Хайх

Big Bang хамтлагийн гишүүд одоо юу хийж байна вэ?

Аялан тoглолт, шинэ кино ба цэргийн алба

Text: Г.Тэмүүлэн


Big Bang хамтлагийн гишүүд одоо юу хийж байна вэ?
K-Pop хөгжмийг Ази төдийгүй дэлхийн тавцанд гаргасан Өмнөд Солонгосын алдарт Big Bang хамтлагийн гишүүд яг одоо ямар шинэ төсөл дээр ажиллаж байна вэ?

R&B, хип хоп, электро поп, trap урсгалаар уран бүтээлээ туурвидаг, өөрийн гэсэн онцлог дүр төрхтэй таван залуу саяхныг хүртэл Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийн гоц үзэгдэл болж, 10 гаруй жилийн хугацаанд "K-Pop хаад" хэмээн нэрлэгдэж байсан. Тэд бол зүгээр ч нэг хөвгүүдийн хамтлаг биш харин бүгд дор бүрээ ая зохиож, шүлэг бичиж, бие даасан хөгжмийн карьераа хэрэгжүүлж яваа амжилттай уран бүтээлчид юм. K-Pop урсгалын хамгийн том төлөөлөгчдийн нэг болох Big Bang хамтлагийн уран бүтээл зөвхөн хөгжмийн ертөнцөөр хязгаарлагддаггүй. Тэд загвар ба кино урлагийн салбарыг байлдан дагуулсаар байна. Хамтлагийн ахлагч G-Dragon дэлхийг тойрсон аялан тоглолт хийх болсныг бид саяхан мэдээллэсэн билээ. Тэгвэл тус хамтлагийн бусад гишүүд юу хийж байгааг хамтдаа сонирхоцгооё.

G-Dragon

Тус хамтлагийн хамгийн загварлаг гишүүн гэгддэг G-Dragon соло карьерынхаа турш "Heartbreaker" ба "Coup d'Etat" гэх хоёр цомог гаргасан байгаа. Тэрээр 2013 онд танилцуулсан "Coup d'Etat" цомогтоо Diplo, Мисси Эллиот, Скай Феррэйра зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, дэлхийн урлаг соёлын салбарт өөрийгөө таниулаад авсан. Түүний энэхүү хип хоп, dubstep, поп, электро өнгө аястай цомог 2014 оны World Music Awards шагнал гардуулах ёслолоос "дэлхийн шилдэг цомог" шагналыг хүртэж байсан юм.

Big Bang хамтлагийн гишүүд одоо юу хийж байна вэ? (фото 1)

G-Dragon хөгжмийн карьераас гадна өөрийн этгээд стиль, үс засалт, аль нэг хүйсэнд хамрагддаггүй этгээд хувцаслалтаараа загварын ертөнцөд шуугиан тарьж байна. G-Dragon Өмнөд Солонгосын Vogue, W, Hypebeast, Dazed and Confused зэрэг загварын томоохон сэтгүүлүүдийн нүүрэнд гарч, Парисын загварын долоо хоногт оролцож, италийн дизайнер Жузеппе Заноттитой хамтарсан гутлын цуглуулга гаргаж, Солонгос дахь Chanel брэндийн төлөөлөгчөөр тодорсон байгаа. Түүний загварын салбар дахь амжилтууд тоочоод баршгүй их юм. Нэг үгээр хэлбэр тэр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн супер од болсон. Мөн G-Dragon PEACEMINUSONE нэртэй өөрийн гэсэн хувцасны брэнд хөгжүүлж байгаа. Эцэст нь тэрээр ирэх зургаадугаар сараас эхлэн дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийх гэж байна.

Big Bang хамтлагийн гишүүд одоо юу хийж байна вэ? (фото 2)

T.O.P.

Рэпер, ая зохиогч, жүжигчин T.O.P. Big Bang хамтлагийн уран бүтээлчээс гадна чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан. Тэрээр "Iris", "Comittment" зэрэг хэд, хэдэн Өмнөд Солонгосын кино бүтээлд тоглосон бөгөөд хамгийн сүүлд Сесилия Чантай хамт герман, хятад уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "Out of Control" нэртэй триллер киноны гол дүрийг бүтээсэн байгаа. Гэхдээ T.O.P. энэ оны хоёрдугаар сараас эхлэн цэргийн алба хаах зорилгоор шоу бизнесийг түр хугацаанд орхиод байна. Түүний цэргийн алба хаших хугацаа 2018 оны арваннэгдүгээр сард дуусна.

Big Bang хамтлагийн гишүүд одоо юу хийж байна вэ? (фото 3)

 

Тэян

Big Bang хамтлагийн бас нэгэн амжилттай соло карьертай гишүүн бол Тэян юм. Тэрээр 2008 оноос эхлэн бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд "Rise" (2014) нэртэй цомгоороо Billboard World Albums Chart-ыг тэргүүлж, Billboard 200 жагсаалтад 112-р байранд жагсаж, америкийн хөгжмийн зах зээлд асар өндөр амжилт үзүүлж байсан юм. Түүгээр ч барахгүй Billboard сэтгүүл түүнийг "Маш ховор K-Pop, R&B од" хэмээн тодорхойлсон байдаг. Одоогийн байдлаар Тэян гурав дах цомог дээрээ ажиллаж байгааг түүний харьяалагддаг YG Entertainment албан ёсоор мэдэгдсэн. Тэян мөн ирэх долоодугаар сарын 8-9 хооронд Япон улсад бие даасан тоглолтоо хийх болно.

Big Bang хамтлагийн гишүүд одоо юу хийж байна вэ? (фото 4)

 

Дэсон

Big Bang хамтлагийн дуучин Дэсон нь дуулахаас гадна, ая зохиох, жүжиглэх, телевизийн хөтлөгч хийх гээд олон талын авьяастай нэгэн. Тэрээр мөн алдарт "Cats" мюзиклд хүртэл дүр бүтээгээд амжсан байдаг. Big Bang хамтлагийн гишүүдээс Япон улсад хамгийн алдартай нь Дэсон юм. Тэрээр Япон хэл дээр "D'scover", "D'slove" гэх хоёр цомог гаргаснаар ийнхүү олонд танигдсан юм. Одоогийн байдлаар Дэсон 2017 онд Япон улсад "D-lite Japan Dome Tour 2017" нэртэй аялан тоглолт хийхээр төлөвлөөд байна.

Big Bang хамтлагийн гишүүд одоо юу хийж байна вэ? (фото 5)

Сүнри

Big Bang хамтлагийн хамгийн залуу гишүүн Сүнри мөн л Япон ба Хятадын хөгжмийн зах зээлд бие даасан уран бүтээлээ туурвидаг. Сүнри 2013 онд "Let's Talk About Love" гэдэг богино хэмжээний цомгоо Японд танилцуулж, багагүй амжилт олсон. Мөн тэрээр өнгөрсөн жил хятадын "Girls Fighting!" телевизийн шоуны шүүгчээр ажиллаж, Японы "High & Low: The Movie" кинонд тоглож үзсэн байгаа. Харин энэ жил Сүнри анх удаа"Bonjour L'amour" нэртэй хятад кинонд тоглоно. Хэдийгээр уг киноны нээлтийн хугацаа одоогоор тодорхойгүй байгаа ч, зураг авалт нь өнгөрсөн оны наймдугаар сард эхэлсэн байна. Сунригийн шүтэн бишрэгчид тэвчээртэй хүлээгээрэй!

Big Bang хамтлагийн гишүүд одоо юу хийж байна вэ? (фото 6)


цааш үзэх