Хайх

Эмилия Кларк \"Fifty Shades of Grey\" киноны гол дүрээс яагаад татгалзсан бэ?

Эмилия Кларк "Fifty Shades of Grey" киноны гол дүрээс яагаад татгалзсан бэ?

Дакота Жонсоны оронд Эмилия Кларкыг харах боломжтой байжээ

Text: Buro.Mongolia


"Game of Thrones" цувралд Дейенерис Таргариены дүрийг бүтээсэн Их Британийн жүжигчин Эмилия Кларк зохиолч Э.Л. Жеймсийн эротик номоос сэдэвлэсэн "Fifty Shades of Grey" киноны гол дүрд тоглох боломжтой байжээ. Тодруулбал хэдэн жилийн өмнө жүжигчин бүсгүйд Анастейша Стилийн дүрд тоглох санал ирж байсан ч тэрээр зөвхөн нэг төрлийн дүр бүтээдэг жүжигчин байхыг хүсээгүй учраас татгалзсан гэдгээ The Hollywood Reporter сэтгүүлийн дугуй ширээний ярилцлагын үеэр хуваалцсан байна.

Тэрээр "Fifty Shades of Grey" киноны найруулагч Сэм Тэйлор-Жонсоныг "шидтэн", "гайхалтай төсөөлөлтэй" хэмээн магтсан ч кинонд хэт их нүцгэлэх шаардлагатай хэсгүүд байсан тул төслөөс татгалзахаар шийдсэн хэмээн хэлжээ. "Хэдийгээр би маш дээр үед камерын өмнө нүцгэлсэн (Game of Thrones) боловч одоо хүртэл хүмүүс үүнийг надаас асуусаар байдаг нь үнэхээр залхмаар бас яршигтай санагддаг. Яагаад гэвэл би үүнийг дүрээ илүү сайн нээж өгөхийн тулд хийсэн болохоос зурагтын өмнө суугаа ямар нэгэн залууд зориулж хийгээгүй" хэмээн Эмилия Кларк ярьжээ.

Мөн тэрээр "Би өмнө нь маш бага хэмжээгээр нүцгэлсэн ч хүмүүс надад аль хэдийнэ "шошго наачихсан". Гэтэл энэ кино бүхэлдээ мэдрэмж, хүсэл, сексийн талаар өгүүлдэг тул дэлгэцийн өмнө ихэнхдээ хувцасгүй байх шаардлага гарна. Би сайн дураараа дахин ийм нөхцөл байдалд орж, дараа нь хэн нэгний нүд рүү хараад 'Үгүй ээ, чи надаас энэ асуултаа дахиж хэзээ ч битгий асуу' гэж хэлэх боломжоо алдахыг хүсээгүй" гэж хуваалцжээ.

Эцсийн үр дүнд "Fifty Shades of Grey" кинонд Кристиан Грейн дурлалт бүсгүй Анастейша Стилийн дүр жүжигчин Дакота Жонсонд оногдсон билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх