Хайх

“Mamma Mia! 2” мюзиклийн трейлер: Донна хаачсан бэ?

ABBA хамтлагийн шүтэн бишрэгчдийн анхааралд!

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Шведийн алдарт ABBA хамтлагийн уран бүтээлээс сэдэвлэсэн "Mamma Mia!" мюзиклийн үргэлжлэл болох "Mamma Mia! Here We Go Again" бүтээлийн анхны албан ёсны трейлер хэдхэн цагийн өмнө цацагдлаа. Хайртай киноныхоо үргэлжлэлийг арваад жилийн турш хүлээсэн шүтэн бишрэгчид уг трейлерийг үзэн сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсан хэдий ч, ганцхан зүйл тэдний сэтгэлийг гонсойлгоод байна. Тодруулбал шүтэн бишрэгчдийн таамаглаж буйгаар жүжигчин Мэрил Стрипийн тоглодог Доннагийн дүр таалал төгссөн байж болзошгүй аж. Учир нь нийт хоёр минут гаруй үргэлжлэх уг трейлерт киноны гол дүрийн жүжигчид Доннагийн талаар өнгөрсөн цагт ярьж байгаа нь ийнхүү таамаглал үүсэхэд нөлөөлжээ.

"Mamma Mia! Here We Go Again" мюзиклийн үйл явдалд Софи (Аманда Сейфрид) жирэмсэн болох бөгөөд ээжийнхээ хамгийн сайн найзууд болох Таня (Кристин Барански) ба Роузи (Жули Уолтерс) нараас зөвлөгөө авах болно. Харин Таня, Роузи нар залуу бүсгүйд туслах үүднээс түүнйи ээж Доннагийн залуугийн түүхийг ярьж өгөх юм. Доннагийн залуу үеийн дүрийг жүжигчин Лили Жеймс бүтээсэн байгаа.

Энэ удаагийн бүтээлд мюзиклийн гол дүрийн жүжигчид Пирс Броснан, Колин Ферт, Стеллан Скарсгард нар эргэн ирэхээс гадна дуучин Шер богино хэмжээний дүрд тогложээ.

"Mamma Mia! Here We Go Again" мюзикл 2018 оны долоодугаар сарын 20-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх