Хайх

Вуди Аллен: Уран бүтээлийн хямрал надад танил зүйл биш

Вуди Аллен: Уран бүтээлийн хямрал надад танил зүйл биш

Найруулагч өөрийнхөө талаар, кино болон Дональд Трампын тухай өгүүлсэн нь


Зураг:

Оросын прокатад Вуди Аллены «Иррациона́ль хүн» гэсэн шинэ кино гарч байна. Тэрбээр киноны найруулга, чиг хандлага болон Нью-Йорк хот ба улс төрийн талаар юу бодож явдаг талаараа өгүүлж байна.

Вуди Аллены зохиол бүрийн баатар нь уран бүтээлийн, мөн сэтгэл санааны тавгүйтэлтэй тулгарсан дүрслэлтэй байдаг юм. Ийм экзистенциалист үзэгдэлтэй холбож найруулагч өөрөө хэлэхдээ ажил нь түүнийг олон асуудлаас мултлах увидастай гэлээ. Тэр бол үүнийгээ жилд нэг кино гаргаад л үгээр ч, үйлдлээр  ч батлаад байдаг хүн юм. Түүнтэй нийгмийн дунд ангийнхан, хүмүүст кино болон технологи хэрхэн нөлөөлдаг тухай, ерөнхийлөгчийн сонгуулийн тухай зэрэг олон зүйлийн талаар түүнтэй яриа өрнүүлэхээр Нелли Холмс Нью-Йорк хотноо найруулагчтай уулзжээ.

«Иррациональ хүн» (англ. Irrational Man, иррациональ гэдэг үг нь  ухаан санаанд гүйцэгдэхээргүй гэсэн утгыг илэрхийлнэ) гэдэг таны кинонд яармаг худалдааны үеэр гардаг, нэг их анхаарал татахааргүй зураглал бий. Киноны баатар эмэгтэй хожлын шагналдаа тоглоомын зөөлөн баавгай авахын оронд хожим түүний амийг аварсан гар чийдэнг сонгодог. Та хүний гаргасан ямар нэгэн шийдвэр эцсийн дүндээ хүний хувь заяанд нөлөөлдөг гэсэн санааг онцлох гэсэн нь тэр үү?

Өө, тэгэлгүй яахав. Бид чинь тийм шийдвэрийг байнга л гаргадаг юм. Та гудамжны нэг талаар явна, бүх зүйл сайн. Харин та нөгөө талаар нь явахаар шийдлээ гэхэд таны толгой дээр төгөлдөр хуур унахыг үгүйсгэх аргагүй. Үл ялих шийдвэр хүртэл таны амьдралд асар их өөрчлөлтийг сайн талд нь ч, муу талд нь ч авчрах увидастай.

Тэгэхлээр өөрийн гаргасан шийдвэр бүр нь ямар нэгэн юманд хүргэнэ гээд та байнга шаналж явдаг гэсэн үг үү?

Хэрэв энэ тухай байнга бодоод ирэх юм бол улиг болсон санаа онооны синдромтой , мулгуу өвчтэй хүн болон хувирна. Гэрээс гараад хаашаа ч юм явж байхдаа замын бүх саад тотгорын тухай тооцоолно гээд та өөрөө төсөөлөөд үз дээ. Эхлээд баруун зүгт, дараа нь хотын төвөөр дайраад эсвэл эхлээд хотын төвөөр дайраад дараа нь баруун тийш эргэх үү гээд л замаа сонгох бүх боломжийг тооцсоор та цаг их алдах биш үү? Галзуурмааар байгаа биз! Тийм учраас би үл ялих шийдвэр бүрийг гаргана гэж хөөцөлдөөд байдаггүй. Гэхдээ бүгд өөрийн үр дагавартайг мартахгүй.

Вуди Аллен: Уран бүтээлийн хямрал надад танил зүйл биш (фото 1)

Таны өмнөх бүтээлүүдэд Нью-Йорк хотыг хайрлах хайр шингэсэн байдаг. Та өнөөдөр Нью-Йоркийг хэрхэн хүлээн авч байна вэ? Таны эртний ажлуудад үзүүлж байснаас өнөөдрийн хот юугаар ялгагдана вэ?

Яах вэ, Нью-Йоркт амьдрал мэдэгдэхүйц үнэтэй болжээ. Энэ нь минийхээр бол бөөн асуудал. Харин хот өөрчлөгдсөнгүй. Есдүгээр сарын 11-ний эмгэнэлээс хойш ийм аймшгийн дараа хот өмнөх шигээ үлдэж чадах уу гэж надаас байнга асуудаг байсныг би санаж байна. Тийм байж болох л юм гэж бүгдэд хариулж ирлээ. Хот 2001 оны есдүгээр сарын 11-ний хэрэг явдлаас өмнө ямар байсныг би дурсдаг. Өнөөдрийн Нью-Йоркийг би харж байна. Нөгөө л нэг хот. Хүмүүс театр, ресторанаар ороод л. Гудамж, цэцэрлэгээр зугаалаад л. Мэдисон-скуер-гарденд цуглараад л. Амьдрал хэм хэмжээндээ явж байна. Хотын хүмүүс, эрч хүч, эрмэлзлэлээр дүүрэн мөн нөгөө романтик хэвээр, уран бүтээл нь оргилоод л. Хот амьдрахад ёстой л гайхалтай газар хэвээр. Олон жилийн өмнө намайг энд ирэхэд дунд ангийнхан гэж нэрлэгдсэн хүмүүс байлаа. Цөөрч байсан ч тийм хүмүүс байлаа. Одоо бол байхгүй болсон. Өнөөдөр Нью-Йоркийн хүмүүс нэг бол нэг их баяжсан эсвэл маш их ядуураад өөрийн нэр нүүргүй болцгоосон. Дунд ангийнхнийг эргүүлэн авчрах нь Нью-Йорк хотын амьдралд нааштай өөрчлөлтийг гаргана гэж би үнэнээсээ бодож байна. Тэр анги чинь юм бүрийг сонирхсон нийгмийн маш идэвхтэй хэсэг. Харин өнөөгийн Нью-Йорк хэтэрхий баячуудын эсвэл хэтэрхий ядуусын хот. Харамсалтай нь өөр хувилбар байхгүй.
Таны амьдралд уран бүтээлийн хямрал гэж байсан уу? Байсан бол та түүнийг хэрхэн даван туулсан бэ?

Би их азтай юм шиг байна. Уран бүтээлийн хямрал гэдэг надад танил зүйл биш. Би ажлын чанарын талаар яриад байгаа юм биш, муу бүтээлүүд надад байсныг би сайн мэднэ. Уран бүтээлийн ажил хийлгэдэггүй ямар нэгэн хаалт толгойд бүрэлдэнэ гэдэг байдлыг би үнэндээ мэдэхгүй явна. Миний хувьд тэр нь эсрэгээр байдаг бололтой. Хэрэв надад ямар нэгэн дарамт байгаа бол уран бүтээл л намайг амьдралд буцаан оруулж, ямар ч депресстэй учраа олоход туслаж ирлээ. Ер нь бол дөнгөж ажиллаж эхэлсэн залуу наснаас л тийм байлаа. Уран бүтээлийн зовлонг үзнэ гэдгээс салгасан том аз жаргал, амжилт гэдэг л тэр байхдаа. Энэ талдаа би азтай хүн юм. 

«Юу болов, сараана минь?» гэдэг 1966 онд зураг авалт нь хийгдсэн таны найруулагчийн анхны бүтээлээс хойш кино зах зээлд олон зүйл өөрчлөгджээ. Найруулагч гэдэг талаараа та өнөөдөр юу хэлэх вэ? Анхны киногоо бүтээж байсан шигээ л байна уу?

Зураг авалтын талбайд би олон жилийн өмнөх шигээ л байгаа. Би гэдэг чинь нэлээд чимээгүй талын, сонирхолтой биш хүн. Тэгээд ч надад ноцтой өөрчлөлт таарахгүй. Харин миний эргэн тойронд ихээхэн хувиралтай байна. Би 45 юм уу даа, тэр хавьцаа л кино бүтээсэн ба тодорхой үе шат бүрт шинээр бий болсон техникийн ололт, кино аж үйлдвэрийн шинэ мэдлэгийг ашиглаж ирлээ. Хувь хүн талаасаа өмнөх шигээ л үлдсэн байгаа. Харин найруулагчийн хувьд би сайжирсан гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Би бүхнээс мундаг болсон гээгүй байна л даа. Өмнөхөөсөө өөрөө сайжирсан гэж хэлэх гэсэн юм. Өмнө нь үзэгчид инээлдэж байгаасай л гэж зүтгэдэг байсан. Тэгээд нэг шог дээр нөгөөг нь нэмээд л түүх болтол нь үздэг байлаа. Өнөөдөр бол би өөдрөг сэдэвлэл, зураглалын тухай, тэр сэдвээ нээх хэрэгслийнхээ тухай, найруулалт, деталийн тухай илүү бодох болжээ. Хэрэв та «Сарны гэрлийн илбэ» юм уу «Парис дахь шөнө дунд» эсвэл «Хожлын оноо» (сүүлийн үед хийгдсэн кинонуудын аль нэгийг) үзэх юм бол, тэд миний өмнөх «Гадилууд» эсвэл «Мөнгө шүүрээд, гүй» гэх мэтийн ажлуудаас хичнээн ялгаатайг ойлгоно. Одоо миний кинонууд техникийн талдаа их нарийн болсон. Тэд гүнзгий, амьдрал, хүний араншин, тэдний харилцааг нарийн дамжуулдаг болсон. Үүнийг ямар нэгэн бардагналгүйгээр би хэлж байна. Байнга ажиллаад байдаг учраас би мэргэжлийн түвшиндөө сайжирч байна. Хэдий чинээ их ажиллана, төдий чинээ сайжирна гэсэн үр дүнгийн хуримтлал юм л даа. Тийм ч учраас тэр олон жилийн дараа миний кинонууд илүү сайн чанартай болж байна. Бодлыг минь хэн нэгэн дэмжихгүй байж болно. Гэхдээ л би ингэж бодож байгаа юм. Ер нь бид шоглолыг өндөр үнэлдэг. Харин миний хувьд одоо кино зүгээр л сайхан хөхрөлдөөд авах боломжоос хамаагүй дээгүүр тавигдах болсон.

Вуди Аллен: Уран бүтээлийн хямрал надад танил зүйл биш (фото 2)

Өнөөдөр Америкийн нийгэмд гүнзгий өөрчлөлтүүд гарч байна. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчиллаа, үндэстэн ястны хоорондын харилцаа хурцдаж байна, Куба, Ираны харилцааны салбар өөрчлөгдөж эхлэв. Энэ бүгд таныг догдлуулж байна уу? Та эргэн тойронд болж байгаа үйл явдлыг анзаардаг уу?

Үнэнийг хэлэхэд, уран бүтээл талаас бол нийгмийн, улс төрийн өөрчлөлт надад огт хамаагүй. Би зураач гэдэг талаасаа тэднийг анзаардаггүй. Харин иргэн хүний хувьд, миний эх орны засгийн газар юу хийж байна, миний ерөнхийлөгч яав, миний амьдардаг хотын засаг юу хийж байна гэдэг нь сонирхолтой. Би бол либераль ардчилагч, тиймээс нийгмийн тэгш бус байдал намайг зовоодог. Гэсэн ч би энэ талаар кино хийхгүй. Надад гүн ухаан, сэтгэл зүйн сэдэв илүү сонирхолтой. Хүмүүст үргэлж хамаарагдах тэдний харилцааны тухай ном, кино бүтээх нь надад таалагддаг юм. Харин нийгмийн хурц сэдвүүд нь өөрийн цаг хугацаатай. Тухайлбал, өнөөдөр ижил хүйстнүүд бараг чөлөөтэйгээр гэр бүл болж байна. Хэрэв би олон жилийн өмнө тэд аз жаргалдаа хүрэх гэж ямар хүндрэл туулж байгаа тухай кино хийсэн бол тэр нь өнөөдөр хуучин танил кино л гэж харагдах байсан. Гэтэл би цаг хугацаанд захирагдахгүй чухал кино бүтээх сонирхолтой. Ингэлээ гээд тухайн үедээ чухал хурц сэдвээр кино хийхгүй гэсэн үг арай биш юм.

"Хэрэв би олон жилийн өмнө ижил хүйстнүүд аз жаргалдаа хүрэх гэж ямар хүндрэл туулж байгаа тухай кино хийсэн бол тэр нь өнөөдөр хуучны танил кино л гэж харагдах байсан."

Amazon-д зориулсан олон ангит кинон дээр та ажиллаж байгааг би мэднэ. Энэ тухайгаа ярихгүй юу.

Түүх ийм юм л даа. Хэдэн жилийн өмнө Amazon компанийн төлөөлөгч над руу утасдаад хагас цагийн зураглал бүхий зургаан мини кино хийх санал тавьсан юм. Би шууд татгалзсан. Олон ангит кинонууд миний хийдэг ажил биш! Би тэднийг хийх байтугай, үздэггүй юм. Гэтэл тэд утасдахаа зогсоосонгүй. Хоёр жил гаруй миний гэрээний нөхцлийг сайжруулан утасдаад байлаа. Хэсэг хугацааны дараа тэд надад бүрэн эрх чөлөө өгч, дуртай улс, дуртай хотдоо ямар ч төрлөөр, ямар ч стилиэр хамаагүй зургаа авах, цаг хугацааг нь би өөрөө тогтоох эрх өгдөг юм байна. Олон ангит киног дэлгэцнээ гартал тэд юу ч мэдэхгүй байж чадна гэдгээ хэлэв. Түүгээр ч барахгүй зургаан мини киноныхоо төлөө тэд миний шан хөлсийг нэмлээ. Санал ихээхэн сонирхолтой болоод би түүнээс татгалзаж чадаагүй юм. Харин энэ тийм ч амар биш, ер нь маш хүнд ажил юм байна! Би өөрийгөө хэт үнэлсэн байв. Энэ зургаан зураглал надад маш их ачаа болсон юм. Аз болоход ажил дууссан. Олон ангит киног 2016 онд үзэх үзэгчид шагширч магтахгүй байвал би лав гайхахгүй. Би маш их зүтгэл гаргаж чадах бүхнээ л хийсэн. Давтан хэлэхэд энэ ажлыг тийм ээдрээтэй, өргөн цар хүрээтэй гэж би үнэлэлгүй, өөрийн боломжоо хэт дөвийлгөн бодсон байжээ.

Зураг авалт хаана явагдсан бэ?

Нью-Йоркт.

Вуди Аллен: Уран бүтээлийн хямрал надад танил зүйл биш (фото 3)

«Парис дахь шөнө дунд » кинондоо та Карла Бруныг тоглуулсан нь францчуудын дургүйцэл, гайхлыг төрүүлсэн. Бодвол та тэр тааламжгүй бичлэгүүдийг уншсан биз. Тэр үедээ мадам Саркозийг кинондоо гаргах нь тийм үр дүнд хүргэнэ гэдгийг та мэдэж байсан бол түүнийг кинондоо урих байсан уу?

Карла Бруни гэдэг эмэгтэй Николя Саркозийн эхнэрээс гадна нэлээдгүй уран бүтээлч, медийний орон зайд идэвхтэй хувь хүн юм билээ. Тэр эмэгтэй чинь модель, жүжигчин, дуучин. Манай энд дасал болсон, бидний үзээд байдаг тэргүүн хатагтайн сонгодог хувилбараас арай өөр юм. Тийм үү? Намайг эхнэрийн маань хамт Николи Саркозийн урьсан өглөөний зоог дээр би тэр эмэгтэйг анх харснаа санаж байна. Би харцаа салгаж чадаагүй, ёстой сайхан эмэгтэй юм! Тэрээр ямар ч нэр алдаргүй жүжигчин сонгож болох музейн ажилтны дүрд яг тохирч надад харагдлаа. Өөр ямар тохиолдолд Карла Бруныг би авч чадах билээ?! Францчууд түүнийг хоёрдмол байдлаар хүлээн авна гэдгийг би мэдэж байсан ч дахиад л би түүнийг урина.

Та Шведэд кино хийнэ гэж би уншиж байсан юм байна.

Тийм ээ, энэ хувилбар яригдаж байсан. Энэ гайхалтай оронд хийх киноны санаа надад хараахан бүрэлдээгүй байна. Би Стокгольмд хэд хэдэн удаа очиж байлаа. Жинхэнээсээ би энэ хотод дуртай болсон. Маш сайхан, бас дээр нь амьдрахад таатай хот юм. Парис, Лондон, Барселона, Ромд кино хийсэн шигээ тэнд гэр бүлийнхээ хамт хэдэн сарыг өнгөрөөн кино хийвэл би их л тааламжтай байх болно. Даан ч одоо санаа оноо төрөөгүй байна.

Таны 80 нас зооглоход дөхжээ. Их урт нас юм. Амьдрах хором бага, үхэл заавал ирнэ гэсэн санаа таныг түгшээж байна уу?

Таван настайгаас эхлээд л тийм санаа намайг үргэлж түгшээж ирлээ. Одоо бараг ная хүрээд байхад юу ч хувирсангүй. Би үхлээс үргэлж айдаг учир урьдчилан төлөвлөхгүй гэж бодож байна. Үнэхээр өндөр настай ч гэсэн үүрд явах хүртлээ ямар нэгэн зүйлийг би хийх ёстой, амжих ёстой гэсэн жагсаалт надад үгүй. Хүчээ дуустал ажиллахыг би хүснэ. Надад хангалттай хүч байгаа гэж найдаж байна. Миний эцэг зуу гартал насласан тэр сайн гейнийг өвлөсөн гэдэгт итгэхийг би хүснэ.

Вуди Аллен: Уран бүтээлийн хямрал надад танил зүйл биш (фото 4)

"Хэрэв надад ямар нэгэн дарамт байгаа бол уран бүтээл л намайг амьдралд буцаан оруулж ямар ч депресстэй учраа олоход туслаж ирлээ."Хэдэн жилийн өмнө бид кинематографын ирээдүйн талаар ярилцаж билээ. Тэр үед та өнөөдөр бодит болоод байгаа, ярилцаж байхад зөгнөл байсан олон зүйлийг хэлж билээ. Дахиад л таны дүгнэлт таамаглалыг сонсмоор байна.

Хэрэв та эргэн тойрноо харвал, олон кино театрууд алга болж, зарим нь асар том цэнгээний төвүүд болсныг олж харна. Телевиз хөгжиж, өндөр технологи гарч ирснээс хойш хүмүүс гэртээ тусгай өрөө гаргаж байгаад кино үзэх болжээ. Телевизийн орчин үеийн дэлгэцүүд киноноос дээд зэргийн таашаал өгч, аудио систем нь авиа бүрийг барих боломжтой болголоо. Гэртээ кино үзэх нь кинотеатрт очиж байсан шиг л үйл явдал болж байна. Өнөөдөр хүн бүр л үйл явдлыг бүтээгч болжээ. Найз нараа 20:30-д оройн зоогт уриад дараа нь Анжелина Жолигийн шинэ киног үзэж болж байна. Мэдээж, энэ бүгд нь миний хүүхэд ахуй наснаас огт өөр. Тэр үед кино үзнэ гэдэг том үйл явдал байлаа. Өглөө эрт босоод л кинотеатр гэдэг ид шидийн газар орно гэхээс байж сууж чаддаггүй байсан юм. Дугаарлалд зогсох, том дэлгэцнээ кино үзнэ гэдэг нь тусгай таашаал байж дээ. Харин өнөөдөр ертөнц өөр. Өнөөдөр кинонд ямар ч ид шид байхгүй болсон. Бизнес л байна. Киног ямар ч лэптопоор үзчихнэ. «Иргэн Кейн» эсвэл «Арабын Лоуренс» зэрэг кинонуудыг үзсэн үү гэж асуухад ихэнх залуус үзсэн гэх байх. Гэхдээ тэд эдгээр сонгодог кинонуудыг лэптоп, компьютер, телевизийн дэлгэцнээс л харсан байгаа. Гар утасныхаа дэлгэц дээр хүртэл кино үзээд байгаа юм даа! Энэ бүгд нь том дэлгэцийн кино хийдэг над мэтийн хүмүүст айдас үүсгээд байна. Хэрэв кинематеграфыг ямар ирээдүй хүлээж байна вэ гэсэн таны асуултад эргэн орвол миний бодлоор, кино гэрийн зугаа байхаа болиод кинотеатрууддаа эргэн ирнэ. Театрыг үүнээс илүү сэргэн мандал хүлээж байна. Хүмүүс амьд тоглолтыг илүүд үздэг учраас театр эргээд урлагийн хамгийн алдартай төрөл болно.

"Өнөөдөр кинонд ямар ч ид шид байхгүй болсон. Бизнес л байна."Та бараг ная хүрээд байж дөчин настан шиг ажиллах юм. Нууц нь юунд байна вэ?

Сайн удам, бүрэн хэмжээний хооллолт, системтэй дасгалууд, хорт зуршилгүй. Ингээд л гүйцээ шив дээ. Миний ажил надад таалагддаг учир түүнийгээ хийж байхын тулд би эрүүл мэнддээ анхаардаг. Миний эцэг 90, 96 насандаа ямар эрч хүчтэй байсан шиг байж чадвал тэр насандаа кино хийхгүй болно гэж би бодохгүй байна. Эцэг маань 101 насласан, амьдралынхаа эцэс хүртэл нь маш эрчимтэй байсан юм. Миний толгойд сая сая санаа оноо байна. Би тэднийг хэрэгжүүлэхийг хүснэ. Тиймээс аль болох их амьдахын тулд эрүүл мэндээ анхаарч байгаа юм даа.

Паркет Поузи, Эмма Стоун нарын хамт "Иррациональ хүн" киногоо та анх Канны 68-р кино наадам дээр үзүүлсэн. Тэгхэд таныг киноны зураг авалтаа их сургуулийн хотхонд хийснийг хараад таныг ямар оюутан байсан бол гэдэг надад их сонирхолтой санагдсан. Дашрамд хэлэхэд, та их сургуулийн профессор болж чадна гэж бодож байна уу?

Сайн профессор байсан байх гэж бодох юм. Надад сургах хүсэл эрмэлзэл бий. Би нэлээдгүй логик сэтгэлгээтэй, өөрийн санаа бодлыг сайн хүргэж чадна. Магадгүй, би найруулагчаас илүү багш байж чадах юм. Харин тун тааруу оюутан байжээ. Эцэг, эхийн шахалтаар би Нью-Йоркийн их сургуульд орсон. Нэгдүгээр курсын дараа ганц ч шалгалтаа өгч чадаагүй гээд хөөгдөж байлаа. Дараа нь боловсрол эзэмшихээ коллежид үргэлжлүүлсэн. Бас л амжилтгүй. Бусад орнуудад ямар байдгийг мэдэхгүй, харин АНУ-д боловсролын систем аймшгийн төгс бус. Энд юу сургах гээд байгаагаа мэддэггүй. Оюутнууд хэл сурна, түүгээрээ ярьж чаддаггүй. Шекспирийг үзэж байна. Гэтэл түүнийг үзэн ядаад, нэрийг нь сонсохыг ч хүсэхгүй болно. Өнөөдөр хүмүүс боловсролын төлөө биш сайн ажилд орох гээд дипломын төлөө сургуульд орж байна. Гэхдээ ямар ч боловсролын байгууллагууд дипломыг биш мэдлэгийг өгөх ёстой. Суралцаж байгаа юманд нь сонирхолыг нь өдөөж өгөх хэрэгтэй юм.
"Бусад орнуудад ямар байдгийг мэдэхгүй, харин АНУ-д боловсролын систем аймшгийн төгс бус"Та өөрөө оюуны хүн үү эсвэл иррациональ хүн үү?

Оюуныг дээдлэнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэтэрхий оновчтой ч байж болно. Тэгээд л би найруулагчаас илүү багш байж магадгүй гээд байгаа учиртай. Би хэтэрхий зохион байгуулалттай, хэтэрхий аймхай, хэтэрхий дунд ангийнх. Би маш, маш их оновчтой хүн юм! Тэр нь нөгөө талаасаа эрүүл сэтгэлээг өгдөг. Гэхдээ хэтэрхий их эрүүл сэтгэлгээ уран бүтээл хийхэд халтай.

Та түрүүнд улс төр найруулагч хүнд сонирхолгүй гэсэн. Харин Дональд Трамп таны кинонд таарах баатар биш үү?

«Цуутан» гэсэн кинондоо би түүнийг оролцуулсан. Их дажгүй байсан гэж хэлье. Дональд Трамп энэ ерөнхийлөгчийн сонгуульд хэрэгтэй хурц байдлыг өгч байна гэж бодох юм. Наад зах нь олон хүн телевизээ асаагаад телевизийн халз мэтгэлцээн гэж юу байдгийг үзлээ шүү дээ. Түүнд ерөнхийлөгчийн суудал хэрэгтэй гэж бодохгүй байна. Харин болж буй үйл явдлыг түүний буянаар олон хүн сонирхох болсон юм. Би түүний тухай хоёр гурвын зэрэг шоглол бичиж чадна. Харин кино зохиол бичих нь юу л бол. Дээр хэлсэнчлэн, арав эсвэл хоёр жилийн дараа Дональд Трампын сонгуульд оролцсон кино хэнд ч сонирхолгүй болно. Тийм учраас энэ нь өнөөдрийн чухал сэдэв, жилийн дараа чухал чанараа алдана. Түүний тухай миний хийсэн кино мөн л өчигдрийн сонин шиг ямар ч сонирхолгүй болох юм.

 

цааш үзэх