Хайх

Бюро 24/7 ярилцлага: Заха Хадид

Бюро 24/7 ярилцлага: Заха Хадид

Иракт хэрэгжиж буй шинэ төсөл, түүхэн барилгууд, Бакугийн архитектурын талаар

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Заха Хадидын архитектурын стиль нь дэлхий даяар алдартай. Тэр хэзээд олонхиос ялгагддаг. Хэтэрхий зөрүүд хатуу зан чанар, дэндүү харийн гэмээр алсын хараа түүнийг илэрхийлнэ. Тэрбээр өөрийн хээнцэр ертөнцийг бүтээж байна. Харин бид энд биширч, асуулт тавьж хариуг хүлээн суух л үлдлээ дээ

Өчигдөр Азербайжанд нь Бюро 24/7 нээлтээ хийсэн. Цахим хуудасны шинэхэн хувилбарын үндэслэгч нь тэргүүн хатагтай Мехрибан Алиевагийн ач охин, Nargis сэтгүүлийн ерөнхий редактор Ульвия Рахманова боллоо. Азербайжаны Бюро 24/7-гийн гол мэдээллийн эхнийх нь Баку хотын хамгийн гоё барилгуудын нэг болох Гейдара Алиевагийн Соёлын Төвийг бүтээсэн архитектор Заха Хадидтай хийсэн ярилцлага байв. Ийм сонирхолтой ярианы хажуугаар бид чимээгүй өнгөрч чадаагүй учир өөрсдийн уншигчдадаа монгол хэлээр хөрвүүлэн хүргэж байна.

Та саяхан л барилгын суурь тавих ёслолд оролцсон. Өнөөдөр Гейдара Алиевагийн Соёлын Төв үйл ажиллагаагаа бүрэн явуулж байна. Танд бүтээлийнхээ эцсийн үр дүнг хараад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Бидний хүсэл тэр болгон биелээд байдаггүй. Мөн төсөөлөл бодит байдалтай нийцдэггүй шүү дээ. Харин Гейдара Алиевагийн Соёлын төв нь энэ дүрмийн гажуудал байх. Гайхалтай хэцүү хэрнээ үзэсгэлэнтэй төсөл.

Бюро 24/7 ярилцлага: Заха Хадид (фото 1)

Энэ бүхэн юунаас эхэлсэн бэ?

Энэ төслийн санаа нь хорин жилийн өмнө бий болсон. Миний өмнө гарч ирсэн том даалгавар нь - "Яаж ийм онцгой том хэмжээний барилгыг босгох вэ" гэдэг байсан юм. Нэн түрүүнд байр зүйн болон газар нутгийн зураглалын асуудал дээр нь геологийн үйл явцын асуудал гарч ирсэн юм. Соёлын төвийг энэ чиглэлээр хорин жилийн турш хийсэн судалгаа, туршилтын үр дүн гэж хэлж болно. Нэмж хэлэхэд шилжсэн уян  архитектур бий болгохын тулд бид тооцооллын технологи ашигласан. Энэ барилгыг хотын энгийн гадаад төрхтэй харьцуулбал өөрийн, зөөлөн шилжсэн цул өнгөтэй байгууламжаараа ялгараасай гэж хүссэн. Энэ барилгын санаа нь хоорондоо холбоотой гурван хөтөлбөрийг илтгэдэг. Байгууламжийг соёлын төв, музей, номын сангийн зориулалтаар ашиглах боломжтой. Гурван саланги блок нь хурц өнцгөөс зайлсхийх анхны зорилт бодлогод нийцсэн уулын гинжтэй адилхан хэлбэртэй. Үр дүнд нь барилгын төрх ууссан маягтай болсон байгаа. Энэ нь яг л мөсөн уулын усан доорх суурь шиг гэсэн үг. Мөсөн ууланд хурц өнцгүүд байдаг ч гэсэн бид  төгс уусаж урссан дүрс үүсгэж орон зайг тасралтгүй үргэлжилж буй мэт харагдуулахыг зорьсон шүү дээ.

Та тооцооллын технологи ашиглаж байсан уу?

Тийм ээ. Бидний ашиглаж байсан тоон бодолтууд маш сонирхолтой, ингэхгүйгээр бид ийм төвшний урссан уян дүрс гаргаж чадахгүй л байсан болов уу.

Оёдол шиг холбоосгүй бүхэл бүтэц бий болгохдоо ийм байгууламжинд шаардлагатай материал үйлдвэрлэлийн бэлтгэлийг хийж чадсан юм.  Компьютерийн тооцооллууд барилгын гаднах дүрсийг маш нарийн гаргахад тусалсан.

Бюро 24/7 ярилцлага: Заха Хадид (фото 2)

Та хуучин, шинэ Бакуг сайн мэддэгийн хувьд хувьд эдгээрийг харьцуулан үнэлбэл юу гэж хэлэх вэ?

Олон жилийн дараа ийшээ эргэж ирээд хотын гадаад төрх хэчнээн өөрчлөгдсөн болохыг хараад би их гайхсан. Хот маш соёлтой орчин үеийн төрхтэй болсон байсан. Энэ нь сүүлийн таван жилд олон сэргээн босголт хийсэнтэй холбоотой.

Та түүхэн барилгуудыг нураах талаар юу гэж боддог вэ?

Бүх юм нөхцөл байдал болон тухайн барилгаасаа шалтгаалдаг.  Миний бодлоор үнэхээр  үнэ цэнэтэй  хэрнээ сайн нөхцөлд байгаа байгууламжуудыг авч үлдэх нь чухал гэж үздэг. Гэхдээ шинэ юм бүтээх нь илүү чухал. Учир нь архитектур гэдэг маань урсаж буй цаг хугацааны бэлгэ тэмдэг болдог, орчин үеийн нүүр царай юм. Барилгууд нь цаг хугацааны бичлэг болж, түүгээр бид хүмүүсийн түүх, амьдралын хэв маяг болон үзэл бодлын талаар мэдэж авдаг.

Бюро 24/7 ярилцлага: Заха Хадид (фото 3)

Иракт хэрэгжиж буй төслийнхөө талаар ярихгүй юу.

Би Багдадын Төв банкны барилга дээр ажиллаж байна. Өөр төслүүд ч гарч ирж магадгүй. Энэ нь заавал том байгууламжууд биш харин дайны дараах хэвийн амьдралд мөн ирээдүйд зориулагдсан төлөвлөлт зэрэг энгийн санаанууд байж болно.

 Танд архитектурын ямар стиль илүү таалагддаг? Яагаад?

"Конструктивизм" надад хамгийн ойр байдаг. Баку энэ тал дээр маш онцгой хот. Энд ЗХУ-ын өмнөх болон дараах, яг тэр үеийн конструктивизм хосолсон байдаг. Ерөнхийдөө, би энэ хотын архитектурыг маш баяртайгаар судалж байсан. Барууны санаанууд дорнын уламжлалтай хосолсон гэрэлтүүлэгтэй барилгууд нь Азербайжаны нийслэлийг давтагдашгүй болгодог. 

цааш үзэх