрлэсэн.

Хэн үхсэн бэ? Обара Сэнд, Нимерия Сэнд болон Төмөр Арлуудын олон зуун оршин суугчид.

Гуравдугаар анги - "Хатны шударга ёс"

Жон "Луугийн Чулуу" цайзад хүрэлцэн ирнэ. Дейенерис Жон хоёр өөрсдийгөө хамаатнууд гэдгээ мэдэхгүй байгаа. Эллария, Яра ба Тиена нарыг Серсейд хүргэж ирнэ. Серсей тэдний гарт амь үрэгдсэн охиныхоо өшөөг авна. Тирион Дейенерисд зөвлөж, Жонд луугийн шил олборлох зөвшөөрөл олгохыг ятгана. Бран Винтерфеллд ирнэ. Дейенерисийн арми "Casterly Rock" цайзыг эзлэн авах ч, үнэн хэрэгтээ Серсей тэндхийн оршин суугчид болон хүнсний хангамжийг эртнээс нүүлгэн шилжүүлсэн байсныг удалгүй олж мэднэ. Эуроны цэргүүд мөн Дейенерисийн армийн хөлөг онгоцнуудыг шатаана. Энэ үед Жейми Ланнистер Хайгарден цайз руу дайрч, Оленна Тиреллийг хөнөөнө.

“Game of Thrones”-ыг үздэггүй та олон нийтийн ярианы сэдвээс хоцроод байна уу? Бид танд тусалья (фото 3)

Гол "meme" - "Энэ бол Жон Сноу". Хүн бүрийн урт удаан хугацааны турш хүлээсэн Жон ба Дейенерис нарын уулзалт маш хөгжилтэй агшин болж хувирсан. Миссандей Дейенерисын дуусашгүй их цол хэргэмийг чангаар дурдаж, өөрийн хатнаа сүр жавхлантай танилцуулах үед Жоны зөвлөх Давос цөөн үгтэй байж "Энэ бол Жон Сноу" хэмээн хэлдэг.

Олон нийтийн сүлжээнд юуны талаар түлхүү хэлэлцсэн бэ?Гуравдугаар анги үзэгчдийн хүртээл болсны маргааш нь HBO суваг хакеруудын дайралтад өртөж, дөрөвдүгээр ангийн бичлэгийг алдсан. Энэхүү үйл явдал нь гуравдугаар ангийг бүхэлд нь сүүдэрлэж, хүн бүр алдагдсан мэдээллийн талаар ярилцаж байсан билээ.

Хэн үхсэн бэ? Тиена Сэнд, Оленна Тирелл, "Unsullied" армийн олон зуун цэргүүд, Ланнистер ба Тирелл удмынхны цэргүүд.
Дөрөвдүгээр анги - "Дайны олз"Жейме Ланнистер Бронны хамтаар Хайгарденд жижиг довтолгоонууд хийж, тариачдаас үр тариаг нь хурааж авах болно. Серсей Төмөр Банкны төлөөлөгчтэй уулзаж бүх өрөө дарна. Гэхдээ тэрээр мөн Эссосын хөлсний цэргүүдэд мөнгө төлөх зорилгоор эргүүлээд тодорхой хэмжээний зээл авна. Дейенерис ба Миссандей нар эрчүүдийн талаар ярилцана. Харин Жон, Давос хоёр эмэгтэйчүүдийн тухай ярина. Арья Винтерфеллд хүрэлцэн ирнэ. Жон "Луугийн чулуу" цайзаас Анхны хүмүүсийн үлдээсэн чулуун ханан дээрх сийлбэрүүд олж, "White Walkers" бодит болохыг Дейенерисд харуулна. Энэ ангийн үеэр мөн Дейенерисын тэвчээр барагдаж, дотракичуудийн сүрэг болон лууны хамтаар Хайгарденд байгаа Ланнистерууд руу дайрна. Тулааны үеэр Бронн лууг гэмтээнэ. Жейме Дейенерис руу дайрах гэж оролдох болов ч, бүтэлгүйтэж далайн гүн рүү унана. Жеймегийн хувь тавилан тодорхой бус үлдэнэ.

“Game of Thrones”-ыг үздэггүй та олон нийтийн ярианы сэдвээс хоцроод байна уу? Бид танд тусалья (фото 4)

Гол "meme" - Байхгүй.

Олон нийтийн сүлжээнд юуны талаар түлхүү хэлэлцсэн бэ?
Мэдээж хэрэг хүн бүр Дейенерисын уулга алдам довтолгоог хэлэлцэж, Жейме амьд үлдсэн эсэхийг эргэцүүлж байсан. Түүнээс гадна үзэгчид Старк гэр бүлийн хүүхдүүдийн хувьслыг анзаарч, магтан дуулсан. Одоогийн байдлаар Старкийн гэр бүлд үхээд амилсан Жон, мэргэжлийн алуурчин Арья болон зөн билэгтэн Бран бий. Харин Сансагийн хувьд одоогоор ердөө муугүй менежер хийж чадахаа л харуулсан байгаа.

Хэн үхсэн бэ? Ланнистер армийн олон мянган цэрэг.
Тавдугаар анги - "Дорнын Харуул"Жейме амьд гарч, Серсей руу эргэн очно. Тэнд тэрээр Серсей жирэмсэн болсныг олж мэднэ. Дейенерис Ланнистер армийн амьд үлдсэн цэргүүдэд өвдөг сөхрөх эсвэл үхэх сонголт өгнө. Бүгд өвдөг сөхөрсөн хэдий ч, Рендилл Тарли болон түүний хүү Дикон нар татгалзаж, луугийн галд амьдаараа шатаж үхнэ. Тирион ба Варис нар Дейенерисын энэхүү түрэмгий үйлдлийн талаар хэлэлцэнэ. Жорах Мормонт "Луугийн чулуу" цайзад хүрэлцэн ирнэ. Жон Сноу Дейенерисын луутай найрсаг харилцаа тогтооно. Дайны талаарх хурлын үеэр Жон, Тирион ба Варис нар "Хана"-ны нөгөө талд гаран "White Walker"-г барьж, Серсейг ятган нэгэн зорилгын төлөө хамтдаа тулалдахыг санал болгоно. Энэхүү том зорилгын дагуу Давос Тирионыг "Хааны нутаг" руу хүргэн ирж, Жейметэй нууц уулзалт зохион байгуулна. Винтерфеллд Арья Сансаг далд утгаар буруутгаж, түүнийг Жоны суудлыг эзлэхийг хүсэж байна хэмээн онцолно. Санса энэ бүгдийг үгүйсгэнэ. Арья Чигчий хуруугийн өрөө рүү нууцаар орж, нэгэн захидал олно. Чигчий хуруу энэ талаар олж мэднэ. Сэм ба Гилли нар Цитаделээс зугтана. Харин Жон шилдэг баг бүрдүүлж, амилсан үхдлүүдийг олохоор аян замдаа гарна.

“Game of Thrones”-ыг үздэггүй та олон нийтийн ярианы сэдвээс хоцроод байна уу? Бид танд тусалья (фото 5)

Гол "meme" - Байхгүй.

Олон нийтийн сүлжээнд юуны талаар түлхүү хэлэлцсэн бэ?Тавдугаар ангийн хамгийн гол деталиудын нэг бол Жон Сноугийн жинхэнэ нийгмийн байр суурийг илэрхийлэх нууц мэдээлэл юм. Цитадельд орших олон зуун номууд дундаас Гилли нэгэн сонирхолтой зүйлийг уншина. Тэрээр Жоны төрсөн эцэг Рейегар Таргариен үхэхийнхээ өмнө албан ёсны гэргийгээсээ салж, шинээр гэрлэсэн тухай олж мэддэг юм. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Жон бутач хүүхэд биш төдийгүй, Дейенерисээс илүү Төмөр Ширээг эзлэх эрхтэй нэгэн юм.

Хэн үхсэн бэ?
Рендилл Тарли ба Дикон Тарли.

Зургаадугаар анги - «Хананы цаана»Жон Сноу, Тормунд, Берик, Жорах, Гендри ба "Анч нохой" нар Хананы цаана гарна. Тэд аян замдаа амилсан баавгайтай таарч, Торос баавгайд хазуулан гэмтдэг. Дараагаар нь тэд урхи бэлдэж, нэгэн зомбиг барьж авна. Гэвч удалгүй Шөнийн Хааны арми гэнэт гарч ирэн, нөхцөл байдал эвгүйтнэ. Жон тэр хооронд Гендриг Хана руу явуулж, Дейенерис руу тусламж хүссэн захидал илгээхийг тушаана. Жон Сноу тэргүүтэй манай багийнхан хөлдсөн нуурын голд гүйж гарч ирэн бүх талаасаа зомбинуудаар хүрээлэгдэнэ. Үхдэлүүд мөсөн дээр гишгэн ус руу унахаас айн, мөс бэхжих хүртэл нуурын эрэг дээр хүлээнэ. Энэ үед Торос хүнд шархны улмаас таалал төгсөнө.

Харин Винтерфеллд Арья өөрийн эгч Сансаг Ланнистер удмынхантай хамтарсан хэрэгт буруутгана. Өнгөрсөн ангид гарсан захидлын нууц тайлагдаж, захидлыг Санса Робб руу илгээсэн болох нь мэдэгдэнэ. Уг захидалд Санса ахыгаа Хааны Нутагт хүрэлцэн ирж, Ланнистер удмынхны хаанд тангараг өргөхийг хүссэн байдаг. Арья энэхүү захидлыг Умардын захирагчдад харуулна хэмээн Сансаг сүрдүүлнэ. Дараагаар нь Санса Арьягийн өрөө рүү нууцаар орж, түүний нууц "нүүрнүүдийг" олж харна. Үүнийг харсан Арья дахин нэг удаа Сансаг сүрдүүлнэ.“Game of Thrones”-ыг үздэггүй та олон нийтийн ярианы сэдвээс хоцроод байна уу? Бид танд тусалья (фото 6)

Тэр хооронд Тирион Луугийн Эхтэй ирээдүйн талаар ярилцаж, тэрээр хаан ширээг эзэлсэн тохиолдолд цаашид хэнд өвлүүлэн үлдээхийг асууна. Учир нь Дейенерис хүүхэд төрүүлэх боломжгүй тул Тирион ийнхүү эртнээс төлөвлөгөө гаргахыг хүснэ. Харин Дейенерис энэ сэдвээр ярилцахыг хүсэлгүй дургүйцнэ. Удалгүй Гендригийн илгээсэн захидал ирж, Луугийн Эх Жоныг аврахаар гурван лууныхаа хамтаар Хана руу яарна. Тэрээр байлдааны талбар дээр тун оновчтой үед амжин ирэх ч, Шөнийн Хаан түүний Визерион нэртэй лууг хөнөөнө.

Дейенерис зомбиг барихаар явсан бүх эрчүүдийг аврах ч, ганцхан Жон л үхдэлүүдэд татуулан ус руу орно. Жон удалгүй уснаас гарч ирэн амьд үлдэх ч, дахин нэг удаа үхдэлүүдийн отолтод орно. Гэтэл гэнэт хаа нэгтэйгээс Жоны авга ах Бенжен гарч ирэн Жоныг хөлөглөж явсан морин дээрээ суулгаж, өөрөө үхдэлүүдийн гарт амь үрэгдэнэ. Хүнд гэмтсэн Сноуг түүний морь Хана дээр хүргэж ирнэ. Харин Дейенерис түүнийг бүхэл өдөржингөө орных нь дэргэд сахиж сууна. Жон Дейнерисийн өмнө өвдөг сөхрөхийг зөвшөөрнө.

Зургаадугаар ангийн төгсгөлийн үзэгдэл: Үхдэлүүд нуураас үхсэн Визерионыг гаргаж ирэн Шөнийн Хаан лууг зомби болгоно.

Олон нийтийн сүлжээнд юуны талаар түлхүү хэлэлцсэн бэ?

Game of Thrones цувралын зургаадугаар анги дахин нэг удаа албан ёсны цацагдах хугацаанаасаа өмнө интернет сүлжээнд тавигдсан. Гэхдээ үүнд хакерууд биш, харин HBO сувгийн Испани улс дахь салбар буруутай болж таарсан юм. Тэд өмнөх ангиа давтан үзүүлэх гэж байгаад санамсаргүй шинэ ангийг дэлгэцнээ гаргажээ.

Гол "meme" - Шөнийн Хааны олимпын медаль. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид энэ удаад Визерион лууг хөнөөсөн Шөнийн Хааны жад шидэлтийг биширч, түүнийг ойрын хугацаанд Олимпын тэмцээнд АНУ-г төлөөлөн оролцуулах санал гаргасан. АНУ-н шигшээ баг одоогоор Шөнийн Хаантай холбогдох арга зам хайж байгаа аж.

Хэн үхсэн бэ? Торос, Визерион луу, Бенжен Старк ( энэ удаад жинхэнээсээ) мөн хэд, хэдэн нэр ус нь тодорхойгүй Зэрлэгүүд.

цааш үзэх