Хайх

Playtime Plus: Комеди үзэж, \"Quiz Night\" тэмцээнд оролцож, \"Чимээгүй үдэшлэг\" мэдрэх боломж

Playtime Plus: Комеди үзэж, "Quiz Night" тэмцээнд оролцож, "Чимээгүй үдэшлэг" мэдрэх боломж

Playtime 2019 наадмын үндсэн хөтөлбөрөөс гадна юу хийх вэ?

Text: Бюро 24/7


Зуны хамгийн том урлагийн арга хэмжээ болох Playtime олон улсын амьд хөгжмийн наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Уламжлал ёсоор гурван хоногийн турш Гачуурт тосгонд зохион байгуулагддаг уг наадамд энэ жил ойролцоогоор 30,000 хүн цугларах болно. Хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг фестивальд хүрэлцэн ирснээр бидэнд амьд хөгжмийн гайхамшгийг мэдрэхийн зэрэгцээ өөр олон сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцох боломж бүрдэж байна. Энэ жил Playtime наадмын зохион байгуулагчид "La Vie En Rose", "Waldo" ба Lendmn асарт гурван хоногийн турш маш олон сонирхолтой арга хэмжээ, хөтөлбөрүүдийг бидэнд зориулан бэлджээ.

Дахин сануулахад Playtime 2019 олон улсын амьд хөгжмийн наадам долоодугаар сарын 5-7 хооронд, нийт гурав хоногийн турш зохион байгуулагдана.

"La Vie En Rose" асар

Энэ жил тус асар "Өөрчлөлтийн төлөө бүтээлч яриа" сэдэв дор зохион байгуулагдана. Ингэснээр Playtime наадам нь зөвхөн шилдэг уран бүтээлчдийн амьд тоглолтыг танилцуулаад зогсохгүй бүтээлч залуусыг дэмжиж, аялал жуулчлал, ногоон амьдралын хэв маягийг хөгжүүлж, улсынхаа ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Хөтөлбөрийн дагуу "La Vie En Rose" асарт "Ногоон амьдралын хэв маяг", "Бүтээлч Сэтгэлгээ ба Инноваци", "Монголын ирээдүйн хөгжлийн дүр зураг" гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болно. Мөн үүнээс гадна хэд, хэдэн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Жишээ нь UB Comedy ба Comedy Lab клубийн хамтарсан үзүүлбэр, Fat Cat Jazz Club-ын жазз хөгжмийн тоглолт, йогийн хичээл, асуулт хариултын "Quiz Night" уралдаан гээд маш олон сонирхолтой хөтөлбөрүүд биднийг хүлээж байгаа тул уйдах цаг гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Waldo асар

Энэ удаад Waldo асар "Тайвшралын хөндий" сэдвийн дор үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл Waldo асар нь чимээ шуугианаас түр холдож, анир чимээгүй уур амьсгалд автаж, амарч, алжаалаа тайлах  "тайвшралын арал" байх болно. Сэдвийн хүрээнд Ulaanbaatar Passport-оос зохион байгуулдаг бидэнд хэдийнэ танил болсон "Чимээгүй үдэшлэг" (Silent Party) чихэвчтэй үдэшлэг, түргэн болзоо (Speed Dating), илбийн үзүүлбэр, Sofar Sounds амьд хөгжмийн цуврал тоглолтууд гээд Playtime-ын зүгээс олон гайхалтай хөтөлбөрүүдийг Waldo асарт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Lendmn Loves Music асар

Paytime наадмын стратегийн түншээр ажиллаж буй Lendmn санхүүгийн байгууллагын хамт олон Lendmn Loves Music нэртэй асар засах болно. Тэдний асарт хүрэлцэн ирснээр бид маш олон авьяаслаг DJ нарын гайхалтай сетийг сонсож, домогт Camerton хамтлагийн тоглолтыг үзэж, пянз цуглуулагчидтай уулзалт хийж, ер нь л цагийг зугаатай өнгөрөөх болно.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх