Хайх

Себастиан Стэн: Би зөрчилдөөнтэй дүр бүтээх дуртай

Text: Бюро 24/7


Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Hugo Boss брэнд Сингапур улсад кино ба спортын ертөнцийн супер баатруудын хамтаар сүр дуулиантай арга хэмжээ зохион байгуулсаныг та бүхэн санаж байгаа биз ээ. Бюро 24/7 сэтгүүл Монголын Hugo Boss дэлгүүрийн төлөөлөгчдийн хамтаар энэхүү арга хэмжээнд оролцож, энэ үеэр "Avengers", "I, Tonya" гэх зэрэг киногоороо алдаршсан Холливүүдийн жүжигчин Себастиан Стэнтэй уулзаж ярилцах ховор завшаан тохиосон юм. Бид ярилцлагынхаа үеэр түүний тоглосон кинонууд болон загварын карьерын талаар ярилцаж, түүнээс бодит амьдрал дээр ямар супер хүч сонгох байсан тухай тодруулж мөн ирээдүйн уран бүтээлээс нь юу хүлээж болох тухай асуулаа.

Анх Hugo Boss хамтарч ажиллах санал тавихад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Мөн та тус брэндийн үнэ цэнийг хэрхэн харж байгаа вэ?

Би мэдрэмжтэй хэрнээ энгийн байдлыг, мөн "Бага байх тусмаа илүү" гэсэн санааг үнэлдэг. Ер нь надад шударга, шулуухан зүйл үнэ цэнэтэй санагддаг. Hugo Boss-ын хувцас, зураг, имидж зэрэг бүх зүйлд тав тухтай байдал харагддаг. Ялангуяа Hugo Boss-ын хувцаснуудын тусламжтай хичээл зүтгэл гаргаагүй мэт загварлаг төрх бүрдүүлж чаддаг.

Hugo Boss брэндийн нэг хэсэг байх нь таны жүжигчний карьерт нөлөөлсөн үү?

Тийм ээ, нөлөөлсөн шүү. Загвар болон кино урлагийн салбар хоршин оршдог гэж би боддог. Мөн энэ хоёр салбарт ижил төстэй зүйл олон бий. Загвар таны өөрийн гэсэн онцлог, имиджийг тодорхойлж өгөхөд тусалдаг бол зураг авалт нь өөрийн гэсэн түүхийг өгүүлэх сайхан боломж юм.

Танд Hugo Boss-ын сурталчилгааны зураг авалтын аль хэсэг нь таалагдсан бэ?

Надад миний нухацтай дүр төрх гаргаж байсан хэсэг таалагдсан. Өнгөрсөн жил бид "Summer of Ease" сурталчилгааны зураг авалтыг хийж байх үед би байшин дотор алхаж, урагш эгцэлж харан маш нухацтай, чухал царай гаргахыг хичээж байлаа. Гэтэл тэнд ажиллаж байсан бүх хүмүүс надад "Бүр илүү нухацтай харагд!" гэж хэлсэн. Харин би "Ок. Ойлголоо. Илүү нухацтай" гээд л зургаа авахуулж гарсан. Энэ нь надад их амархан санагдсан.

Себастиан Стэн: Би зөрчилдөөнтэй дүр бүтээх дуртай (фото 1)

Загварын сурталчилгаанд загвар өмсөгчийн хувиар оролцох ба жүжиглэхийн аль нь илүү амархан бэ?

Загвар өмсөж зураг авахуулах нь харьцангуй хэцүү байсан. Яагаад гэвэл жүжиглэх үед чи заавал өөрөөрөө байх албагүй, харин ч чи өөр хэн нэгний дүрд хувирдаг бол загвар өмсөх үед чи өөрийнхөөрөө л байх ёстой. Саяхан нэг зураг авалтанд орсон юм. Бид хэсэг хугацаанд зураг авсны дараа зургийн дарга надад "Би энэ зургийг харах үед миний биеийн үс босоосой гэж хүсч байна" хэмээн хэлсэн. Би "Тэгэлгүй яах вэ, дахиад зураг авцгаая" гэж хэлсэн ч дотроо "Би яаж зургаар дамжуулж түүний үсийг босгох болж байна аа" хэмээн бодож байсан юм. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа бол зураг авалтанд оролцох нь харагдаж буйгаасаа хамаагүй хэцүү юм. Үнэхээр хэцүү шүү.

Ийм том төслийн нэг хэсэг байх нь танд заримдаа стресстэй санагддаг уу?

Үгүй ээ, стресстэй санагддаггүй. Харин ч хариуцлагыг мэдрэх нь илүү ихийг хийж бүтээх гэсэн хүслийг бий болгодог давуу талтай. Үнэхээр сэтгэл догдлом байсан шүү. Дуртай ажлаа хийх үед бүр автаж, бүр ч илүү сайн хийхийг хүсдэг.

Себастиан Стэн: Би зөрчилдөөнтэй дүр бүтээх дуртай (фото 2)

Харин одоо таны кино карьерын талаар ярьцгаая. Та Marvel Cinematic Universe-ийн нэг хэсэг болоод ойролцоогоор найман жил болж байна. Энэ хугацаанд таны тоглосон дөрвөн кино гарсан байгаа. Тэгвэл таны тоглосон Marvel-ын кинонуудаас хамгийн дуртай бүтээл тань аль нь вэ?

"Captain America: Civil War", мөн "Winter Soldier"-оос өмнө гарсан "Captain America: The First Avenger" кино миний хувьд үнэхээр гайхалтай. Энэ хоёр кино үнэхээр зугаатай байсан шүү. Надад өмнө нь хэзээ ч хийж байгаагүй хөгжилтэй зүйлсээ туршиж үзэх боломж олдсон.

Тэгвэл та "Avengers: Infinity War" киноны дараагийн ангид юу болохыг мэдэж байгаа юу?

Би үнэхээр мэдэхгүй байна. Би зохиолыг нь уншаагүй байгаа. "Avengers: Infinity War" киног хүртэл нээлтийн үеэр л жүжигчид хамгийн анх үзсэн. Магадгүй Роберт Дауни Жуниор л үүнээс өмнө үзсэн байх. (Инээв) Харин үлдсэн бидний хувьд нээлтийн үеэр л анх удаа үзэж байсан.

Хэрэв танд ямар нэг супер хүч эзэмших боломж гарч ирвэл та ямар хүч сонгох вэ?

Телепортаци. Би яг одоо чамтай хамт байж байхдаа Бангкок яваад, Токио ороод, дараа нь Австралид очоод тойроод ирнэ. Яг ингэх төдийд л. (Хуруугаа дуугаргав)

Тэгэхээр та аялах дуртай байх нь ээ? Эсвэл зүгээр л ажлын шаардлагаар аялдаг хэрэг үү?

Би аялах дуртай. Гэхдээ би нисэх тийм ч дуртай биш. Энэ нь аялахад асуудал үүсгэдэг ч би үнэхээр аялах дуртай. Янз бүрийн газар очиж, шинэ зүйл туршиж, өөр орны соёлыг мэдрэх үнэхээр гайхалтай шүү.

Себастиан Стэн: Би зөрчилдөөнтэй дүр бүтээх дуртай (фото 3)

Та яагаад ихэвчлэн зөрчилдөөнтэй дүрүүд бүтээдэг вэ?

Би өөрөө зөрчилдөөнтэй дүрүүд бүтээх сонирхолтой. Өөрөөр хэлбэл эсрэг дүрийн баатар гэж тодорхойлох нь илүү оновчтой байх. Эсрэг дүрийн баатрууд үргэлж сайн ба муу зүйлсийн хооронд хэлбэлзэж байдаг учраас би кинонд ийм төрлийн дүрүүд бүтээх дуртай. Ийм дүрүүд амьдралд илүү ойр, бас зүгээр л төгс байснаас илүү хүнлэг байдаг юм.

Таны жүжиглэх арга барилыг тодорхойлбол...

Кино бол найруулагчийн бүтээсэн орчин. Үргэлж ийм байсаар ирсэн. Цаашид ч тийм байх болно. Харин жүжигчний орчин бол тайз гэж хэлж болно. Тайзан дээр жүжигчин эцсийн "редактор" нь болж өгдөг. Тиймээс би кинонд том хэсэгт тоглохоосоо илүү хамтарч ажиллах сайн найруулагч олохыг л хичээдэг. Маш тодорхой үзэл санаатай хүнийг олж түүнийг нь л дагах хэрэгтэй. Хэрэв чамтай нийцдэггүй эсвэл яг юу хүсч буйгаа сайн мэддэггүй найруулагчтай таарвал үнэхээр хэцүү байдал үүснэ.

Хэрэв найруулагч танд шууд л маш чанга дуутай, хүчирхэг бол гэж хэлбэл та үг дуугүй гүйцэтгэх үү?

Тэгэж хэлэхгүй гэж найдаж байна. Учир нь хэрэв тэгэж хэлж байгаа бол тэр тийм ч сайн найруулагч биш гэсэн үг. Гэхдээ ер нь киноны уур амьсгалаас бүх зүйл шалтгаална. Жишээ нь "I, Tonya" кино нэлээд хар бараан, хошин уур амьсгалтай байсан. Хэдийгээр кино маш бодитой байх ёстой байсан ч сүрлэг уур амьсгалтай болсон. Тиймээс энэ тохиолдолд жүжигчид нь илүү хүчирхэг байж болно.

Таны Николь Кидмантай хамт тоглосон "Destroyer" кино тун удахгүй гарна. Бид энэ киноноос ямар зүйлсийг хүлээж болох вэ?

Энэ дүр миний өмнө нь бүтээж байсан дүрүүдээс огт өөр бас гайхалтай байсан. Мөн чамд л гэж хэлэхэд Николийг хүмүүс танихгүй байх вий. Тэр үнэхээр огт ондоо байх болно. Мөн би ч гэсэн маш өөр байна гэж найдаж байна. Харж л байя.

Себастиан Стэн: Би зөрчилдөөнтэй дүр бүтээх дуртай (фото 4)

Себастиан Стэн: Би зөрчилдөөнтэй дүр бүтээх дуртай (фото 5)

Та залуу жүжигчдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Юу ч болсон урагш алхаж сурах хэрэгтэй. Чи маш олон үгүй гэсэн хариулт авч, ямар ч ажилгүй хоцорч, удаан хүлээж, үргэлж янз бүрийн асуултанд хариулах хэрэг гарна. Тиймээс унасан ч эргээд босч, бусад хүмүүс чамд юу ч гэж хэлсэн хамаагүй өөртөө итгэж, урагш алхаж, мөн үнэхээр сайн зүйл хийж байвал үүнийгээ өдөр бүр үргэлжлүүлээд байх хэрэгтэй.

Та өдөр тутамдаа ингэж хувцаслахыг илүүд үздэг үү? (Тэрээр богино ханцуйтай поло цамц, хаки өмд өмссөн байв.)

Хэрэв хэн нэгэн миний өмнөөс өдөр бүр хувцсыг минь сонгож өгдөг байсан бол үнэхээр амар байх байсан. Заримдаа ингэх тохиолдол гардаг. Жишээ нь яг одоо өмссөн байгаа миний хувцсыг Hugo Boss сонгож өгсөн байгаа. Өдөр тутамдаа ч би ингэж хувцаслах байсан. Гэхдээ хэрэв өөрөө сонгох бол би ихэвчлэн цагаан футболка, жийнс өмсдөг. Гэхдээ би үргэлж ийм хувцас өмсөхийг хүсдэггүй. Ялангуяа гадаа халуун байвал. Би ер нь нэгэн хэвийн хувцаснаасаа арай өөр хувцаслахыг хүсдэг. 

Та Монголын талаар юу мэдэх вэ? Ирээдүйд очиж үзэх бодол бий юу?

Үнэнийг хэлэхэд би Монголын талаар сайн мэдэхгүй. Гэхдээ би үнэхээр очиж үзмээр байна. Би одоо Монголын тухай юу ч мэдэхгүй байж болох ч ямар ч хүлээлтгүй очоод үзвэл намайг үнэхээр гайхалтай зүйлс хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол эндээс хэр хол вэ?

Сингапураас ойролцоогоор найман цаг ниснэ.

Хөөх, галзуу юм аа. Удахгүй очно гэж найдаж байна.

Монголчууд танд болон таны уран бүтээлд маш дуртай шүү.

Гайхалтай. Үүнийг сонсоход үнэхээр баяртай байна. Би ч гэсэн шүтэн бишрэгчдэдээ хайртай гэж дамжуулаарай.

Себастиан Стэн: Би зөрчилдөөнтэй дүр бүтээх дуртай (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх