Хайх

Бюро 24/7 ярилцлага: Алисия Викандер Tomb Raider киноны Лара Крофтын дүрийг бүтээсэн тухай ярьж, тачаангуй байдал гэж юу болохыг тодорхойллоо

Бюро 24/7 ярилцлага: Алисия Викандер Tomb Raider киноны Лара Крофтын дүрийг бүтээсэн тухай ярьж, тачаангуй байдал гэж юу болохыг тодорхойллоо

Шведийн зүрх

Text: Buro.Mongolia


Зураг: Buro 24/7 Singapore

Хүчирхэг, ухаалаг ба соронзон мэт бусдыг татах чадвартай Алисия Викандер. Buro 24/7 сэтгүүлийн Сингапур дахь салбарын ерөнхий редактор Норман Танн Оскарын шагналт жүжигчинтэй ярилцлага хийлээ

Үсээ замбараагүй атлаа дэгжин хэв маягаар боосон Алисия Викандер алтлаг детальтай Tiffany-гийн сандал дээр хөлөө солбин сууна. Bulgari брэндийн Сингапурт зохион байгуулж буй "SerpentiForm" үзэсгэлэнд албан ёсны төлөөлөгчийн үүргээр хүрэлцэн ирсэн тэрээр бугуйндаа очир эрдэнэ чулуугаар бүрхэгдсэн Bulgari Serpenti бугуйвч зүүж, хосолсон ээмгээр төрхөө бүрдүүлсэн харагдана. Викандерыг хөдлөх бүрд үнэт чулуунууд гялтганаж, түүнээс нүд салгахын аргагүй байлаа.

Шведийн жүжигчинд бусдыг ховсдох онцгой чадвар байгаа нь илт мэдрэгдэнэ. Оскарын шагналт хүнд яг л ийм зэргийн сүрлэг байдал, онцлог зан үйл байх учиртай мэт санагдах юм. Гэсэн хэдий ч бидний яриа өрнөх үед түүнийг онцгой болгож буй зүйл нь түүний биеэ авч явах байдал биш, харин хүчирхэг энерги нь гэдгийг нэн даруй ухаарна.

Ингээд энэ удаагийн ярилцлагадаа бид орчин үеийн хамгийн хөдөлмөрч жүжигчдийн нэг Алисия Викандертай кино салбар дахь хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэй хүний тачаангуй шинж чанар болон үнэт эдлэлийн талаар хүүрнэлээ.Бюро 24/7 ярилцлага: Алисия Викандер Tomb Raider киноны Лара Крофтын дүрийг бүтээсэн тухай ярьж, тачаангуй байдал гэж юу болохыг тодорхойллоо (фото 1)

Bulgari брэндтэй хамгийн анх хэрхэн танилцаж байсан бэ? Магадгүй хэн нэгэн танд уг брэндийн үнэт эдлэлийг бэлэглэж байсан эсвэл ээж тань энэ үнэт эдлэлээр гоёдог байсан уу?

Миний ээж бол жүжигчин хүн. Тиймээс би кино урлагийн ертөнцөд бага насандаа нэвтрэн орж, уг салбарын баялаг түүх ба өв соёлыг эртнээс таньж мэдсэн. Bulgari брэндтэй анх өсвөр насандаа танилцсан гэж хэлж болно. Учир нь миний багаасаа хүндэлж өссөн Ингрид Бергман, Одри Хепберн, Элизабет Тейлор, Рейчел Вайс гэх зэрэг агуу жүжигчид бүгд энэ брэндийн үнэт эдлэлээр гоёж, брэндийн түүхэнд бичигдсэн байдаг юм. Ийм ч учраас би үнэт эдлэлийн ертөнцөд татагдаж эхэлсэн.

Дэгжин бөгөөд тачаангуй дизайнуудаараа алдаршсан Bulgari брэндийн талаар яриа өрнүүлснийх танаас нэг зүйлийг асуухыг хүслээ. Та саяхан Tomb Raider кинонд бариу майк өмсөн дайснуудтайгаа тэмцэлддэг хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээсэн. Та өөрийгөө тачаангуй эмэгтэй гэж үздэг үү? Ер нь тачаангуй гэх үгийг ашиглахад танд таатай байдаг уу?

Надад энэ нь их сонирхолтой санагдаж байна. Учир нь та л "бариу майк" ба "тачаангуй" гэх үгсийг нэг өгүүлбэрт ашиглаж байна шүү дээ.

(Инээв) Та бариу майкийг тачаангуй гэж үздэггүй гэж үү?

Миний тачаангуй гэж үздэг зүйл нь үүнээс илүү гүнзгий утгатай юм. Өөрийгөө илэрхийлэх байдлыг хэлэх юм уу даа. Ялангуяа эмэгтэй хүний хувьд энэ нь бариу майк гэхээсээ илүү өөртөө итгэлтэй, хүчирхэг байдалтай шууд хамааралтай юм.

Үнэн хэллээ.

Би өөрийгөө хамгаалж, илэрхийлж чаддаг, өөртөө итгэдэг эмэгтэйчүүд ба эрчүүдийг хүндэлдэг. Харин Лара Крофтын хувьд гэвэл тэрээр хэзээ ч бууж өгдөггүй эмэгтэй. Надад энэ нь маш их таалагддаг. Би Tomb Raider тоглоомыг 10 настай байхаасаа л тоглож өссөн. Лара Крофт унасан ч, үргэлж эргээд босоод ирдэг хүчирхэг эмэгтэй. Миний хувьд энэ нь маш тачаангуй зан чанар юм. Үүнийг л би өөртөө хөгжүүлэхийг хүсдэг. Анжелина Жоли Tomb Raider-ын анхны кинонуудад Лара Крофтын дүрийг төгс гаргасан. Харин одоо уг кино шинэчлэгдэж байгаа энэ үед бид өмнөх өв соёлыг хүндэтгэж, үүний хажуугаар мөн ямар нэгэн шинэлэг зүйл харуулахыг хичээнэ.

Кино салбар дахь хүйсийн эрх тэгш байдал орчин үед хэр дэвшилттэй байна вэ?

Миний бодлоор бидний өмнө урт зам бий. Гэхдээ орчин үед эмэгтэй жүжигчид илүү олон төрлийн дүр гаргах боломжтой болсон. Энэ нь хүйсийн эрх тэгш байдлын асуудал урагшилж буйн нэгэн шинж тэмдэг юм. Швед гэх жижиг улсад төрж өссөн миний хувьд англи хэлээр ярьдаг кино салбарт хөл тавьснаас хойших богино хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн мэт санагдаж байгаа. Нөгөөтээгүүр сүүлд би таван киноны гол дүрийг гүйцэтгэхдээ нэг ч удаа өөр эмэгтэйн хамтаар зураг авалтад орсонгүй. Энэ баримт танд бодит байдлын тухай тодорхой хэмжээний ойлголт өгөх байх.

Таны бодлоор энэ нөхцөл байдал нь том дэлгэцтэй харьцуулбал телевизийн салбарт өөр байна уу? Та Николь Кидман ба Риз Уидерспун нарын тоглосон Big Little Lies цувралыг үзэж амжсан уу?

Үзсэн.

Бюро 24/7 ярилцлага: Алисия Викандер Tomb Raider киноны Лара Крофтын дүрийг бүтээсэн тухай ярьж, тачаангуй байдал гэж юу болохыг тодорхойллоо (фото 2)

Эмэгтэйчүүд давамгайлсан жүжигчдийн бүрэлдэхүүнтэй, хүчирхэг гол дүрүүдтэй энэ цуврал нь үнэхээр гайхамшигтай болсон. Таны бодлоор телевизийн салбар дүр сонголтын хувьд эмэгтэйчүүдэд илүү их боломжийг олгодог уу? Сүүлийн үед Big Little Lies, Orange Is The New Black, The Handmaid's Tale гэх зэрэг хүчирхэг эмэгтэй дүрүүдтэй цувралууд олон гарах боллоо шүү дээ.

Миний бодлоор сүүлийн үед телевизээр насанд хүрэгчдэд зориулсан, чухал сэдэвтэй цувралууд олноороо гардаг болсон нь шинэ үеийн залуусын сонирхолтой шууд холбоотой. Шинэ үеийн залуус кино театраас гүн сэдэвтэй бүтээл гэхээсээ илүү томоохон хэмжээний блокбастер хүсдэг болсон. Энэ нь миний хувьд харамсалтай санагддаг. Учир нь би кино театрт үнэхээр дуртай. Ийм ч учраас гүн сэдэвтэй бүтээлүүд цуврал хэлбэрээр телевизээр гардаг болсон. Тэгээд ч орчин үеийн хүмүүс ийм төрлийн киног ихэвчлэн гэртээ үздэг. Хаа нэгтээ аялахдаа хүртэл бид Apple TV авч явдаг. Ерөнхийдөө энэ шинэ хандлага нь контент түгээлтээс хамаарч байгаа юм.

Таны зөв шүү. Сонирхолтой ажиглалт байна.

Гэхдээ миний хувьд Лара Крофт гэх ийм домогт дүрийг бүтээх болсон нь нэр төрийн хэрэг. Би хэдэн жилийн өмнө Hunger Games-ийг үзээд "Wow!" хэмээн уулга алдаж байсан. Эмэгтэй гол дүртэй масс зах зээлийн кино том ажилтанд хүрч болохыг энэ кино харуулсан.

Үнэт эдлэлийн талаарх яриагаа үргэлжлүүлэхэд та үнэт эдлэлийг бэлэг болгон авах дуртай юу эсвэл өөртөө зориулан худалдан авахыг илүүд үздэг үү?

Бусдад бэлэглэх нь илүү үнэ цэнэтэй гэж хариулж болох уу?

Сайхан хариуллаа.

Бусдад бэлэг өгөх нь өөрт хүртэл зугаатай, сайхан байдаг шүү дээ.

Мөн бэлэг авсан хүнийхээ хариу сэтгэгдлийг харах тэр мөч онцгой байдаг...

Тийм шүү. Хариу сэтгэгдлийг нь хүлээж суухад үргэлж санаа зовнидог. Тухайн бэлэг тэр хүнд таалагдах эсэхийг хэзээ ч баттай мэддэггүй. Гэхдээ хэрвээ таалагдсан бол зугаатай байдаг шүү.

Дотнын нэгэн хүндээ үнэт эдлэл бэлэглэж байсан түүхээсээ хуваалцахгүй юу

Би ээждээ маш үзэсгэлэнтэй даашинз бэлэглэж байсан. Энэ нь үнэт эдлэл биш ч гэсэн даашинз нь өөрөө гялалзсан дизайнтай байсан юм. Ээж маань тэрхүү даашинзыг Оскарын шагнал гардуулах ёслол дээр өмсөж, гайхалтай харагдаж байсан.

Таны эзэмшдэг үнэт эдлэлүүдээс аль нь хамгийн үнэ цэнэтэй вэ?

Миний ээжийн эцэг, эх түүнийг залуу байхад таалал төгссөн. Тиймээс надад эмээ, өвөөтэйгөө танилцах боломж гараагүй юм. Гэхдээ надад эмээ, өвөөг маань орлосон авга эгч байдаг. Тэрээр хэдхэн жилийн өмнө өөд болохдоо 95 настай байсан юм. Тэр Финлянд гаралтай бөгөөд дайны үеийг даван туулсан нэгэн. Авга эгчид маань зуу гаруй жилийн настай хуучин зоосоор хийсэн бугуйвч байсан. Тэрхүү бугуйвч нь гоёмсог чулуугаар хийгдээгүй ч өөртөө агуу түүхийг агуулдаг тул надад маш үнэ цэнэтэй санагддаг.

Амьдралын тань тодорхой үетэй салшгүй холбоотой үнэт эдлэлүүд танд бий юу?

Кино урлагт хөл тавьсны эхний хэдэн жилд би тоглосон дүртэйгээ холбоотой үнэт эдлэл, гэр ахуйн чимэглэлүүд худалдан авдаг байсан. Харамсалтай нь завгүй байсны улмаас сүүлийн дүрүүддээ зориулж ингэх боломж надад олдсонгүй.

Миний бодлоор бидний өмнө урт зам бий. Гэхдээ орчин үед эмэгтэй жүжигчид илүү олон төрлийн дүр гаргах боломжтой болсон. Энэ нь хүйсийн эрх тэгш байдлын асуудал урагшилж буй нь нэгэн шинж тэмдэг юм

Та одоо ямар төрлийн дүрд тоглохыг хүсэж байна вэ? Таны тоглосон Tulip Fever кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа.

Би энэ киноны зураг авалтад дөрвөн жилийн өмнө оролцож байсан ч, кино маань одоо л дэлгэцнээ гарах гэж байна. 2015 онд миний тоглосон долоон кино нээлтээ хийж байсан бөгөөд хамгийн сонирхолтой нь тэдгээр бүх кино нь ойролцоогоор дөрвөн жилийн хугацаанд хийгдэж дууссан. Ер нь тоглосон кино чинь хэзээ дэлгэцнээ гарах нь таашгүй байдаг. Кино бүр өөр төлөвлөгөөний дагуу явагддаг. Заримдаа кино маш богино хугацаанд хийгдэж дуусдаг, харин заримдаа үүнд олон жил зарцуулагддаг.

Сингапурын дараа та ямар төлөвлөгөөтэй байна вэ?

Торонтогийн Кино Наадам руу явна. Миний өнгөрсөн жилд үүсгэн байгуулсан Vikarious Productions кино компани "Euphoria" нэртэй анхны киногоо Торонтод танилцуулах юм. Уг кино дээр би өмнө нь хоёр удаа хамтран ажиллаж байсан Шведийн кино найруулагч Лиза Лангсеттай хамтарсан. Энэ нь түүний анхны англи хэл дээрх кино болох юм. Маш их догдолж байна шүү.

Vikarious Productions кино компанийнхаа хүрээнд ямар кино бүтээхийг хүсэж байна вэ? Таныг өөрийн эрхгүй татдаг тодорхой төрлийн кино зохиол байдаг уу?

Ирээдүйд бүтээх аль нэг киногоо урьдчилан таамаглах боломжгүй мэт санагддаг. Бүх зүйл тухайн үеийн мэдрэмжээс хамаардаг. Тодорхой зохиолыг уншаад ямар нэгэн дүр эсвэл үйл явдалд шууд л татагддаг. Гэхдээ хамгийн гол нь бүх зүйл кино бүтээгч буюу уран зөгнөгчөөс маш их шалтгаалдаг. Учир нь тэрхүү түүхийг хэрхэн гүйцэтгэх нь киноны ерөнхий чанарт нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юм. Мөн мэдээж хэрэг жүжигчид чухал үүрэг гүйцэтгэнэ. Ерөнхийдөө кино бүтээх үйл явц нь маш том хамтын ажиллагаа болдог. Харин миний хувьд би аль болох шинэлэг зүйл хийхийг хичээдэг дээ.

Эцэст нь асуухад та юуг 24/7 хийж чадах вэ?

Унтах! Би унтах дуртай. Энэ бол үнэхээр гоё мэдрэмж.

(Инээв) Харин үүнээс өөр бүхэл өдрийн турш хийж чадах зүйл гэвэл?

Идэх. (Инээв)

Хамгийн дуртай хоол тань юу вэ?

Пицца, паста, талх.

Нүүрс ус агуулдаг бүх л хоол юм байна шүү дээ, тийм ээ?

Тийм шүү! Маслотой шинэхэн талх бол хамгийн шилдэг нь.

Bulgari брэндийн 'SerpentiForm' үзэсгэлэн Сингапурын ArtScience музейд наймдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 15-ны хооронд дэлгэгдэнэ.

цааш үзэх