Хайх

Гоёмсог бас удаан эдэлгээ: Уран зургийг хэрхэн жаазлах вэ?

Гоёмсог бас удаан эдэлгээ: Уран зургийг хэрхэн жаазлах вэ?

Үнэ цэнийг өргөх

Text: Ж.Чинбат


Мэдрэмж төрүүлж, сэтгэгдэл төрүүлдэг сайн зурганд жааз сонгох нь яг л дур булаам бүсгүйд тохирох от кутюр даашинз сонгохтой адил гэдэг. Нарийн төвөгтэй боловч бас ч гэж зугаатай эрэл хайгуулыг хэрхэн хийх талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг танд хүргье

"Уран зургийг хэрхэн жаазлах вэ" гэж зураач нар үзэсгэлэнгийн танхимд ярилцахыг би олон удаа сонсож байлаа. Хүн хэдийгээр хамгийн түрүүнд зургийг хардаг ч гэлээ тогтож ажиглаад ирэхээрээ жаазыг өөрийн эрхгүй анзаарч, эх бүтээлтэйгээ хэр зохицож байна вэ гэж дотроо шүүн тунгааж эхэлдэг. Уран зураг өөрөө маш гоё, сэтгэгдэл төрүүлсэн бүтээл байв ч жааз нь зохицоогүй бол яг л сайхан бүсгүйд хямдхан, ур дүйгүй хувцас хүчээр өмсгөчихсөн юм шиг л үнэ цэнэ нь буурч харагддаг. Тийм ч учраас олон Монгол зураач гадаадад үзэсгэлэнд бүтээлээ танилцуулахдаа жаазлуулахгүй авч явдаг заншилтай.

Жаазгүй зургийн нэгэн түүх

Гоёмсог бас удаан эдэлгээ: Уран зургийг хэрхэн жаазлах вэ? (фото 1)

Франц, Монголын ардын зураач, импрессионист Б.Чогсом 1994 онд Францын Засгийн газрын урилгаар үзэсгэлэнгээ гаргахаар очтол галерей нь түүний бүх зургийг нь жаазгүй өлгөсөн байжээ. Эхлээд Б.Чогсом гуай "Намайг нэг л хүндлэхгүй байна аа даа" гэж бодсон авч сүүлдээ зураг жаазгүй байхаараа зүгээр ч юм уу гэж харж суусан гэдэг. Гэтэл хэргийн учир нь үзэсгэлэнгийн нэг л зургийг жаазлабал бусад бүх зургийг галерейн зүгээс жаазлах хэрэгтэй болсонд оршиж байжээ. Хэрэв галерей худалдаж авахгүй л бол зургийг тэр бүр жаазлахгүй. Учир нь сайн жааз үнэтэй байдаг. Гэвч Франц улс Б.Чогсомд  "Ардын зураач" цолоо өгөхөд энэхүү жаазгүй зургийн түүх нөлөөлөөгүй юм. Энэ түүх бол монгол зураачдад тохиолддог нийтлэг асуудал бөгөөд тэд чанартай жаазыг ихэвчлэн гадааадаас авдаг. Харин "Монголд бол Дүрслэх Урлагийн Бүтээл Цуглуулагчдийн Үндэсний Нийгэмлэг"-ийн жаазны үйлдвэр санал болгодог байна. 

Та дотроо ""Жааз" гэсэн хаягтай газар хотод хаа сайгүй л бий. Тэдний аль нэгэнд нь хүрч очоод л зүгээр авчихаж болохгүй гэж үү" гэж бодож байж болох л юм. Гэвч тийм биш ажээ. Яагаад гэдгийг нь одоо харцгаая.

Гоёмсог бас удаан эдэлгээ: Уран зургийг хэрхэн жаазлах вэ? (фото 2)

Жааз ямар байх ёстой вэ

Зургийн үнэ цэнийг жааз өсгөдөг бол жаазны сайныг зөв хатаасан мод илтгэнэ. Эхлээд сайн жааз яагаад бий болсон түүхийг сөхөж үзье. Үүний тулд Сэргэн мандалтын үеийн Итали орныг харах хэрэгтэй болно. Жишээ нь тэр үед Леонардо Да Винчи Флоренцын нэгэн гүнтэний захиалгаар зурсан "Сүүлчийн зоог" бүтээл нэгэн сүмд одоо хүртэл хадгалагдан байгаа. Тэрхүү алдарт зураг XV зуунаас өнөөдрийг хүрэхдээ байраа нэг ч өөрчлөөгүй, ямар хананд өлгөөтэй байсан тэр хэвээрээ байгаа. Тэгэхээр жааз зөвхөн сайхан харагдахаас гадна урт удаан эдэлгээ даах чадвартай байх ёстой тул үүнийг Италичууд хамгийн сайн хөгжүүлжээ. 

Энэ шаардлагыг эш болгон жаазны үйлдвэрүүдээр зочлон "Танайх ямар материалтай жааз санал болгодог вэ" гэж асуухад хариулт нь их энгийн байсан. Ихэнхи нь Солонгос, эсвэл урд хөршид хийгдсэн шахмал, эсвэл гипсэн материалтай жааз байх ба үнэ нь тун боломжийн юм. Гэвч уран зураг өөрөө зураачийнхаа сэтгэлийн болоод оюуны нөр их хөдөлмөрөөр бүтдэг зүйл тул түүнийг жаазлахдаа хөнгөмсөг хандаж болохгүй.

"Ер нь дэлхийд зургийн жаазтай холбоотой нэг л стандарт байдаг нь өнөөх л Европ стандарт" хэмээн Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нэгдлийн жааз урлаач Д.Болдбаатар хэлж байна.  Тэрхүү стандартын эх өлгий нь Итали орон бөгөөд Герман, Австрали, АНУ-ын хаана ч жааз захиалан хийлгэлээ гэхэд хүрээ мод нь Италиас ирсэн байдаг гэнэ. 

Энгийн жааз

Мэдээж жирийн модоор жааз хийж болох ч гэлээ тэр удах тусмаа хазайж, мурайгаад зургийг гоё биш хөгширч, ядарсан харагдуулна. Модыг орлуулж хийдэг шахмал болон гипсэн жааз хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болдог. Жишээ нь шахмал материалтай хүрээг хийхдээ хуванцар сав, модны үртэс зэрэг олон төрлийн зүйлс хольсон байдаг учраас агаарт урвалд орохгүй гэх чанарын баталгаагүй.  Дээр нь будаг нь нарны болоод орчны чийгшлээс болж өнгөө алддаг байна. Ийм төрлийн жаазыг ихэвчлэн хүн байнга амьдардаггүй газар буюу коридор, хүлээлгийн танхимд л ашиглаж болох аж. 

Эхний дүрэм бол жаазыг зургандаа  тохируулна уу гэхээс хана, эсвэл тавилгандаа нийцүүлдэггүй

Мэдээж чанартай зүйл үнэтэй байдаг гэх зарчим жаазанд ч мөн адил үйлчлэнэ. Хамгийн үнэтэй жааз бол захиалгаар, гараар урласан жааз байдаг. Мэргэжлийн урчууд жаазны зүмбэрийг ухаж, сийлж хээг нь гаргахаас гадна түүнийг алт, мөнгөн хуулгаар бүрж чимэглэдэг. Ийм жааз бол хэдэн зуун мянган еврогоор хэмжигдэх нь ч бий. Европын уран зураг цуглуулагчид бүтээлээ улам үнэ цэнэтэй болгох гэж ингэж захиалгаар хийлгэдэг. Том, том галерей, уран зураг цуглуулагчид XVIII, XIX зууны үед бүтээгдсэн зураг худалдаж авах боллоо гэхэд яг тэр үеийн хэв маягтай жаазыг мөн захиалдаг байна.

Гоёмсог бас удаан эдэлгээ: Уран зургийг хэрхэн жаазлах вэ? (фото 3)

Зургийн төрөлд тохируулж жааз сонгох нь

Гэртээ зураг өлгөх гэж байгаа хүн бүр жаазны мэдлэгтэй биш байж болно. Хэдий тийм байлаа ч доорх хэдэн зөвлөгөөг уншсан байхад та алдаа гаргахгүй.

Эхний дүрэм бол жаазыг зургандаа л тохируулна уу гэхээс ханандаа, эсвэл тавилгандаа нийцүүлж авдаггүй. Хүмүүс гэр юм уу оффисынхоо ханыг цагаан өнгөтэй болохоор хар өнгөтэй хүрээтэйг сонгомоор байна гэж жаазны үйлдвэрүүдэд их захиалдаг ажээ. Энэ тохиолдолд жааз урлаач Д.Болдбаатарын зүгээс "Хэрэв хананы өнгөнд анхаарах юм бол нэгт та зургандаа тохирохгүй жааз сонгох магадлалтай. Мөн та хэдэн жилийн дараа нүүх юм уу хананыхаа өнгийг ч өөрчилж болно. Харин зураг чинь бол хэзээ ч өөрчлөгдөхгүй шүү" гэж зөвлөлөө. 

Зурганд жааз сонгохдоо тухайн бүтээлд ямар өнгө зонхилж байгааг анхаарч, уялдуулнаЖишээ нь муутуу цаасан дээр бичсэн калиграф байлаа гэж бодоход тэнд хар, шаргал гэсэн хоёрхон л өнгө байна. Тэгэхээр хар, эсвэл цагаан өнгө сонгох боломжтой. Хэрэв үүн дээр улаан жааз хийвэл утгагүй, шарыг сонговол бүр оновчгүй харагдана.

Жаазыг сүрлэг, тансаг харагдуулдаг зүйл бол яах аргагүй уран хийцтэй зүмбэр юм. Харин тийм зүмбэртэй жаазыг ихэвчлэн сонгодог зурганд ашиглана. Орчин үеийн, модерн зургууд болон гэрэл зурагт илүү хээ, хуаргүй цулгуй жааз ихэвчлэн сонгодог.

Жаазны шил мөн тусдаа байдаг бөгөөд эх зургийн өнгийг өөрчлөхгүй, элдэв нөлөөгүй, нар гялбадаггүй шил байдаг бөгөөд ийм шилийг зөвхөн Германд л хийдэг. Дээр нь нарны хамгаалалттай тул зургийг удаан хугацаанд хадгалахад тохиромжтой байдаг.

Италийн цэвэр модон жаазны хүрээ нь харахад нүсэр, хүнд мэт боловч бариад үзэхэд маш хөнгөхөн байдаг. Тэдгээр цэвэр модон хүрээг будаж, гоёхдоо төмөр мэт гялгар, эсвэл даавуу шиг ч харагдуулж болно. Удаан эдлэгдсэн мэт эсвэл, овгор, товгор хэлбэртэй гээд олон төрөл янзаар хийж болдог.

Уран зураг маш олон төрлийн өнгөтэй байдаг учраас хүрээ рамны олон сонголттой газар сонгон очих хэрэгтэй. 

цааш үзэх