Хайх

Кино ертөнцөд шинэ нэрс: Шүүдэр дундуур киноны О.Мөнхдалай, Б.Батмаа

Кино ертөнцөд шинэ нэрс: Шүүдэр дундуур киноны О.Мөнхдалай, Б.Батмаа

Сонирхолтой эхлэл

Text: Buro.Mongolia


Үзэгчдийн сонирхлыг татаж, сэтгэлийг хөдөлгөсөн "Шүүдэр дундуур" уран сайхны кинонд гол дүр бүтээсэн жүжигчин О.Мөнхдалай, Б.Батмаа нарыг танилцуулж байна

Та "Шүүдэр дундуур" киног үзэж амжсан уу? Үзээгүй бол даруйхан үзэхийг санал болгоё. Тайван бөгөөд гэгээлэг уур амьсгалтай энэ киноны талаар найруулагч Д.Төрмөнх, "Их хөөрхөн уянгын кино болсон байна. "Анхны алхам" кино шиг гэмээр юм уу. Хайр дурлалтай, их эвтэйхэн зөөлөн уур амьсгалтай хэрнээ сонин эргэлттэй, сэтгэл гаргасан кино болжээ" гэж дүгнэсэн байна. Кино салбарынхнаас цомхон бүрэлдэхүүнээр чадварлаг бүтээл хийсэн гэх зэрэг үнэлгээ аваад байгаа тус киноны талаар бид ч мөн адил тойм нийтлэсэн байгаа. Энэ удаад харин гол дүрийн жүжигчид болох О.Мөнхдалай, Б.Батмаа нарыг танилцуулъя.

Жүжигчин О.Мөнхдалай

Кино ертөнцөд шинэ нэрс: Шүүдэр дундуур киноны О.Мөнхдалай, Б.Батмаа (фото 1)

Хувьсал продакшны уран бүтээлч О.Мөнхдалай өмнө нь "Зүрхээр наадагч", "Тооцоогүй тоглоом" гэх хоёр ч киноны гол дүрд тоглосон байгаа. Одоо 30 настай О.Мөнхдалайгийн тоглосон дөрөв дэх кино нь 2017 оны эхээр нээлтээ хийнэ. 


Чамайг одоо харахад яг л киноны дүр чинь шууд санагдаж байна. Чиний мэргэжил юу вэ?

Миний үндсэн мэргэжил бол солонгос хэлний орчуулагч. Бас загварын ертөнцөд олон жил загвар өмссөн. Түүгээрээ дамжуулаад анх кино урлагт орж байсан. 

 

Хэзээнээс загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн юм бэ?
Одоо бараг 13 жил болж байна. Анх 2003 оноос эхэлж загвар өмсөгчөөр ажилласан.

 

Фитнесс бол чамайг тодорхойлох нэг гол зүйл бололтой. 

Тийм ээ. Анх 18 настайгаасаа төмөр өргөж эхэлсэн. Яг тууштай, таслахгүйгээр 5-6 жил хичээллэж байна. 


Чамд тодорхой хоолны дэглэм, амьдралын хэв маяг байгаа юу?

Ер нь фитнесс хийхээр хүн биеэ их мэдэрдэг болчихдог юм байна лээ. Биеийн жингээ өөрөө хүссэнээрээ нэмж, хасч чадна. Уран бүтээлд зориулж жингээ өөрчлөх хэрэгтэй бол нүүрс-усаа хасаад, бэлтгэлдээ өөрчлөлт оруулдаг. Жирийн үед энгийн л хоол иддэг.


"Шүүдэр дундуур" киноны зохиолыг анх хэзээ уншсан бэ?

Зураг авалтаас арваад хоногийн өмнө уншсан. 

 

Өөрийнхөө дүрийг анх яг юу гэж төсөөлж байсан бэ?

Хөдөөний залуугийн дүр миний өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс нэлээн өөр байсан л даа. Анх найруулагч надад санал тавихад их гайхаж хүлээж авч байсан. Тухайн үед бас арай өөр дүр төрхтэй байсан учраас би энэ дүрд тохирох болов уу гэж бодож, өөртөө эргэлзэж байсан л даа. Б.Отгонзориг найруулагч маань намайг арай өөр өнцгөөс хараад энэ дүрд урьж ажиллаач ээ гэхэд би өөрийгөө сорьж үзье гэж бодоод ажиллахаар болсон. 

Кино ертөнцөд шинэ нэрс: Шүүдэр дундуур киноны О.Мөнхдалай, Б.Батмаа (фото 2)


Зураг авалтаас сэтгэлд чинь хоногшиж үлдсэн зүйл бий юу?

Зураг авалт миний хувьд маш сайхан, хөгжилтэй байсан. Хамгийн гол нь өөрөөсөө ахмад, алтан үеийн гэж хэлж болохоор олон сайхан жүжигчид, уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа их баяртай байгаа. 

 

"Шүүдэр дундуур" кинонд үнсэлцдэг хэсэг цөөн боловч байсан. Тэр үед чамд ямар байсан бэ?
Орон орны киног харахад үнсэлцдэг хэсэг нь өөр, өөр өнгө аястай байдаг. Жишээ нь Холливүүд үнсэлт халуухан байдаг бол солонгос олон ангит киноны үнсэлт арай нэг өөр. Тэгэхээр ер нь үнсэлтийг аль болох үнэн бөгөөд цэвэрхэн хийж байж л кинон дээр уран сайхны талаасаа харагддаг юм шиг санагддаг. 


Хадлан хадаж, морь малтай ойр байх ямар байв?

Мэдээж хэрэг надад таалагдсан. Багадаа амралтаараа хөдөө очдог байсан учраас бас их дөхөм байлаа. Ер нь би бас ингээд хөдөө амьдарч чадах юм байна шүү гэж бодсон.

 

Чи цаашид карьераа ямар чиглэлээр хөгжүүлэх бодолтой вэ?

Нэгэнт би одоо урлагт хөл тавьсан, "Хувьсал" продакшнд харьяалагдаад явж байгаа болохоор цаашдаа энэ урлагийн салбараараа түлхүү ажиллах сонирхолтой. Гэхдээ зөвхөн урлагийн салбараар өнөөгийн нийгэмд хангалуун амьдрахад хэцүү гэж зарим хүмүүс хардаг. Би ч мөн адил хувиараа ажил эрхэлж, түүнийгээ цаашид алдагдуулахгүй давхар авч явж, хөгжүүлэх зорилготой байгаа. 

 

Чиний дуртай кино найруулагч хэн бэ? 
Жэймс Камерон, Рон Ховард. 

 

Чамд цуглуулга бий юу?
Одоо бол цуглуулга байхгүй. Бага байхад малгай цуглуулдаг байсан. 

 

Чиний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Өглөө босоод цайгаа ууна. Өдөр бүр бэлтгэл хийдэг ба долоо хоногт нэг өдөр амардаг. Ер нь өдрийг аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсдэг. Ямар нэг юм орхигдуулах юм бол орой нь бараг нойр хүрдэггүй. Маргааш заавал үүнээс эхэлж амжуулна даа гэж боддог.
Чамайг урамшуулдаг хамгийн гол зүйлс юу вэ?
Миний гэр бүл, найз нөхөд, хамт олон намайг урамшуулдаг. Тэднээсээ үргэлж эрч хүч, урам зориг авч, илүү эрч хүчтэй амьдрах итгэл үнэмшлийг олж авдаг даа. 

 

Жүжигчин Б.Батмаа

Кино ертөнцөд шинэ нэрс: Шүүдэр дундуур киноны О.Мөнхдалай, Б.Батмаа (фото 3)

Шүүдэр дундуур кинонд өөрийн дебутээ хийсэн жүжигчин Б.Батмаа энэ жил СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөнө. Одоо 22 настай Б.Батмаа өмнө нь "Өнгөрснөөс ирсэн чөтгөр" гэдэг кинонд тоглосон ба 2017 оны эхээр дараагийн кино нь нээлтээ хийнэ.

 

Чи найруулагчаар сурч байгаад жүжигчний анги руу шилжсэн. Яагаад мэргэжлээ солих болсон юм бэ?

Би найруулагч нарыг цаанаасаа төрсөн хүмүүс гэж боддог. Харин би найруулагч биш илүү жүжигчин байх ёстойгоо ойлгосон юм.

 

"Шүүдэр дундуур" киноны зураг авалтаас аль хэсэг нь чиний сэтгэлд илүү тод үлдсэн байна вэ?
Хамгийн их сэтгэлд хоногшсон мөч гэвэл хадлангийнхаа найрыг хийдэг төгсгөлийн хэсэг юм байна. 


"Шүүдэр дундуур" кинонд үнсэлцдэг хэсэг цөөн боловч байсан. Тэр үед чамд ямар байсан бэ?

Далай ах бид хоёр хуурай ах дүү хоёр болохоор бүр бөөн юм болж байж үнсэлцсэн.(инээв)

 

Чиний бүтээсэн дүр усанд сэлэлтийн дэд мастер байсан. Харин амьдрал дээр ямар вэ?

Би бассейнд яваад ердөө л сар болж байсан болохоор тийм мундаг биш. Голд сэлэх бас их өөр, айдастай, ер нь эвгүй л юм байна лээ.

 

Кинонд гардаг шигээр чи хөдөө амьдарч чадах уу? 
Бас хэцүү л юм байна лээ (инээв.) Гэхдээ агаар нь сайхан. Их чийрэг болсон шүү. Сүүлийн 20 хоногт шинэ киноны ажил, хичээл давхцаад нойр муутай явж байгаа ч ядрахгүй байгаа. Онон голд хэд, хэдэн удаа орж чийрэгжсэнийх байх. 


Чамд ямар нэг цуглуулга бий юу?
Үсний боолт, хавчаарны цуглуулга байдаг. Будаг аягүй их цуглуулдаг. Уруулын будаг, нүдний тень гэх мэт. 

 

Чиний дуртай хөгжмийн төрөл юу вэ?
Би ер нь намуухан ээжийн дуунууд их сонсох дуртай. 

 

Дуртай найруулагч хэн бэ?
"Avatar", "Titanic" кинонуудыг найруулсан Жеймс Камерон таалагддаг. 

 

Жүжигчний мэргэжлээс өөр онцгой чадвар байгаа юу?
Бага зэрэг дуулна. Жүжигчний мэргэжил бол өөрөө их онцгой чадвар юм. Хэрэв чи хуульч бол гэвэл тэр мэргэжлээ судлаад л, бараг тэр мэргэжилдээ дурлаад л явдаг.

 

Хийхийг хүсдэггүй зүйл гэж байдаг уу?

Муу юм хийхийг хүсдэггүй.

Кино ертөнцөд шинэ нэрс: Шүүдэр дундуур киноны О.Мөнхдалай, Б.Батмаа (фото 4)

Ямар номонд дуртай вэ?

Хүний дотоод ертөнцийн нууцлаг байдлыг өгүүлсэн номууд унших дуртай. 

 

Жүжигчний мэргэжлээ цаашдаа удаан хугацаанд төлөвлөж байгаа юу?
Одоо цаашдаа би хэлээ сайжруулж, өөрийгөө улам боловсруулна гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол би жүжигчний мэргэжлээрээ л явна. 

 

Мөрөөдлийн дүр гэж байгаа юу?

Надад бол муу сайн аль ч дүр хамаагүй. Гэхдээ би гоё монгол хатан, гүнжийн дүрд тоглохыг хүсдэг.


Чамайг урамшуулдаг гол зүйл юу вэ?
Миний эргэн тойронд байгаа найзууд, ойр дотны хүмүүс маань намайг их хурцалж, дэмжиж, урам зориг өгдөг.

 

 

цааш үзэх