Хайх

Каннын кино наадамд өрсөлдөх уран бүтээлүүд тодорлоо

70 дах удаагийн

Text: Buro.Mongolia


Зураг:

Каннын кино наадамд өрсөлдөх уран бүтээлүүд тодорлоо
Каннын 70 дах удаагийн кино наадамд 29 орны 49 уран бүтээл оролцоно

Хэдэн цагийн өмнө Парис хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Каннын кино наадмын захирал Тьерри Фремо наадмын хөтөлбөрийг зарлалаа. Тэрбээр энэ жил Каннын кино наадамд 29 орны 49 уран бүтээл оролцох бөгөөд үүнээс 12 киног нь эмэгтэй найруулагчид хийсэн гэж мэдэгджээ.

Кино наадмын үндсэн шагналд Фатих Акины "Aus dem Nichts", Франсуа Озоны "L'amant double", Лина Рэмсигийн "You Were Never Really Here", Андрей Звягинцевын "Нелюбовь", Сергей Лозницагийн "Кроткая", Йоргос Лантимосын "The Killing of a Sacred Deer", Хонг Сан-Сугийн "Geu Hu", Михаэль Ханекегийн "Happy End", Мишель Хазанавичусын "Le Redoutable", Тодд Хейнсын "Wonderstruck", София Копполагийн "The Beguiled", Пон Жон Хогийн "Okja", Корнель Мундруцогийн "Jupiter's Moon", Робин Кампийогийн "120 Battements Par Minute", Наоми Кавасегийн "Hikari", Бен ба Жошуа Сэфди нарын "Good Time" зэрэг бүтээлүүд өрсөлдөж байна.

Хүмүүсийн таамаглаж байсанчлан найруулагч Дэвид Линчийн "Twin Peaks" цувралын шинэ улирлын эхний хоёр ангийг уралдаанаас гадуур үзүүлэхээр болжээ. Түүнчлэн наадмын хүрээнд Аньес Вардын "Visages, Vilages", Жон Камерон Митчеллын "How to Talk to Girls at Parties", Такаши Мийкегийн "Mugen No Junin" зэрэг бүтээлүүдийг танилцуулна.

Энэ жилийн Каннын кино наадамд жүжигчин Николь Кидманы тоглосон дөрвөн бүтээл оролцож байна. Тэрээр "The Beguiled", "The Killing of a Sacred Deer", "How to Talk to Girls at Parties" болон "Top of the Lake" цувралын хоёрдугаар улиралд дүр бүтээжээ.

Каннын 70 дах удаагийн олон улсын кино наадам 2017 оны тавдугаар сарын 17-28 хүртэл зохиогдоно. Кино наадмыг Арно Деплешений "Ismael's Ghost" кино нээх бол испанийн найруулагч Педро Альмодовар шүүгчдийн багийг ахалж, жүжигчин Моника Беллуччи арга хэмжээний хөтлөгчөөр ажиллах болно.

цааш үзэх