Хайх

Тайван унтаж чадах уу: Хэллоуинаар үзэх таван аймшгийн кино

Тайван унтаж чадах уу: Хэллоуинаар үзэх таван аймшгийн кино

Болсон явдлаас сэдэвлэв

Text: Г.Тэмүүлэн


Хэллоуины баярыг тохиолдуулан Бюро 24/7 болсон явдлаас сэдэвлэсэн хамгийн жихүүдэс хүргэм таван аймшгийн киног санал болгож байна. Та эдгээр кинонуудыг үзсэний дараа тайван унтаж чадахгүй л болов уу. Тиймээс үзэхээсээ өмнө сайтар бодоорой!

Бид аймшгийн кино үзэхээсээ өмнө ихэвчлэн "Энэ чинь зүгээр л кино шүү дээ" гэж өөрсдийгөө тайвшруулдаг. Тэгвэл эдгээр аймшгийн кинонууд жинхнээсээ болсон үйл явдлаас сэдэвлэсэн гэвэл яах вэ? Зарим нь бүр дэлгэцийн бүтээлээсээ ч аймшигтай түүхтэй гэхэд хилсдэхгүй.

The Conjuring 2

Энэ зун нээлтээ хийсэн "Conjuring 2" киноны үйл явдалд ер бусын үйл явдал судлаач Эд ба Лоррейн Уоррен нар нэгэн сүмийн хүсэлтээр 1976 онд Лондон хотын хойд хэсэгт байрлах Энфилдэд очно. Тэд Пегги Ходжсон гэх ганц бие ээж болон түүний дөрвөн хүүхдэд туслахыг хичээдэг. Учир нь Ходжсоны байшинд ер бусын аймшигтай зүйлс тохиолдох бөгөөд түүний дунд охин Жанетын биед муу ёрын сүнс шингэсэн гэж Пегги мэдэгджээ. "Conjuring 2" киноны найруулагчаар Жэймс Ван ажиллаж, гол дүрд Вера Фармига, Патрик Уилсон нар тоглосон байна.

Энэ явдал 1977-1979 оны хооронд үнэхээр бодит амьдрал дээр болсон бөгөөд "Энфилдийн хий үзэгдэл" гэдэг нэрээрээ алдартай. Анх 1977 оны наймдугаар сард Пегги Ходжсон гэх эмэгтэй гэрт нь тавилга хөдөлж, хана тогшиж байна гэх шалтгаанаар цагдаа дууджээ. Дараа нь тэдний гэрт бүр л хачирхалтай бас аймшигтай зүйлс болж эхэлсэн юм. Пеггигийн дөрвөн хүүхдийн хэн нь ч хүрээгүй байхад сандал өөрөө хөдөлж, тоглоомнууд нь шидэгдэж, тэр ч бүү хэл Жанет гэдэг охин нь чөтгөрийн хоолойгоор ярьж эхэлсэн байна. Энэ явдлыг зарим шинжээчид бодитой явдал гэж үздэг бол өөр бүлэг хүмүүс хуурамч бөгөөд Ходжсоны гэр бүл анхаарал татахын тулд санаанаасаа зохиосон гэж дүгнэдэг. Ямартаа ч тухайн үедээ энэ түүх Их Британи даяар маш их анхааралд өртөж, Daily Mail, Daily Mirror зэрэг сонинуудад бичигдэж, телевизийн нэвтрүүлэг хүртэл гарч байжээ.

Annabelle

Жон.Р.Леонетти найруулж, Жеймс Ваны продюсерлосон уг киноны үйл явдал 1970 онд өрнөдөг. Кинонд тун удахгүй эцэг болох гэж байгаа Жон, Миа гэх хосуудын тухай өгүүлдэг. Жон жирэмсэн эхнэртээ маш ховор хүүхэлдэй бэлэглэдэг. Гэвч нэгэн шөнийн аймшигт үйл явдлын дараагаар Миагийн хүүхэлдэй хачин жигтэй зүйлсийг хийж эхэлдэг. Анх 2014 онд нээлтээ хийсэн "Annabelle" киноны гол дүрд Аннабелль Уоллис, Уорд Хортон нар тогложээ.

Аннабелль нэртэй даавуун хүүхэлдэй бодит амьдрал дээр Коннектикут мужийн Монро хот дахь Эд, Лоррейн Уоррен нарын музейд хадгалагдаж байгаа. Анх 1970-аад онд Донна гэдэг нэгэн оюутан бүсгүйд ээж нь хуучны эд зүйлс зардаг дэлгүүрээс хүүхэлдэйг худалдан авч бэлэглэж байжээ. Төд удалгүй Доннагийн хөрш нь өрөөнд нь учир битүүлэг зүйлс болж байгааг анзаарсан байна. Жишээ нь өрөөний хаалга ба цонхнууд нь онгойж хаагдан, хүүхэлдэй өөрөө өрөөний аль нэг буланд очсон байдаг байв. Эцсийн эцэст Уоррены гэр бүл энэ хүүхэлдэйг авч музейдээ байрлуулсан байна.

The Shining

Алдарт зохиолч Стивен Кингийн 1977 онд бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэж, Стэнли Кубрикийн найруулж, 1980 онд бүтээсэн энэхүү кино нь дэлхийн хамгийн алдартай аймшгийн кинонуудын нэг гэж хэлж болно. The Shining киноны гол дүрд Жек Николсон, Шелли Дювалл, Дэнни Лойд нар тоглодог. Киноны үйл явдалд индианчуудын булшин дээр баригдсан "Overlook Hotel" гэх газар зохиолч Жек Торренс гэр бүлээ дагуулж ирдэг. Тэд алс бөглүү энэ газар манаач хийн амьдрахаар ирсэн аж. Гэхдээ түүнийг ажилдаа орохоос өмнө нь зочид буудлын менежер хуучин манаач нь солиорч гэр бүлээ хөнөөж, амиа хорлосон тухай сануулдаг. Торренс үүнд нэг их ач холбогдол өгөлгүйгээр ажилдаа орно. Удалгүй Жек хий юм харж, сонсох бөгөөд гэр бүлдээ аюултай болж эхэлдэг.

"The Shining" киног Колорадо мужийн Эстес Паркад байрладаг "The Stanley Hotel" зочид буудлаас сэдэвлэн бүтээсэн юм. Тус зочид буудалд хачирхалтай , ер бусын явдлууд ээлж дарааллан гарч байсныг буудлын зочид мэдээллэсэн байдаг. Жишээ нь том зааланд нь хүмүүс дуулж, бүжиглэж, төгөлдөр хуур тоглож байгаа дуу чимээ сонсогддог боловч очоод үзэхээр юу ч байдаггүй гэнэ. Мөн олон тооны хий үзэгдлүүд харагддаг гэж ч мэдэгдэж байжээ. Зохиолч Стивен Кинг яг энэ зочид буудалд эхнэртэйгээ байрлаж байсан бөгөөд үүний дараа тэрбээр "The Shining" зохиолоо бичсэн юм. The Stanley Hotel зочид буудал Ghost Hunters, Ghost Adventures зэрэг хэд, хэдэн ер бусын үзэгдлийн тухай нэвтрүүлгийн сэдэв болж байсан.

The Texas Chain Saw Massacre

Анх 1974 онд Тоуб Хуперын найруулан гаргасан "The Texas Chain Saw Massacre" триллер бол хамгийн сайн үнэлгээтэй, сонгодог аймшгийн кинонуудын нэг юм. Киноны үйл явдалд эгч дүү хоёр өвөөгийнхөө шарилыг эргэхээр найзуудаа дагуулан Техаст ирдэг. Удалгүй залуус руу хүний мах иддэг маньяк гэр бүл дайрдаг байна.

Энэ кино нь алдартай цуврал алуурчин Эд Гиний бодит түүхээс сэдэвлэн хийгдсэн юм. АНУ-ын Висконсин мужаас гаралтай тэрээр хүмүүсийг хөнөөж, арьсаар нь янз бүрийн хувцас, аксесуар хийж өмсөн, ясаар нь гэр ахуйн эд зүйлс хийдэг байсан нь тогтоогджээ. Түүнийг дор хаяж таван хүн алсан гэж үздэг. Дашрамд дурдахад, "Psycho" "The Silence of the Lambs" зэрэг бүтээлүүдийн алуурчдын дүрийг мөн Эд Гинээс сэдэвлэсэн байдаг.

The Haunting in Connecticut

Анх 2009 онд нээлтээ хийж байсан энэхүү киног Австралийн найруулагч Питер Корнуэлл найруулсан юм. Үйл явдалд Кемпбеллийн гэр бүл хорт хавдартай хүүгээ эмчлүүлэхийн тулд эмнэлэгтэй ойрхон, шинэхэн засварласан байшинд нүүж ирнэ. Төд удалгүй тэдний гэрт учир битүүлэг, аймшигтай үйл явдлууд ар араасаа цувран гардаг. Учир нь байшин хуучин цогцос хадгалах байр байсан бөгөөд өмнөх эзэд нь сүнс дууддаг байсан нь илэрнэ.

Энэ хэрэг мөн л бодит амьдрал дээр болсон юм. Анх 1986 онд Снедекерийн гэр бүл хүүгийнх нь эмчилгээ явагдаж байсан UConn эмнэлэгтэй ойр байхын тулд Коннектикүт мужийн Саутингтон хотод нүүж ирсэн байдаг. Тэд хотод ирмэгцээ маш саруулхан, тохилог хэрнээ асар хямдхан байшин олсон бөгөөд шууд л нүүж орсон байна. Тэр шөнөдөө л байшинд хачин зүйлс болж эхэлжээ. Тухайлбал ямар ч гэрэлгүй чийдэн асч унтран, ширээн дээр бэлдээд тавьсан аяга таваг алга болж, хий үзэгдлүүд харагддаг байсан гэнэ. Эцэст нь Снедекерийн гэр бүл лам дуудаж байшинг "цэвэрлүүлсэн" байна.

цааш үзэх