Хайх

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Монголын хип хоп уран бүтээлчдийн шинэ давалгаа

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Монголын хип хоп уран бүтээлчдийн шинэ давалгаа

Яг одоо анхаарлаа хандуулах хэрэгтэй уран бүтээлчид

Text: Г.Тэмүүлэн


Бид энэ удаагийн “Хөгжмийн ертөнцөд шинэ нэр” буландаа Монголын хөгжмийн ертөнцөд төрөн гарсан хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвидаг залуу уран бүтээлчдийг онцлохоор шийдлээ

Сүүлийн үед Монголын хөгжмийн ертөнцөд шинэлэг, ямар нэгэн урсгал жанрт хайрцаглагдаагүй, огт өөр хэмнэлтэй уран бүтээлүүд ар, араасаа цувран гарч, залуухан, чадварлаг хип хоп уран бүтээлчдийн цоо шинэ давалгаа үүсээд байгаа нь бидний анхаарлыг татлаа. Нэгэн хэвийн дуунууд, байдаг л нэг уран бүтээлчдээс залхсан хүмүүсийн хувьд тэдний дуунууд жинхэнэ уран бүтээлийн цангааг нь тайлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч энэ жил Playtime амьд хөгжмийн наадмын тайзнаа маш олон хип хоп уран бүтээлчид тоглох болсон нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. 

Inda Divonne

Өвөрмөц хээ, сонирхолтой материалуудыг хослуулан гудамжны стильтэй хувцаснууд урлан олон улсад танигдаж, Vogue сэтгүүлд хүртэл нэрээ дурдуулаад амжсан House of Od брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Н.Одмөнх энэ удаад хөгжмийн ертөнцийг ч байлдан дагуулахаар шийдсэн бололтой. Түүний саяхан танилцуулсан "Дууг минь", "Butterfly Language" гэх хоёр шинэ дуу нь cloud rap жанрын гэж хэлж болохоор уянгалаг, өвөрмөц дуугаралттай маш сонирхолтой бүтээлүүд болсон байна.

FLA

Loichihson crew-ийн гишүүн, trap урсгалаар уран бүтээлээ туурвидаг рэппер FLA өөрийн гэсэн өвөрмөц хэмнэл, хурц үгийн сонголтоороо хип хоп хөгжмийн ертөнцөд шуугиан тариад байгаа юм.

Punk and Rap

Анх 2008 онд бүжгийн хамтлагаар үүсгэн байгуулагдсан Punk and Rap хамтлагийн гишүүд 2012 онд "Шөнө дундын яриа" гэх кинонд дүр бүтээж, тус киноны дууг дуулснаар хөгжмийн ертөнцөд анх хөл тавьж байжээ. Үүнээс хойш тэд "Од Хооронд", "06:00 AM" гэх зэрэг хит дуунуудаараа мөн маш шинэлэг видео клипүүдээрээ биднийг өөрийн эрхгүй татаж байгаа билээ.

Roockie

Энэ жагсаалтанд байгаа хамгийн залуу рэппер хэдий ч тэрээр сүүлийн үед маш эрчимтэй уран бүтээл хийж байгаа. Түүний "Хип хоп охин", "Pretty Boy Swag" зэрэг гэгээлэг уур амьсгалтай дуунууд нь цахим ертөнцөд маш их хандалт авсан бөгөөд тэрээр энэ хугацаанд аль хэдийнэ өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болоод амжжээ.

Ata Borgujin

Монгол хөөмийн урлагийг орчин үеийн хөгжмийн элементүүдтэй хослуулсан дахин давтагдашгүй уран бүтээл хийдэг авьяаслаг уран бүтээлч, продюсер Ata Borgujin Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ хэв маягийг нэвтрүүлж байгаа юм. Тэрээр үндэсний хөгжмийг орчин үед хэрхэн хөгжүүлж болохыг өөрийн жишээгээр бидэнд харуулж байна.

Wolfizm

Монголын хип хоп хөгжмийн ертөнцөд төрөн гарсан бас нэгэн сонирхолтой уран бүтээлч бол Wolfizm юм. Хип хоп, trap урсгалаар уран бүтээл хийдэг тэрээр өнгөрсөн жил "Нисдэг чоно" гэх асар амжилттай анхны бие даасан цомгоо танилцуулсан байдаг.

цааш үзэх