Хайх

Magnolian-ы  шинэ цомгийн, эхний видео клип гарлаа

Magnolian-ы шинэ цомгийн, эхний видео клип гарлаа

Та анхны үзэгч нь

Text: Ж.Чинбат


Magnolian буюу дуучин, дуу зохиогч Б.Дөлгөөн анхны "Famous men" EP цомгоо ирэх зургаадугаар сарын 25-нд гаргана. Тэрээр цомгийнхоо нээлт болох "The dream of ridiculous man" дууныхаа видео клипийг та бүхэнд Бюро 24/7-гийн хуудсаар дамжуулан хүргэж байна

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр болон гарч ирж буй Magnolian-ы тухай танилцуулсан ярилцлага өнгөрсөн  аравдугаар сард Бюро 24/7-гийн хуудаснаа гарсан билээ. Тэгвэл одоо бид түүний шинэхэн "Famous men" нэртэй EP цомогт багтсан дуунуудын тухай, анхны синглийн видео клип хэрхэн бүтсэн тухай товч танилцуулгыг та бүхэнд хүргэж байна.

Magnolian-ы  шинэ цомгийн, эхний видео клип гарлаа (фото 1)

"Famous men" цомог нь нийт зургаан дуунаас бүрджээ. Цомгийн продюсерээр Т.Мөнх-Оргил ажиллаж, бөмбөрийг The Lemons-ын М.Өнөрбаяр, бүрээг Хонгороо, басс гитарыг Мартин зэрэг хөгжимчид тогложээ. "Цомог ерөнхийдөө орчин үеийн хотод амьдардаг хүнд зориулагдсан ч юм шиг, тэгсэн хэрнээ бас хүүхдийн үлгэрийн номон дотор явж байгаа ч юм шиг уур амьсгалтай болсон" гэж Magnolian ярьж байна. Харин анхны дууг сонсоод үзэхэд энэ цомог бүхэлдээ "уламжлалт" монгол хөгжмөөс ондоо, өөрийнхөөрөө туурвисан шинэлэг өнгө аястай болсон мэт санагдлаа.

Энэхүү шинэ гарч буй   "The dream of ridiculous man"  дуу гэхэд л цас, бороотой өдрийн сэтгэгдэл төрүүлэм, Том Фордын найруулсан  "A single man" киноны утга, уур амьсгалыг ч илэрхийлэм дуу болжээ. Товчхондоо бол түүний цомогт орсон дуунууд ямар нэгэн зохиол мэт өөрийн гэсэн төрсөн түүхтэй. Бас амьдралын баясгалантай өдрүүдээс эхлээд амиа хорлох тухай бодол эргэцүүллийг хүртэл багтаасан зургаан төрлийн өөр өнгө, төрхтэй болон гарчээ. 

The Dream of ridiculous man

"I'm going to sleep for the last time" гэж дууны шүлэг эхлэнэ. Анх энэ дууны барилтыг гитар дээр тоглож олоход л энэ үг өөрөө Б.Дөлгөөний аманд аялагджээ. Гэвч дууны нэрэнд "Sleep" гэх үг тохиромжгүй байсан тул  Magnolian дуундаа Ф.М.Достоевскийн "The dream of ridiculous man" өгүүллэгийн нэрийг өгчээ. 

Тэр өгүүллэгт нэгэн залуу амиа егүүтгэх талаар бодсон ч гэртээ хариад зориглож чадалгүй унтаж орхидог. Дараа нь тэр зүүдэлж, сэрэхдээ өөр хүн болсон байдаг. Мэдээж Б.Дөлгөөн өөрөө ийм зүйл бодоогүй бөгөөд өгүүлгийн утга санаа, дууны дотоод ертөнцтэй төстэй байжээ. 

Дууны клипийг бүтээсэн С.Шүрээ нь өмнө нь "Алтан хальс" андерграунд кино наадамд хоёр удаа орсон бөгөөд Magnolian-д тэдгээр бүтээлүүд нь их таалагдсан тул өөрийнхөө дуун дээр хамтарч ажиллах санал тавьжээ.

 The Beach song

Magnolian-ы шинэ цомог, дуу тэр чигээрээ ийм "гунигийн танхимд" дуурсах этгээд дуунууд биш гэдгийг The Beach song бүтээл илтгэнэ. Энэ дууг сонсоход л далайн эрэг дээр очсон юм шиг сэтгэгдэл төрдөг учраас тэр дуундаа The beach song гэх нэр өгчээ. Magnolian-тай өмнө нь Someday дууг хамт дуулсан Б.Энхжин мөн энэ дуун дээр ажиллажээ.  

Banquet

Magnolian-ы зохиосон дуунууд дотроос Banquet буюу "Өвөлжөө" гэх дуу нь түүний монгол хэл дээр бичсэн анхны дуу нь болсон байна. 

Etiquette

Ердөө гурван цагийн дотор зохиогдсон энэхүү дуу нь албан ёсоор хуульчилж, батлаагүй ч амьдралд хаа сайгүй мөрдөгддөг "ёс зүй" гэх үгээр нэрлэгджээ. Кино театрт утсаар ярьдаггүй, хөгжмийн бүтэн цомгоос ганц, хоёр дууг л цохож сонсох "хэрэггүй" шиг та бас түүний EP цомгийг гарах үед эхнээс нь дуустал нь сонсоорой. Тэгж гэмээн Magnolian эдгээр дуугаараа юу хэлэх гэсэн, ямар уур амьсгал төрүүлэх гэснийг бүрэн мэдэх болно. 

Famous men

Цомгийн нэр болсон энэхүү дуу нь Magnolian-д өөрт нь хамгийн их таалагдсан уран бүтээл нь болжээ. Учир нь дэндүү ганган биш, дэндүү уйтгартай биш дуу болж чадсан гэнэ. Хүмүүс нэг бол хэт поп, нэг бол хүмүүст таалагдах албагүй гээд энгийн дуу хийчихдэг. "Энэ дуу тэр тэнцвэрийг хамгийн гоё олсон" гэж тэрээр хэлж байна. Дуу эхлээд тайван өнгө аятай эхлэх боловч явах тусам хэмнэлтэй болно. 

The Bride & the Bachelor

Дуучин Ч.Цэлмүүнтэй хамтарч дуулсан энэ дууг Magnolian анх хоёр жилийн өмнө зохиосон байжээ. Хожим нь эргээд сонсоход дажгүй санагдсан тул дахин найруулж, тоглоод, бараг 15 минутын дараа энэ хувилбар төрсөн байна. 

 

цааш үзэх