Хайх

Яг одоо Netflix-ээс үзэх хэрэгтэй 4 аймшгийн цуврал

Яг одоо Netflix-ээс үзэх хэрэгтэй 4 аймшгийн цуврал

Хэллоуины уур амьсгалд автацгаая

Text: Г.Тэмүүлэн


Хэллоуины уур амьсгал оруулахын тулд эсвэл зүгээр л аймшгийн киноны шүтэн бишрэгчдэд зориулан Netflix-ээс яг одоо үзэх боломжтой шинэ цувралуудыг танилцуулж байна. Эндээс та сүнс чөтгөр, бодит амьдрал дээр болсон явдал, шинжлэх ухааны уран зөгнөлт гэх зэрэг сэдэвтэй төрөл бүрийн жанрын бүтээлийг олох болно.

The Haunting of Hill House

Зохиолч Ширли Жексоны 1959 онд бичсэн ижил нэртэй готик аймшгийн номоос сэдэвлэн бүтээгдсэн энэхүү цуврал нь цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Цувралыг үзэгчид, шүүмжлэгчид төдийгүй аугаа Стивен Кинг өөрийн биеэр магтан дуулсан байгаа. 1992 онд Крейний гэр бүл нэгэн хуучин байшинд нүүж ирдэг. Энэ цагаас хойш Хью, Оливия болон тэдний таван хүүхдийн амьдрал учир битүүлэг, түгшүүртэй үйл явдлуудаар дүүрэн болно. Мөн энэ үеэр нэгэн эмгэнэлт явдал тохиолдсоноор тэд уг байшингаас нүүхээр шийддэг. Гэхдээ 26 жилийн дараа тэднийг дахин аймшигт зүйлс хүлээж байгааг гэр бүлийн гишүүд огтхон ч гадарлахгүй.

Chilling Adventures of Sabrina

Хэрэв та энэ цувралыг 1990-ээд онд гарч байсан шулам охины тухай өхөөрдөм шоугаар төсөөлж байвал маш том эндүүрэл болно шүү. Учир нь энэхүү шинэ хувилбарт Сабринагийн адал явдал илүү хар бараан, аймшигт ертөнцийн жихүүдэс хүргэм үйл явдлуудаар дүүрэн болсон байна. Netflix-ийн энэ намрын хамгийн их хүлээлттэй бүтээл өнөөдөр нээлтээ хийж байна.

Dark

Алдарт "Stranger Things" цувралын илүү хар бараан хувилбар хэмээн тодорхойлогдоод байгаа тус бүтээл нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас гарч эхэлсэн юм. Шинжлэх ухааны уран зөгнөлт триллер жанрын "Dark" цувралд Германы нэгэн жижиг тосгонд хүүхдүүд ор сураггүй алга болсноор тосгоны оршин суугчдын 30 жилийн өмнөх аймшигт нууцууд илэрнэ. Параллель ертөнц, цаг хугацааны аялал, мөрдлөг гэх зэрэг сонирхолтой сэдвүүдийг нэг дор агуулсан уг цуврал нь үзэгчдийг эхний ангиасаа л дэлгэцэд "наалдуулж" орхино.

Haunted

Бодит амьдрал дээр өрнөсөн гэх учир битүүлэг үйл явдлуудын талаар өгүүлдэг "Шөнө дундын яриа" нэвтрүүлгийг санаж байна уу? Хэрэв та тус нэвтрүүлгийн шүтэн бишрэгч байсан бол Netflix-ийн бүтээсэн "Haunted" цуврал танд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна. Бодит хүмүүст тохиолдсон, болсон явдлуудыг аймшигтайгаар дүрслэн үзүүлдэг энэхүү цуврал нийт зургаан өөр түүхээс бүрджээ. Ямартаа ч та нэгэнт үзэж эхэлсэн бол шөнө тайван нойрсож чадахгүй нь лавтай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх