Хайх

Бид энэ жил ямар, ямар балет, дуурь үзэх вэ?

Бид энэ жил ямар, ямар балет, дуурь үзэх вэ?

Театрын шинэ улирал эхэллээ

Text: Ж.Чинбат


Балет, дуурийн урлагт дуртай, Хунт нуур, Травита, Жизелийн тоглолтыг алгасахгүй үзэхийг хүсдэг олон хүн Бюро 24/7-гийн уншигч байдаг билээ. Тиймээс бид энэ жилийн ямар, ямар тоглолт хэзээ тавигдах гэж байгааг та бүхэнд хүргэж байна

Монгол Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын шинэ улирлын хуваарь гарсан байна. Энэ жилийн шинэ улирлын анхны тоглолт аравдугаар сарын 7, 8-нд Ж.Вердигийн "Аида" дууриар эхлэх бол аравдугаар сарын 14, 15-нд П.И.Чайковскийн "Хунт нуур" балет тоглогдох юм байна. Өнгөрсөн жил ДБЭТ-ын хамт олон нэг долоо хоногт буюу бямба, ням гарагт дуурь, балет хоёрыг сөөлжлөн тоглож байсан юм. Тэгвэл энэ жил долоо хоногийн амралтын өдрүүдэд зөвхөн нэг л тоглолт давтан тавигдах болжээ. Хэдийгээр балетын тоглолт хоёр өдөр дарааллан тавигдах болсон ч эдгээр өдрүүдэд өөр, өөр балетын гоцлоочид бүжиглэх тул хоорондоо тэс өөр ялгаатай байх биз ээ. Тиймээс та энэхүү хуваарийг тэмдэглэн авч, ирж буй өвөл-хаврын улиралд амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрүүлээрэй.

Энэ 2017-2018 оны театрын жилд өмнө нь театрын тайзнаа тавигдаж байгаагүй шинэ бүтээл багтаагүй байна. Тэгэхдээ аравдугаар сарын 28, 29-нд тоглогдох Ж.Россинигийн "Севилийн үсчин" дуурийг шинэчилсэн найруулгаар тавихаар болжээ. Мөн өнгөрсөн тавдугаар сард анх тайзнаа тавигдсан "Дэггүй Лиз" (Ф.Херольд) балет энэ жил арваннэгдүгээр сарын 11, 12-нд тоглогдоно.

Хэрэв та нэг тоглолтоор олон өөр балет үзэхийг хүсч байвал "Балетын гала тоглолт"-ыг зорьж болно. Энэхүү тоглолт арваннэгдүгээр сарын 19, арванхоёрдугаар сарын 16-нд хоёр удаа тайзнаа тавигдана. Мөн энэ жил хамгийн олон буюу долоон удаа тоглогдох бүтээлээр "Хунт нуур" тодорсон бөгөөд тус балетын гол дүрд балетын гоцлооч О.Анужин, Б.Саруул нар тоглох юм.

Дуурийн тоглолтууд:

Ж.Верди Аида Хэзээ: 2017.10.7, 10.8

Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой"  Хэзээ: 2017.10.21

Ж.Россини "Севилийн үсчин" Хэзээ: 2017.10.28, 29, 2018.01.07

Ж.Пуччини "Тоска" 2017.11.05

Ц.Нацагдорж "Гүн гэрийн гүнж" 2017.11.25, 26

Ж.Верди "Травита" 2017.12.09, 10, 2018.4.18

Бид энэ жил ямар, ямар балет, дуурь үзэх вэ? (фото 1)

Балетын тоглолтууд

П.И.Чайковский "Хунт нуур"

2017.10.14, 10.15, 12.17, 2018.01.13, 01.14, 04.15, 05.13

Ж.Чулуун "Уран хас" 2017.10.22

Ф.Херольд "Дэггүй Лиз" 2017.11.11, 12

Балетын гала тоглолт 2017.11.18, 12.16

А.Адан "Жизель" 2017.12.2, 12.3

П.И.Чайковский "Щелкунчик" 2017.12.22, 12.23, 12.24, 12.25

А.Хачатурян "Спартак" 2018.01.27, 01.28

цааш үзэх