Хайх

Т.Мөнх-Оргил: Авьяастай хүн олон ч хөдөлмөрлөдөг нь ховордсон

Т.Мөнх-Оргил: Авьяастай хүн олон ч хөдөлмөрлөдөг нь ховордсон

Бюро 24/7 ярилцлага

Text: Buro.Mongolia


The Library студийн ерөнхий продюсер Т.Мөнх-Оргилтой бид хит дуу хэрхэн төрдөг тухай, хөгжмийн чиглэлээр гадаадад суралцах ямар байдаг болон Lauryn Hill, Brendan James зэрэг уран бүтээлчдийн багт хэрхэн орж ажилласан зэрэг олон сэдвээр ярилцлаа

Урлагийг сурах шаардлагагүй зүйл гэж зарим хүмүүс ярьдаг ч Т.Мөнх-Оргил бол анхнаасаа суралцах ёстой гэж үздэг. Тиймээс тэр 17 насандаа Radford-ын их сургууль руу явж сонгодог гитараар мэргэжлийн хөгжимчин болжээ. Т.Мөнх-Оргил сургуульд явахаасаа өмнө Jackal, Scream хамтлагуудад тоглодог байсан бол өнөөдөр Тhe Colors, The Fix хамтлагуудын продюсераар ажиллаж байна. Хүний дуртай зүйлс дотоод ертөнцийг нь илэрхийлдэг шүү дээ. Тэгвэл Т.Мөнх-Оргил кинонуудаас Amelie киноны өнгө, төрх, зураг авалтын өнцгийг таашаадаг ба дуртай ном нь Мастер Маргарита хоёр юм. Тэр бас хуучны орос машинуудад дуртай бөгөөд өөрөө авна гэж мөрөөдөж байсан машинаа одоо хөлөглөж яваа. Үргэлжийн зуны улиралд дуртай, Diesel хэв маяг илүү таашаадаг, Ray ban нүдний шил, Issey Miyake сүрчиг сонгодог гээд Т.Мөнх-Оргилын дуртай бүхэн өөрийг нь өөдрөг сэтгэлтэй, дур сонирхлынхоо хойноос аз жаргалтайгаар явдаг залуу гэсэн сэтгэгдэл төрүүллээ. За ингээд, долоо, найман наснаасаа эхэлж дурласан хөгжмийн ертөнц түүний амьдралыг хэрхэн хөглөснийг уншицгаая. 

Бюро хүмүүсийн амжилтын түүхийг сонирхож, хүмүүст урам зориг түгээх дуртай. Та урлагийн гэр бүлд өссөн болохоор хөгжмийн ертөнцийн талаар өргөн ойлголттой байсан байх. Тиймээс ярилцлагын эхэнд таныг мэргэжлээ болон суралцах сургуулиа хэрхэн сонгож байсан талаар асуух гэсэн юм. 

Би ерөнхийдөө Америкт хөгжмийн чиглэлээр сурна гэж боддог, Radford-ын их сургууль сургалт сайтай гэж сонссон байсан л даа. Гэхдээ, манай гэр бүлийнхэн хичнээн урлагийн хүмүүс ч гэлээ надад "Урлаг бол яг үнэндээ маш харгис ертөнц. Чи сайн эсвэл муу л байх болно. Дунд зэрэг гэсэн ойлголт байхгүй их хэцүү бизнес" гэж хэлж зөвлөсөн учраас анх эдийн засаг, хөгжмийн бизнес чиглэсэн анги сонгосон. Гэвч эхний семестрийн хичээлээс эхлээд миний нойр хүрч унтаад л, ерөнхийдөө сонирхолгүй  байсан болохоор хөгжмийн бизнесийн мэргэжилд сонгодог гитарын чиглэлтэй орсон. Бакалавраа 2004 онд хамгаалсныхаа дараа би Нью-Йоркд ирж, нэлээн гайгүй нэр хүндтэй бичлэгийн студид нэг жилийн хугацаатай дадлагын ажилтан хийсэн л дээ. Хэдийгээр би Монголд байхдаа поп, рок хөгжим тоглодог байсан ч тэр студид нэг жил ажилласан. Тэгэхэд сүүлдээ надад хөгжим сонсохоос дургүй хүрэм, бүр үзэн ядмаар сэтгэгдэл төрдөг болсон. Тийм болохоор эргээд  төгссөн сургуульдаа магистраа хамгаалсан. 

Т.Мөнх-Оргил: Авьяастай хүн олон ч хөдөлмөрлөдөг нь ховордсон (фото 1)

Хөгжмийг үзэн ядна гэдэг юу гэсэн үг билээ?

Ерөнхийдөө кайф биш ажил болж хувираад, дуртай, дургүй хамтлагын хөгжмийг өдөр шөнөгүй бичээд ирэхээр сэтгэл ханамж нь алга болж эхэлсэн. Бичиж байгаа дуунуудад миний сонгодог мэдлэг хэрэг болохооргүй, дандаа гурван аккордтой ч юм уу поп дуунууд байсан юм. Тиймээс л энэ үед өөрийгөө дахин шинэчлэх хэрэгтэй юм байна гээд магистраа хамгаалахаар сурсан. 

Сонгодог гитараар ямар хөгжим тоглодог юм бэ? Та сонгодог гитар Монголд тоглож байв уу?

Сонгодог гитар нь cатуркан утастай, бага зэрэг жижигхэн хөгжим байдаг. Мэдээж Бах, Моцарт зэрэг сонгодог зохиолууд тоглодог. Монголд бол гэртээ, хүүхэддээ тоглож өгдөг.

Таны эзэмшсэн мэргэжлийн гайхамшгийг хэзээ сонсогчид мэдрэх бол?

Сонгодог цомог гаргах талаар бодож байгаа. Гэвч Монголд ирснээс хойш 2-3 жил маш завгүй байсан болохоор амжаагүй. 

Та Лаурин Хилл, Брэндан Жэймс, Мэтт Уайт гэх зэрэг уран бүтээлчдийн багт орж, тоглож байсан. Энэ бүхэн хэрхэн болж, өрнөснийг ярьж өгөөч.

Би магистраа хамгаалсны дараа дуу бичлэгийн студийн ажлаас өөр зүйл хийхийг хүсч, мэргэжлийн гитарын үзүүлбэр чиглэлээр ажиллъя гэж бодсон. Тухайн үед манай эхнэр New York-д байсан болохоор би ч мөн адил тэнд байршиж, хамтдаа бүхнийг эхнээс нь эхэлсэн. Би анх өөрийнхөө тухай танилцуулсан зар тавьж, жижиг хамтлаг, уран бүтээлчидтэй тоглож эхэлсэн. Ингээд удалгүй хамтарч байгаа хамтлагуудын чанар сайжирсаар Нью-Йорк хотод би бага зэрэг танигдаж эхэлсэн. Тэгж явсаар Лаурин Хилл гэх өндөр хэмжээний уран бүтээлчтэй хамтарч ажиллах боломж олдсон юм. 

Т.Мөнх-Оргил: Авьяастай хүн олон ч хөдөлмөрлөдөг нь ховордсон (фото 2)

Таны юу таалагдсан бол?

Лаурин Хилл миний тухайн үед ажиллаж байсан уран бүтээлийн видеог үзээд, менежертээ энэ залуутай холбогдъё гэж хэлсэн байсан. Яг өөрөө надад хэлэхдээ болохоор "Сонгодог чиглэлээр сурсан мэдлэг чинь таалагдсан" гэсэн. 

Хамтарч ажиллахад ер нь  ямар байсан бэ?

Нэг өглөө утас дуугараад Лаурин Хиллийн менежер байна гээд ярьсан. Лаурин Хиллийн гэр Нью-Жерсид, нэлээн хэцүү дүүрэгт байдаг, намайг бас шөнийн 10 цагт ирэхийг хүссэн болохоор би тэнд хэрхэн дээрэмдүүлэхгүй очих талаар бодсон ч яваад очсон. Харин яг очиход тэнд миний таньдаг бөмбөрчин байсан. Би тэнд яг шалгуулах байх гэж бодсон ч тэр шууд л, "За чиний дараа жилийн төлөвлөгөө юу байна" гэж асуусан. Тэгэхэд нь би "Ерөнхийдөө чөлөөтэй" гэтэл, "Окей" гээд хамтрах болсон. Дараа нь "Чи гэртээ харих хэрэгтэй юу" гэхэд нь "Хэрэгтэй" гэж хариултал "Хэрэггүй байх аа, чи хоноод, наад дуунуудаа сур" гэсэн. Ингээд тэр өдрөөсөө Лаурин Хиллийн гэрт байрлан, аялан тоглолт хүртэл хоёр сарын турш бэлтгэл хийсэн. Би АНУ-ын бүх мужаар явж тоглох боломжгүй байсан болохоор зүүн мужуудын тоглолтонд нь хамт явсан юм. Энэ тоглолтын дараа Брэндан Жэймстэй хамтарч ажилласан. Лаурин Хиллийн тоглолтоос юу нь өөр байсан бэ гэвэл бүх юм нь өөр байсан. Орой зочид буудалдаа ирэхэд шөнө бүр угтдаг үдэшлэг биш тайван, тухтай орчин гээд л. 

БҮГД БАГААС, ТУРШЛАГАГҮЙГЭЭС ЭХЭЛДЭГ УЧИР ӨӨРТөӨ ИТГЭЖ, МӨРӨӨДӨЛДӨӨ ҮНЭНЧ БАЙСАН ЦАГТ БОЛОХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ

Та Монголд яагаад ирэх болов? 

Монголд ирсэн шалтгаан гэвэл, White Arch Studios-ын захирал Батсуурь ах тухайн үед Монголд дэлхийн хэмжээний хөгжмийн студи нээх гэж байгаа учир ажиллах хүн хайхад туслаач гэж асуусан. Тэгээд түүнтэй хамт хүн хайж байтал надад өөрт энэ санал ирсэн л дээ. Тэр үед би Америкд хоёр жил шахуу хугацаанд аялан тоглолтуудад оролцож, гэртээ хариагүй байсан юм. Тиймээс эх орондоо эхнэртэйгээ хамт ирж, эцэг эхтэйгээ ойр ажиллах шийдвэр гаргасан даа.

Та Монголд ирснээсээ хойш хамгийн гол нь юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Яг өөрчлөлт хийх гэж биш, харин хүссэн юмаа зөвөөр хийхийг хүссэн. Анх би 17 настайдаа, Монголоос явахынхаа өмнө Scream, Jackal хамтлагуудад тоглодог байлаа. Тэр үед бэлтгэлийн байр болон уран бүтээл хийх орон зай гээд бүх зүйлс бидэнд маш ховор олддог байсан. Харин энэ олон жилийн дараа эргээд ирэхэд энэ байдал өөрчлөгдөөгүй харагдаж байна. Тиймээс одоо залуу, амьд хөгжмийн хамтлагуудыг дэмжиж ажиллах зорилготой.

Тэгвэл таны хамгийн амжилтанд хүрч чадна гэж бодож байгаа уран бүтээлчид хэн байна вэ?

The Colors

Та The Colors хамтлагаас өөр хамтарч ажиллаж байгаа хамтлаг бий юу?

The FIX гэдэг хамтлагийн анхны цомгийг энэ онд гаргахаар бэлтгэж байгаа.

Сүүлийн үед танд таалагдсан ямар дуу, хөгжим  байна вэ?

Швейцарийн хөгжимчин Хенрих Кайзег болон Монголын "Арга Билэг" жазз хамтлаг хамтран тоглосон "Агула" цомог маш их таалагдсан.

Та түрүү, уран бүтээлчдэд сайн эсвэл муу гэсэн хоёр сонголтын тухай, дундаж гэх ойлголт байхгүй гэж ярьсан. Магадгүй өнөөдөр ихэнхи уран бүтээлчид дундаж гэх ангилалд хамаарч байна. Энэ юутай холбоотой вэ?

Яг өөрийгөө сонсох нь миний бодлоор хамгийн зөв зам. Ийм дуу гаргавал хүмүүст хэрхэн хүрэх вэ гэж бодохоос илүү, өөрийнхөө юу хиймээр байгааг сайн бодож тэр хүслээ дагах хэрэгтэй байх. Ингэвэл муугаар бодлоо гэхэд тэр үедээ хүмүүсийн сонорт хүрэхгүй байлаа ч дараа нь чанартай уран бүтээлийн эгнээнд заавал орж чадна гэж боддог.

Та  продюсерлэж байгаа хамтлагуудаа авьяастай гэдгийг нь хэрхэн олж харсан бэ?

Миний хувьд авьяас гэдэг зүйлээс илүү хөдөлмөрийг үнэлдэг. Ерөнхийдөө хэр зэрэг тууштай явж байна гэдэг нь чухал. Авьяастай хүн маш олон ч хөдөлмөрлөдөг нь ховордсон. The Colors, The Fix хамтлагуудын гишүүд олон жил найзласан, нэг зорьсон зүйлдээ хүрэх гэж ердөөсөө бууж өгөхгүй явсаар байдгийг нь би үнэлдэг. 

Т.Мөнх-Оргил: Авьяастай хүн олон ч хөдөлмөрлөдөг нь ховордсон (фото 3)

Монголд урлагийн боловсрол эзэмших болон баруунд сурахын  ялгаа юу бол?

Монголд миний бодлоор багш нар сурагчиддаа голдуу өөрийн хувийн арга барилаа яг тэр хэвээр нь зааж, эргээд түүнийгээ шалгадаг юм шиг санагддаг. Харин магадгүй Америкт энэ нь эсрэгээрээ, тухайн багш оюутандаа зөвхөн өөрийн давтагдашгүй ертөнцдөө хүрэх замыг нь чиглүүлэгч, дэмжин туслагч нар шиг байдаг. Монголд багш нар  өөрсдөө анх тийм үед сурч боловсорсон учраас тэдний хувьд энэ бол зөв арга. Энэ нь тийм ч буруу зүйл биш боловч, жишээ нь  жүжигчний ангийнхны хувьд ийм арга барилаар заалгасан хүүхдүүд өөрсдийн онцлог, араншингүй, бүгд адилхан ур чадвартай болох тохиолдол бий. Үүнийг зогсоохын тулд боловсролын системд нь анхнаас нь өөрчлөлт хийх хэрэгтэй болов уу.

Өмнө нь Монголд супер хит дуу зөндөө гардаг байсан. Харин орчин үед хамтлаг, дуучдын шинэ уран бүтээлүүд хуучных шиг хүмүүсийг байлдан дагуулж чадахгүй байх шиг ээ. 

Миний бодлоор энэ нь боломж ихэссэнтэй холбоотой байх. Нийгэм хөгжиж, хүн бүрт уран бүтээл туурвих боломж гарч эхэлснээр үүнийгээ дагаад чанар муутай бүтээл гарах нь элбэг болсон. Мөн Монголын болон гадаадын уран бүтээлчдийн тоо маш их нэмэгдсэнээр сонсогчдод олон сонголт бий болж, уран бүтээлчдийг хүндлэх, үнэлэх сэтгэлгээ багассан. Гэвч амжилтанд хүрэхийн тулд цаг хугацаа шаардлагатай, дээрээс нь бүгд л багаас, огт туршлагагүйгээс л эхэлдэг учир өөртөө итгэж, мөрөөдөлдөө үнэнч байсан цагт болохгүй юм байхгүй.

 

цааш үзэх